Ө.Энхтүвшин ямар илтгэл тавих вэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.26-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин ямар илтгэл тавих вэ?

МАН-ын 27-р их хурлыг угтсан намын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордноо хаалттайгаар үргэлжилж байна. Өнөөдрийн бага хурлаар хоёр үндсэн асуудал хэлэлцэхээр тогтсон бөгөөд МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн маргааш болох Их хуралд тавих илтгэлийн агуулга, өнгөрсөн Их хурлаас хойш юу хийсэн тухай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарын илтгэлийг сонсч, Бага хурлын гишүүдээс санал шүүмж сонсох аж.

Намын дарга Ө.Энхтүвшин илтгэлийнхээ агуулгыг тайлбарлахдаа, эхэнд нь нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд өгсөн дүгнэлтүүдээ танилцуулсан байна. Түүний илтгэлээс онцолвол, “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Чингисийнхээ нэрийг худалдан байж авчирсан бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагаас өдөр бүр хэдэн зуун саяар нь хүү төлж, нийт 108 тэрбум төгрөгийг хүүнд өгч, салхинд тууж байна. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа зогссон байна, Тавантолгой дампуурч байна гэдгийг Ерөнхий сайд өөрөө хэлчихлээ. Иргэдийн амьжиргааны эх үүсвэр болж байсан 21 мянган төгрөгийг үгүй болгосон нь олон иргэдийн маань амьдралд хүндрэл учруулж байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр нь зорилтот хэсэгт хүрээгүй. Бидний өмнө хэрэгжүүлж байсан зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр анх удаа байранд орж буй иргэдэд чиглэж байсан бол энэ хөтөлбөр нь тийм байсангүй. Үүний үр дүнд овжин хэсэг нөхөд зээлийн мөнгийг өөр зүйлд авч зарцуулах боломжийг ч бий болгосон” гэдгийг онцолжээ.

Мөн “Монгол Улсын эдийн засгийн боломж уул уурхайгаас хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй бөгөөд Оюутолгойн ордоос эдийн засгийн хамаарал 40 хувь байгаа нь ирэх онд 60 хувь болж нэмэгдэх учир Оюутолгойтой холбоотой хэлэлцээг харилцан ашигтай байдлаар хийх шаардлагатай” гэв.

Дараагаар нь намынхаа ялагдсан шалтгаануудыг олон хүчин зүйлийн нэгдлээс болсон гэж дүгнэсэн байна. Тухайлбал, МАХН гэх улс төрийн хүчин МАН-ын авах ёстой байсан саналыг хуваасан. Нэрээ сольсныхоо дараа өөр улстөрч үргэлжлүүлэн авах боломжийг нь дутуу үнэлсэн. Нам нэр дэвшүүлэлтийн хувьд зарим зүйл дээр алдсан. Намын анхан шатны байгууллагаас хөндийрсөн зэрэг шалтгааныг онцолсон байна. 

Намын даргын хувьд тэрээр өнгөрсөн сонгуульд намаа үзэл баримтлалаасаа болж ялагдаагүй, харин үзэл баримтлалаа хүргэж чадаагүйн улмаас ялагдсан гэж дүгнэжээ. Мөн МАХН-ын удирдлагад буй хүмүүстэй хэрхэн харилцах тухайгаа биш МАН-д сэтгэл зүрхтэй хэрнээ, улс төрийн нөхцөл шалтгаанаар салж явсан энгийн гишүүддээ нөхцөл байдлыг ойлгуулах, татах шаардлагатай буйг онцлов.  
МАН-ын Бага хурлын гишүүд цаашид тус намд анхаарах олон зүйл байгаа гэдэг дээр санал нэгдэж байгаа бололтой. Жишээ нь, намаас нэр дэвшүүлэхдээ “Нэг суудал аваад ирчих байх” гэдгээр шалгуур хийж, ёс зүй, хувь хүний шалгуурыг ойшоолгүйгээр нэр дэвшүүлсэн нь авчирсан нэг суудлаасаа ч илүүтэй хор хөнөөлийг намдаа учруулж байна гэж үзжээ. Боловсон хүчний бодлого дээр энэ мэт алдаа байгаа бөгөөд ач санаж албан тушаалд томилох зэрэг зүйл цаашид байж болохгүйг ч хэлж байв.

Мөн Ардчилсан намд буй нээлттэй фракцийн зарчимд шилжих ёстой гэх саналыг намын зарим гишүүдээс тавьж буйг хэлээд, гэхдээ энэ нь намыг хагалган бутаргах эрсдэлтэй хэмээн болгоомжилсон байр суурь илэрхийлж байлаа. Түүнчлэн намын даргын илтгэлд шинэчлэлийн асуудлыг дараах байдлаар хөндөх аж. Түүний “Шинэчлэл хийх талаар яриагүй Бага, Их хурал намын түүхэнд өнгөрсөн хугацаанд байгаагүй. Шинэчлэл бол байнга хийгдэж байдаг зүйл болохоос биш хэсэгхэн хугацаанд хийчихдэг зүйл биш” гэсэн нь зүгээр ч нэг хэлсэн үг биш гэдэг нь тодорхой байв.

Ө.Энхтүвшин дарга мөн илтгэлээрээ дүрмийн өөрчлөлтийн талаар танилцуулна. Тэрээр Удирдлагын орон тоо цөөрөх, тухайлбал Бага хурлын гишүүдийн тоо 250, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 21, Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоо 15 хүртэл байхаар дүрмийн төсөлдөө тусгасан аж. Дүрмийн агуулгын хувьд намын сонгуульт гишүүдийг хариуцлагыг өндөржүүлэх, анхан шатны байгууллагатайгаа харилцаа холбоогоо сайжруулах зэрэг асуудал багтаж буйг тэрээр онцолсон юм.

МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна.


Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж