Ерөнхий сайд БНХАУ-ын дээд удирдлагуудад бараалхав

Хуучирсан мэдээ: 2013.10.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд БНХАУ-ын дээд удирдлагуудад бараалхав

БНХАУ*д айлчилж буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нарт бараалхлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Монголын томоохон улстөрчдийн нэг гэж хүндэтгэдгээ ноён Си Зиньпин илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ дэвшүүлж байгааг нь дамжуулж өгөхийг хүслээ. “Энэ оны гуравдугаар сард Хайнанд УИХ-ын дарга З.Энхболдтой, есдүгээр сард Киркизэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой, харин одоо Засгийн газрын тэргүүн тантай эх орондоо уулзаж байна. Хагас жилийн хугацаанд Монгол Улсын төрийн гурван өндөрлөгтэй уулзсан нь манай хоёр орны харилцааны өндөр түвшинг илтгэж байна” гэж ноён Си Зиньпин онцлон хэлсэн юм. Хоёр Ерөнхийлөгчийн өмнө ярилцсан асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газрын тэргүүний хувьд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариу илэрхийлж, энэ удаагийн айлчлалын үеэр хэлэлцсэн чухал асуудлуудыг шуурхай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг Хятадын төрийн дээд удирдлагаас хүслээ.

Хятадын хууль тогтоох дээд байгууллагын дарга ноён Жан Дөзянтэй хийсэн уулзалтын үеэр Хятадын тал энэ айлчлалд өндөр ач холбогдол өгч байгааг тэрбээр онцлоод, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар БНХАУ-д амжилттай, үр дүнтэй айлчлал хийж, чухал ач холбогдолтой олон баримт бичигт харилцан гарын үсэг зурсанд Парламентынхаа нэрийн өмнөөс баяр хүргэлээ. Түүнчлэн, хоёр орны бүх түвшний хамтын ажиллагаанд хүчин чармайлт гаргаж ирсэнд гүн талархал илэрхийллээ. Энэ оны дөрөвдүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд Бээжин хотноо ноён Жан Дөзянтай уулзаж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар тодорхой тохиролцоонд хүрснийг Ерөнхий сайд тодотгоод УИХ-ын дарга З.Энхболдын халуун мэндчилгээг Хятад улсын хууль тогтоох дээд байгууллагын дарга Жан Дөзянд дамжууллаа.

Айлчлалынхаа хүрээнд Монгол Улстай ойр дөхөм байрлалтай, хамтын ажиллагаанд шинэ үүд хаалга нээх боломжтой хоёр мужид зочлон тодорхой асуудлуудаар санал солилцсоныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд, хэлэлцсэн асуудлуудыг ажил хэрэг болгоход БНХАУ-ын хууль тогтоогчдын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж