Шударга ёсны тогтолцооны шинэчлэлийн шат эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Шударга ёсны тогтолцооны шинэчлэлийн шат эхэлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар шүүх, эрх мэдлийн салбарт өргөн хэмжээний шинэтгэл хийж байгаа билээ. Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль УИХ-аар батлагдаж удахгүй бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхлэх гэж байна. Үүний дараагийн алхам болох Шударга ёсны тогтолцооны шинэчлэлийн шатыг мөн эхлүүлэхээр болоод байгаа юм.

Үүний удиртгал болгож хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болоод байгаа бөгөөд өнөөдөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Гэмт хэргийн тухай хуулийн төслийн талаар хууль, шүүхийн салбарынхны дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр удирдан явуулав.
 
Хэдийгээр сүүлийн 10 жилд Өршөөлийн хуулийг дөрвөн удаа гаргаж, тухай бүрт нь 2000-4000 хоригдлыг суллаж байсан ч хоригдогсдын тоо буурахгүй хэвээр байна. Гэмт хэргийн гаралт таван хувиар өссөн байхад хоригдсон хүний тоо 18-20 хувь нэмэгдсэн нь хууль эрүүл биш байгаагийн шинж хэмээн хуульчид үзжээ. Тиймээс нийгмийг эрүүжсэн, шоронжсон байдлаас салгах ёстой хэмээн үзэж Эрүүгийн хуулийг шинэчлэхээр болсон байна. Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль хэмээн өөрчлөн нэрлэхээр хуулийн төсөл боловсруулж байгаа юм.

Шинээр боловсруулж буй Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд томоохон өөрчлөлт хийх, авлига, албан тушаалын хэргийг тодорхой гэмт хэрэг болгон зүйлчлэхээр болжээ. Эдийн засгийн гэмт хэрэг, шударга бус монополийн гэмт хэргийг одоогийн мөрдөж буй Эрүүгийн хуулиар төдийлөн шийдэж чадахгүй байгаа. Үүнийг шинэ хуулиар нарийвчлан зохицуулахаар болжээ.
 
Хэлэлцүүлгийн үеэр Гэмт хэргийн тухай хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат танилцуулга хийлээ. Монгол Улсад өрнөж байгаа шүүх, эрх мэдлийн шинэтгэлийн хоёр дахь давалгаа, 2009 оноос хүчтэй өрнөж байгаа үйл явцын дараагийн алхам нь шударга ёсны тогтолцоо буюу Эрүүгийн хуулийн шинэчлэлт юм гэдгийг тэрээр онцолж байв. Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат шинэ хуулийн төслийг тодорхойлохдоо “Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн амлалтыг шударга ёсны тогтолцооны шинэчлэлтээр биелүүлнэ . 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуулийн үнэт зүйлсийг хамгаалах эрх зүйн тогтолцоог өргөтгөнө. Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсээ хамгаалах цаг ирж байна. Гэмт хэрэгтэй жинхнээсээ тэмцэж чаддаг Эрүүгийн хуультай болно” гэж байлаа.
 
Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд гэр бүл дэх хүчирхийллээс эхлээд зах зээл дээр зохиомлоор үнэ хөөрөгдөхийг хориглох хүртэл 68 төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр хуульчлахаар болжээ. Насанд хүрээгүй хүүхдэд насанд хүрэгсдийн нэг адил ял оноож, хүмүүжүүлэх бус улам эвддэг байдлыг эргэж харахаар болсон байна. Гэмт хэргээс учруулсан хохирлыг бүрэн төлсөн тохиолдолд ялаас чөлөөлдөг байх, хохирогч, гэрчийг хамгаалах, алдаж эндсэн хүмүүсийг ялын хүнд, хөнгөнөөс үл хамааран шоронд хийж нийгмийн амьдралын идэвхтэй хүрээнээс салгадгийг аль болох багасгах зэргийг шинэ хуулийн төсөлд тусгахаар болжээ.
 
Баривчлах ял төдийлөн үр нөлөөгүй байгааг харгалзан үзэжхорих ялыг нэг сараас 20 жил хүртэл хугацаатай байхаар тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан нийт гэмт хэргийн 80 орчим хувь нь материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирлын хэмжээг заасан байдаг тул үүнээс зайлсхийж гэмт үйлдэл хийсэн хүний буруу, учруулсан хохирлын шинжийг харгалзан үзэж байхаар зохицуулалт оруулахаар болжээ. Харин бүх насаар хорих ялыг 20-иос дээш жилээр эдлүүлэх талаар тусгажээ.
 
Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хуулийг буцаан хэрэглэхгүй байх, нэг гэмт хэргийн төлөө нэг л удаа хариуцлага ногдуулах, олон улсын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх, олон улсын гэмт хэрэг үйлдсэний төлөө хариуцлагыг захиалагч болон тушаал биелүүлэгчаль аль тал хүлээх, цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх, дотоодын эрх зүйн дагуу шүүх нь олон улсын гэмт хэрэг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх сонирхолгүй юм уу, чадваргүй бол ял шийтгэлгүй үлдээхгүйн тулд Олон улсын Эрүүгийн шүүхээс хариуцлага ногдуулах нөхцөлийг баталгаажуулах зэрэг зарчмыг тусгаж өгөхөөр болжээ.

 Шинэ төрлийн гэмт хэрэг буюу мэдээллийн аюулгүй байдал, авлига, албан тушаалын гэмт хэргийг тодорхой заах, түүх, соёлын дурсгалт зүйл, археологи, геологи, палеонтологийн үнэт олдвор, хосгүй үнэт зүйлийг хамгаалах талаар төрөөс баримталж байгаа бодлогод нийцүүлж “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлгийг шинээр оруулахаар болжээ. Мөн эдийн засгийн гэмт хэрэг гэсэн шинэ бүлэг оруулж монополь байдлаа хууль бусаар ашиглах, зах зээлийн үнэ хөөрөгдөх, зохиомлоор буюу зориудаар дампуурах, зээл төлөхөөс хуууль бусаар зайлсхийх, банк, санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх, аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах, хууль бусаар дампууруулах, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ, даатгал, зээл төлөхөөс зайлсхийх, хууль бусаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх зэргийг үүнд оруулан гэмт хэрэг гэж үзэхээр болжээ.

 Ийнхүү Эрүүгийн хуулийг шинэ нөхцөлд зохицуулан шинэчлэх, шударга ёсны тогтолцооны шинэчлэлт хийх ажил эхэлж байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж