Ерөнхий сайд ямар асуудал шийдэв

Хуучирсан мэдээ: 2013.10.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд ямар асуудал шийдэв

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны Ерөнхий сайд нарын хийсэн хэлэлцээрээр юу шийдсэн, түүний мөрөөр хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд байгуулсан баримт бичгүүд ямар ач холбогдолтой талаар цуврал мэдээлэл хүргэж байна.

 “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяннарын хэлэлцээ болон айлчлалын үеэр Засгийн газрын тэргүүнүүдийн баталсан "Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр"-ийг үндэслэн уул уурхай, газрын тосны салбарт хоёр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж, хийн түлш үйлдвэрлэнэкспортлох, Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг дээрх баримт бичгүүдээр тодорхойлсон.

Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулахад Хятадын Газрын тос, химийн "Синопек групп” корпорацитай хамтран ажиллана. Энэ үйлдвэр эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төсөөлж байна. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдана. Өнөөдрийн ханшаар 1 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрс олборлох шууд үр ашгаас гадна 20 мянга орчим хүн ажлын байраар хангагдана. Монгол Улс хүрэн нүүрсний арвин нөөцөө ийнхүү гүн боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр бий болгох, химийн болон шатахууны үйлдвэрийн үндэс суурь тавихад чухал ач холбогдол өгнө.

Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ цаашид жил бүр өснө. Үүнтэй уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр УУЯ-ны Газрын тосны газар, Хятадын “Петрочайна интернэйшнл” компанийн хооронд санамж бичиг байгуулсан. Монгол Улс өөрийн олборлосон түүхий тосоо МГЛ-93 автобензин болгоод, сард 10 мянган тонн хүртэл хэмжээгээр урд хөршөөс татан авахаар тохирсон байгаа. Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөл ирэх сарын дундуур дуусах учраас дотоодын эрэлттэй уялдуулан урд хөршөөс авах шатахууны хэмжээг нэмэхээр тохиролцлоо.  Тус байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих болно. Шатахууны нийлүүлэлтийг ийнхүү нэмснээр дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг олон эх үүсвэрээс хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах, жижиглэнгийн худалдааны үнийн өсөлтийг зохицуулах зэрэг арга хэмжээ авах бололцоотой болно.

 Хятадын тал ачаа тээврийн боомтын төмөр зам барьж,
манайд хүлээлгэж өгнө

Хилийн төмөр зам барих асуудлаар хамтран ажиллахаар Ерөнхий сайдын айлчлалын үеэр Харилцан ойлголцлын хоёр санамж бичигт гарын үсэг зурсан юм. БНХАУ-ын төрийн өмчит “Шэнхуа групп корпораци”, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК-ийн төлөөлөл бүхий консорциум болон “Монголын төмөр зам” ТӨХК-иуд энэ ажилд хамтран оролцоно. Санамж бичгийн хүрээнд “Шэнхуа групп”-ээр ахлуулсан консерциум Монгол Улсын хилийн Гашуун сухайт боомтын өртөөг Хятадын Ганц модны хилийн боомттой холбосон ачаа тээврийн боомтын төмөр зам барьж “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэн өгөх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж