Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Арвин “Үе үеийн Уул уурхайн сайд, Ашигт малтмалын газрын дарга нар соёлын өв, дурсгалт газруудад ашигт малтмалын лиценз олгож шуналтаж, өвийг сүйтгэж ирсэн. Мөн Ноён уулыг стратегийн ордод оруулна гээд шуналтаад явж байгаа хүмүүс байна. Тэднийг яах вэ. Ирэх онд шинээр музей барих уу. Богд хааны ордон өвөл болоход маш хэцүү гадаадынхан дагуулаад очихоор хэдэн бөөвийсэн юмнууд зогсч байдаг. Соёлын өвийн хуулийг зөрчсөн этгээдэд ногдуулдаг хамгийн дээд Эрүүгийн хуулийн заалт нь юу вэ гэдэгт тус бүр хариулт өгөөч” гэсэн юм. Үүнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Соёлын өвийн хэлтсийн дарга н.Цэндсүрэн нар хариулт өглөө. Тэдний тайлбараар ашигт малтмалын хайгуул хийх бол Палеонтологи, Археологийн хүрээлэнгээр тус бүр судалгаа хийлгэхээр хуульчилсан байдаг аж. Одоогоор ашигт малтмалын болон хайгуулын лицензтэй 3000 гаруй аж ахуйн нэгж бий. Өнгөрсөн онд 200 гаруй компани 500 гаруй талбайд судалгаа хийлгүүлсэн байдаг. Тухайлбал, Палеонтологийн хүрээлэн 17 талбайд авран хамгаалах малтлага хийж 1500 орчим соёлын өвийн дурсгалт зүйлс илрүүлсэн байдаг аж.

Харин Төв аймгийн Борнуур суманд харьяалагдах Ноён ууланд Хүннүгийн булш олдсон. Хуулиараа тусгай хамгаалалттай газарт лиценз олгохгүй байх чиглэл барьж байгаа бол ирэх онд Гандантэгчинлэн хийдийг түшиглэн шинээр маш олон үзмэрийг хадгалах обьект баригдах юм байна.

Одоо мөрдөж байгаа хуулиар Соёлын дурсгалт зүйлсийг хууль бусаар гаргасан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, эс бөгөөс 2-5 жилээр хорих гэсэн хоёр зүйл ангиар хариуцлага ногдуулдаг байна. Шинэ хуульд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд тусгай бүлэг оруулж байгаа бөгөөд соёлын үл хөдлөх хөрөнгийг устгасан, гэмтээсэн бол яах вэ. Зарсан бол яах гэх мэтээр нэлээд өргөн агуулгаар тусгайлан зааж өгсөн гэнэ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Соёлын өвийг хамгаалж байгаа хувь хүмүүсийг яаж урамшуулах вэ. Гадаадад байгаа соёлын өвүүдийг буцааж эх оронд авчрах асуудлыг хэрхэн шийдэхээр хуулийн төсөлд тусгасанд тодорхой хариулт өгөхийг хүсэв. Үүнд сайд Ц.Оюунгэрэл “Соёлын хосгүй үнэт өвийг зөвхөн төр худалдан авна. Хувь хүмүүсийн хооронд юуг худалдаж наймаалцах боломжтой байх вэ гэхээр түгээмэл гэх жагсаалтад хамааруулж болох мөнгөн аяга, хөөрөг гэх мэтийг зөвшөөрнө. Үүнийгээ мөн олон улсын дуудлага худалдаанд оруулахад зөвшөөрөх зэргээр зохицуулалт хийж өгч байна” гэсэн юм. Харин үлдсэн асуудлыг сайдын зүгээс хараахан хариулж амжсангүй, минут нь дуусав. Асуулт тавьсан гишүүн, хариулт хэлэх байсан сайдын зүгээс хэн, хэн нь 1 минутыг хүссэн боловч УИХ-ын дарга алх цохин энэ өдрийн хуралдааныг өндөрлүүлснээ мэдэгдлээ.

Харин энэхүү багц хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явуулах болж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж