Үйлдвэрүүд хямдралаар бэлэг барьж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

Үйлдвэрүүд хямдралаар бэлэг барьж байна

Нийслэлийн ой гэдэг бол нийт нийслэлчүүдийн баяр байдаг. Тиймээс нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан үндэсний үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүний үнээ хямдруулан нийслэлийнхэндээ бэлэг барьж байна. Өчигдөр Чингисийн талбайд Сүхбаатар дүүргийн үйлвэрлэгчид, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урлалаар гаршсан хүмүүс хотынхондоо бэлэг барьсан. Тэгвэл “Монгол брэндийг Монголдоо” гэсэн уриатай ажилладаг “Exclusive” үйлдвэрийнхэн хавар намар, өвлийн хувцсандаа хямдрал зарлажээ. Хэдийгээр эдийн засаг хямралтай байгаа ч хямралыг дагаж үнэ ханшаа өсгөх бус хямралыг хямдралаар даван туулах сэтгэл, зүрх зориг үндэсний үйлдвэрлэгч нарт байх ёстой гэсэн байр суурийг тус үйлдвэрийнхэн барьж буй юм. “Exclusive” брэндийн дэлгүүр Улсын их дэлгүүрийн нэгдүгээр давхрын баруун жигүүрт байрладаг бөгөөд тус дэлгүүрийн бүх бараа 50 хувиар хямдарчээ. Худалдан авагчид ч зунд нь өвлийн хувцас, өвөлд нь зуны хувцас хямдардаг байтал өвөл айсуй энэ цаг үед өвлийн хувцсаа тал үнээр худалдан авч байгаадаа талархаж байлаа. Тус үйлдвэр ҮХАА-наас олгосон Чингис бондын мөнгөөрөө үйлдвэрлэсэн хувцсаа хэрэглэгчдэдээ хямдаар хүргэж байгаагаа тодотгосноос үзвэл үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө өгөөжөө өгч эхэлжээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж