Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

МАН /МАХН/ нэртэй байсан өмнөх их хурлаар нь Ц.Элбэгдорж,

-Тэнд 850 авлигачид хуралдаж байна гэсэн нь хуралдаан доголдоход хүргэж байв. 90 гаруй жилийн хугацаанд зөвхөн зөвтгөлөөр, бусдыг буруутнаар чичилж ирсэн энэ бүлэглэл тухайн үед тэр үгийг машид эмзгээр хүлээн авсан. Харин энэ удаад энэ нам авлигад автсан гэдгийг намын дарга Ө.Энхтүвшин тавьсан илтгэлээрээ хүлээн зөвшөөрөв. МАН гол бодлого ялзарч, зөвхөн зэрлэг өвс л ургахаар хөрс, шороо бүрджээ гэдгийг тэр хэллээ. Жирийн гишүүдэд батлах, сонгуулиар намаа дугуйлах төдийхөн эрх үүрэг оногдож, удирдлагад нь буй 200 гаруйхан хүний хүрээнд бүхий л эрх дарх эргэлддэг болсныг тэрээр хэлж байна. Энэ үгийг сонссон мөнөөх “200”-гийн царай барайж буй бол заал халуун алга ташилтаар хүлээн авч байна. Ө.Энхтүвшин “Дээрх алдаа, гажуудал нь намын ажилтнууд, залуу гишүүдийн зан үйл, ёс суртахуунд ноцтой нөлөө үзүүлж нэлээд хэсэг нь өөрийгээ хөгжүүлэх гэж  бодохын оронд хэн нэгэн нөлөө бүхий хүчтэй лидерийн ивээл дор багтаж бэхжиж авах гэж зүтгэдэг болжээ” гэдгийг удирдлагуудаа хойгуураа суулгаж байгаад пал хийтэл хэллээ. Мэдээж түүний өмнөөс алга ташилт, араас нь хорслын хүйтэн харц “чичилнэ”.

Түүний “Зарим албан тушаалтан авлига, хээл хахууль зэрэг шударга бус янз бүрийн асуудалд тухайлбал, авлигад нэр нь байнга холбогдоод төрийн болоод намын нэр хүндийг унагаад байхад юу ч болоогүй мэт, ямар ч арга хэмжээ авахгүй явж ирсэн… Нам гишүүдээ дэмжиж, ёс бус аливаа дайралтаас хамгаалах нь зүйн хэрэг. Гэвч хувийн эрх ашгийг нийтийнхээс дээгүүр тавьдаг, шударга бус хүмүүсийнхээ толгойг илж “шүүх л гэм буруутайг нь  тогтоогоогүй бол …” гэж хаацайлдаг арга барилаасаа татгалзах цаг болжээ” гэсэн үг Ё.Отгонбаяраас эхлээд авлигын хэрэгт холбогдсон Засаг дарга нар, хуучин хотын удирдлагууд, УИХ-ын сонгууль болгоноор шахуу мөнгө тараасан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гээд олон олон хүнд хаяглагдав. Намын жирийн гишүүдийн дунд явуулсан “Сонгуульд ялагдсан нь юутай холбоотой вэ” гэж асуулгын хариулт ч үүнд л чиглэж.

Тэдний худал, хуурмаг луйврыг хамгаалах нь утгагүй явдал гэж тэр үзэж байна. “Намын буянаар сонгогдож, томилогдсон хариуцлагатнууд ч алдаа хийсэн бол түүнээ шударгаар хүлээж, шаардлагатай бол, бүр огцрох, чөлөөлөгдөх хүсэлтээ хэн нэгнээр шахуулж шаардуулалгүй гаргаж сурах” хэрэгтэйг Ө.Энхтүвшин зөвлөлөө.

МАН-д авлигын тор ямар бат бэх сүлжсэнийг “Авлигын эсрэг Ардын нам” гэсэн бие даасан хөтөлбөр гаргах санаачилга харуулж байна. “Хулгайч хулгайчийг бариарай” гэж орилдог шиг мөнөөх 200 үүнийг дэмжих нь юу л бол… Харин удирдлагаа, бага хурлын гишүүдээ бүхлээр нь шинэчилсэн үед бол өөр асуудал. Биелэгдэх магадлалтай. Цоллуулаад байгаа хүмүүс нь суудалдаа байсан нөхцөлд яшиг л байна.

Гэтэл шинэчлэл яриад байсан хүмүүс бялдуучилсан, их хурлын төлөөлөгчдөд тал зассан байдалтай нялуун үгсийг индэр дээрээ харамгүй илгээх тэр санаачилга холоо хэвтэх болж байна. Энэ тохиолдолд яг л албан тушаалын төлөөх өмнөх хурлуудын нэгэн адилаар “баярын хурал” болгохыг зорьж, болж ч байна. 92 жилийн түүхтэй энэ нам одоо хэр нь төлөвшөөгүй, үзэл баримтлалын хувьд ч тогтоогүй байгааг намын даргын үгнээс нь харж болно. Ийм байхад энэ намын эгэл гишүүд чухам юуны учраас элсч байна вэ гэдэг нь ч бүрхэг. МАН энэ хугацаанд хамгийн олон дэмжигчтэй байсан шалтгаан нь үзэл баримтлал, нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж буй бодлого гэхээсээ илүүтэй эртнээс уламжлагдан ирсэн доод хүмүүсээ хаяхгүйгээр өөд нь татах явдал. Эцэстээ энэ байдал нь 200-хан хүний гарт орж, тэднийг долоогчид л дээшээ ахих бололцоотой болж, нам бүхэлдээ ялзарчээ.

Энэ бүхнийг Ө.Энхтүвшин ярьж байгаа ч бусад удирдлага болон удирдлагад санаархагчид нь явах хүнээр ачаа бүү татуул гэсэн өнцгөөс хандаж байна. Үе үеийн МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгчид карьер нь дуусахаас өмнө Ө.Энхтүвшиний нэгэн адилаар үүнийг чухалчилж байсан ч үл ойшоосоор иржээ.

Нэгэнт шинэчлэл хийх сонирхол аль алинд нь байхгүй хойно МАН ингэтлээ уналтад орсон шалтгийг тэд гаргаж ирж байна. МАН ийм байдалд хүрснийг өнөөгийн эрх баригчид, салан тусгаарласан МАХН-д бүхнийг нялзааж сууна.

Өөрсдийг нь эрх барьж байх ахуйд эдийн засгийн өсөлт 20 хувьтай гарсан ч өсөлт иргэдэд мэдрэгдээгүйн буруутныг Ардчилсан намаар тодруулав. Хэдийгээр өмнөх жилийнхээс өрхийн орлого өссөн ч цалин, тэтгэвэр, тэтгэмж огтоос нэмэгдээгүй гэхчилэн энэ намын хурал өөрсдийн толгой дээрх тэмээг харахад бус бусдын толгой дээрх өвсийг өгүүлэхэд чиглэжээ.

Энэ намыг 70 жил чиглүүлэн тархийг нь угааж, монголчуудын бие даан, тусгаар тогтнохын эсрэг бодлого баримталж ирсэн Нэгдсэн Орос намынхан баярын бичиг явуулсан талаар алга ташин тэд хурлаа үргэлжлүүлж байна. Өөр олон улсын “коммунистууд” баяр хүргэж, амжилт хүссэнийг бахдал цогтойгоор Ж.Мөнхбат хэлнэ.

Нөгөө л М.Горький, К.Марксийн үзлээ ярьсан хэвээрээ буй ахуйд тэдэнд найдлага тавихад бэрх. МАН-ын түүхэн гэх тодотголтой эл хурал суудлын төлөөх бүлэглэлийн тэмцэл болохоос энгийн гишүүдийн хүлээсэн шинэчлэл байсангүй. Тиймээс намын болохгүй бүтэхгүйг ярилгүйгээр хаалттай горимд шилжлээ. Хэзээнээс хайрцагласан сонгуулиараа Энхболдуудынхаа аль нэгнийг нь даргаа болгоод нутаг нутгийн зүг мордоно. Харин бялуунаас хүртээгүй үлдэгсэд хэвлэлийн бага хурал хийж, сонгогдсон удирдлагаа шүүмжлэхийг л хүлээж суух үлдэж.

Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж