Сайхан хувцасладаг бүсгүйчүүд ханиад тусах нь бага

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Сайхан хувцасладаг бүсгүйчүүд ханиад тусах нь бага

Тэгвэл дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

“Цэвэр гар" ажиллагаа
Вирус хаа сайгүй: дэлгүүрт, автобуст, тэр бүү хэл өвчтэй хэн нэгнийг утсаар ярьсаны дараа аппаратад хүрэхэд л танд нян халдана… Хэн нэгэн найтаана, ханиалгана. Энэ үед сая сая бактер 4-5 метрийн зайд цацагдаж байдаг юм. Тэр тусмаа вирус агаар, салхигүй орчинд ёстой л таатай нь аргагүй үрждэг гэнэ. Тэгэхээр ямар ч тохиолдолд өвлийн улиралд салхивчаа хаах хэрэггүй. Салхи цохиулахаас айж, тасхийм хүйтэн цэвэр агаараас эмээх хэрэггүй. Өдөртөө ядаж нэг удаа ч гэсэн чийгтэй цэвэрлэгээ гэртээ хийхийг хичээ. Гараа аль болох олон удаа угаа. Гар угаах үед бичил биетүүдийн 85 хувь нь үхэж устдаг юм. Тэгэхээр гар угаах нь ханиадаас хамгаалах гол хамгаалалт болно гэдгийг үргэлж анхааралдаа аваарай.

Дулаахан, дэгжин хувцасла
Мэдээж хэрэг хамрын ханиаднаас “нуугдах” хамгийн шилдэг арга бол урин дулаан цаг иртэл хэнтэй ч уулзахгүй гэртээ бүгэх. Үнэндээ энэ бол хэзээ ч биелэгдэхгүй хоосон “мөрөөдөл”. Тэгэхээр өөрийгөө хамгаалах арай өөр ухаалаг аргыг олцгооё.
Энэ бол ухаалаг хувцаслалт. “Дулаанд хөлөө, хүйтэнд толгойгоо” гэдэг мэргэн үгийг санах хэрэгтэй. Биеийн аль нэг хэсгийг хэт дулаалж нөгөө хэсгийг нь дааруулах нь вирусын халдвар авах тун таатай нөхцөл болж өгдгийг эрдэмтэд нотолж байна.
Өвөл дулаан гуталтай хэр нь толгой нүцгэн явахад хамгийн амархан ханиад тусдаг. Мөн үүний яг эсрэгээр нь ангийн үсэн малгайтай хөлөрч яваа хэр нь хөлнөөсөө даарахад мөн л ханиадын вирус таныг амархан “олзлоод“ авчихна. Тэгэхээр жигд дулаахан хувцаслахын зэрэгцээ сонголт сайтай байх хэрэгтэй. Моодны сайхан хувцасладаг бүсгүйчүүд ханиад бага тусдаг болохыг америкийн эрдэмтэд тогтоосон байна. Сайхан хувцас нь амьдрах тэнхэл омог бардам сэтгэлийн хүчийг өгч ингэснээр хүний биеийн дархлааны систем халдвартай “тулалдах” сайн зэвсэг болдог гэжээ.

Эм уухаар гал тогоо руу алхаарай
Юу идэж байна түүндээ анхаарлаа хандуулна уу. Зөв хоол хүнс бие организмын хамгаалалтыг эрс сайжруулдаг. Манай эмэг эх ханиадны анхны шинж илэрмэгц тахианы зутан шөл уулгадаг байсан. Америкийн эрдэмтдийн нотолсноор бол хэрэв нэг аяга тахианы зутан шөл уувал, хамраас усархаг шингэн гоожих нь амархан зогсоно. Тослог хоол, мах, сүүн бүтээгдэхүүнийг хамрын ханиадны үед идэхэд нүүр хавагнуулж цэлхрүүлэх муу талтай. Иймээс ханиад хүрсэн үедээ хоолны дэглэмээ түр өөрчилж болох юм. Халдварын эсрэг биеийн эсэргүүцлийг сайжруулъя гэвэл бага хэмжээний сармис, сонгино хэрэглэхэд тун зүгээр. Мөн А витаминаар баялаг лууван, байцаа, С витаминаар баялаг үхрийн нүд, киви, нимбэг, жүрж, цангис зэрэг жимс, ногоог түлхүү хэрэглэ.
Манай найз бүсгүй тун чухал ажил хэргийн уулзалтад ханиаднаас болоод хоолой нь сөөчихсөн ирсэн. Харин тэр гэртээ хоёр кг жүрж худалдаж аваад харьсан л даа. Маргааш өглөө нь гайхалтай эрүүл, сэргэлэн гэгч нь орж ирсэн шүү. Мэдээж хэтрүүлж хэрэглэж болохгүй л дээ. Тэгвэл харшил хөдөлж болзошгүй.
Өвчтэй үедээ бид өдөрт 500 грамм С витамин хүртчихэд ханиад зэргийг намдаахад хангалттай байдаг. Мөн аскорбины хүчлийг жимстэй хамт хэрэглэхэд зүгээр. Ялангуяа түүнийг хагас аяга улаан лооль, гүйлс, чангаанзны шүүсээр даруулаад уух хэрэгтэй.

Халуун савтай “нөхөрлө”
Хамрын ханиад хүрсэн үед бид ихэвчлэн амаараа л амьсгалдаг. Харин хамраас гарах усархаг шингэн нь нян үржих таатай орчин болдог. Тиймээс ханиадыг давж гарахын тулд өдөрт 6-8 аяга шингэн уу. Үүнд, цэвэр ус, жимсний шүүс, мэдээж хэрэг цай хамгийн тустай. Малинтай цай бүр ч сайн шүү. Ургамлын хандтай цай бас тус болно. Жишээ нь амуу соёолжийн үндэстэй цай нь хоолойны өвчнийг намдааж, ханиалгыг дардаг. Зөгийн балыг мартаж болохгүй. Хүний биед зайлшгүй шаардлагатай 24 бичил элемент байдаг бол түүнээс 22 нь зөгийн баланд агуулагддаг юм даа.

Өөрөө өөртөө иллэг хий
Бидний хурууны үзүүрт ид шидийн хүч оршдог. Өдөрт хэд хэдэн удаа биологийн идэвхитэй цэгүүддээ иллэг хийгээрэй. Тэгвэл вирусууд танаас “айна”. Ханиадны эсрэг иллэгийн цэгийг ол. Энэ нь хөмсөгний хоорондох болон хөмсөгний төгсгөл орчмын цэг. Түүн дээрээ долоовор болон эрхий хурууны өндгөөр дар. Дараа нь цагийн зүүний дагуу болон эсрэг 10 удаа эргүүлэн иллэг хийгээрэй. Мөн хөлийн хуруунуудын угт ч иллэг хий. Энэ энгийн дасгалуудыг зурагт үзэх, шүршүүрт орсны дараа хийхэд тун таатай байх болно

Шилдэг хамгаалалт бол дасан зохицох
Сүүлийн үед эм, антибиотикоос харшил авах тохиолдол их болсон. Ийм таагүй байдлаас гарах гарц бол ханиад хүрэхээс өмнө орчиндоо дасан зохицохыг хичээх явдал. Урьдчилан сэргийлэх үндсэн хэрэгсэл нь өөрийн интерферон. Энэ бол хамгаалалтын уургийн бодис. Вирусын дайралтад хариу цохилт өгдөг лимфоцитийг боловруулж өгдөг. Түүнийг “сэрээхийн” тулд өдөрт гурван удаа цайны халбагаар зуун настын навчны ханд эсвэл амуу соёолжийн үндэсний хандыг ууж хэрэглэ. Эсвэл 20-30 дусал хүн орхоодойн үндэсний ханд уугаарай. Эдгээр арга нь таныг ханиадаас хамгаалж дөнгөнө гэдэгт итгэлтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж