Монгол Улсын Ерөнхийлөгч Канадын Амбан захирагч нар хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Канадын Амбан захирагч нар хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстоныг хүлээн авсныхаа дараа албан ёсны хэлэлцээнд урив. Уг хэлэлцээнд Монголын талаас Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Спорт, соёл, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарын албаны төлөөлөгчид байлцлаа.

Канад Улсын талаас Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Гөүлдхок, Парламентын гишүүн, Парламентын нарийн бичгийн дарга Чунгсен Леунг, Парламентын гишүүн Өрл Дреешен, Парламентын гишүүн Скотт Симмс, Парламентын гишүүн Уай Янг болон албаны бусад хүмүүс байлцав.

Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Канад Улсын эрхэмсэг хүндэт Амбан захирагч Д.Жонстон Танд миний урилгыг хүлээн авч, Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаад бид баяртай байна. Бид Канад-Монголын харилцааг ихэд чухалчлан үздэг. Энэ харилцаа улам өргөжин тэлж байгаад бид баяртай байдаг. Таны айлчлал бол Канадын Амбан захирагчийн Монгол Улсад хийж буй хамгийн анхны айлчлал юм. Мөн энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд болж буй чухал арга хэмжээ юм.
 
Хоёр улсын хоорондын харилцааг чухал болгож байдаг хүчин зүйлүүд бий. Юуны түрүүнд бидний үнэт зүйлс ижил. Мөн бид байршлын хувьд хол ч гэсэн олон зүйлсийн хувьд адил. Мөн бид хүчирхэг том хөрш орнуудтай хиллэдэг болон цаг уурын хувьд ижилхэн. Түүнчлэн уул уурхай эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжийг бидэнд олгодог. Хамгийн гол нь хүмүүсийн хоорондын харилцаа юм. Энэ бүх хүчин зүйлс нь Монгол Канадыг ойртуулдаг. Эрхэмсэг ноён Амбан захирагч болон таны багт яваа хүмүүсийг Монголд тавтай морилохыг дахин хүсэн ерөөе” гэв.
 
Дараа нь Канад Улсын Амбан захирагч Д.Жонстон хэлэхдээ “Биднийг халуун дотноор хүлээн авсанд өөрийн зүгээс болон хамт яваа хүмүүсийн өмнөөс талархсанаа илэрхийлье. Таны хэлсэнчлэн бид Монгол Улс болон Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ үеэр би Амбан захирагчийнхаа хувиар Монголд зочилж байгаадаа сэтгэл хангалуун байна. Таны хэлсэнчлэн бид олон үнэт зүйлсийг хуваалцдаг. Мөн хуулийн тэгш хэрэгжилт, ардчиллын тогтолцоо, олон нийтийн албаны боловсролын асуудлаар та богино хугацаанд их зүйлийг хийснээ дурдсаныг санаж байна.
 
Хоёр орны иргэд хоорондын харилцаа чухал гэж таны хэлсэн маш зөв. Хүмүүс хоорондоо итгэлцэж, харилцаж байж нягт түншилж ажиллах болно. Хоёр орны харилцаа өргөжиж байгаад баяртай байгаа бөгөөд цаашид олон салбарт хамтран ажиллах болно. Бидний айлчлал маш богино хугацаанд болж байгаа ч гэсэн бид үр дүнтэй болгохыг чармайх болно. Таны хэлсэнчлэн хүмүүсийн хоорондын харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь чухал. Та бүхэн 1990-ээд оны ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй хийсэнд бид бахархдаг. Бид түншлэлээ улам бүр хөгжүүлэхийн тулд таны зөвлөгөө дэмжлэгийг хүлээж байна.
 
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Өвлийн улирал хаяанд ирсэн өнөө үед Монголд ийм сайхан цаг агаартай байх нь ховор. Та бүхэнд бидэнд ийм сайхан цаг агаарыг авчирсанд баярлалаа. Энэ бол та бүхэн чин сэтгэлээр, сайхан санаа агуулан бидэнд ирсний илрэл гэж би хувьдаа бодож байна. Та бүхний айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно гэдэгт бид итгэж байна”.
 
Канадын Амбан захирагч Д.Жонстон хариуд нь хэлэхдээ “Энэ сайхан цаг агаар, энэ сайхан нарны туяаг эх орондоо авч очихсон. Хэдийгээр бидний айлчлал богино хугацаанд өрнөсөн ч гэсэн бидэнд үнэхээр сайхан дурсамж үлдлээ. Одоо би эх орондоо очоод, айлчлалынхаа талаарх дурсамжийг ач зээ нартайгаа хуваалцах болно. Та бүхэнд баярлалаа” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж