Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-10-25/ үдээс хойшхи хуралдаанаар Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

ууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат нар танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэлд дурдагдсанаар, “Сүүлийн жилүүдэд манай компаниуд бусдад хөрөнгө оруулж олон охин болон хараат компаниудтай болж байна. Ийм тохиолдолд толгой компаниас хөрөнгө оруулсан компанитайгаа харьцах харилцааны хууль зүйн зохицуулалт шаардлагатай болсон бөгөөд үүнийг 2011 онд УИХ-аас батлан гаргасан Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар толгой компани нь охин болон хараат компанийхаа үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж буй хувьцааныхаа эрхээр оролцоно гэсэн заалтаар зохицуулж өгсөн боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар тодорхой заалт хуульд ороогүйгээс өнөөгийн байдлаар энэ талын үйл ажиллагаа нь зохицуулалтгүй болж энэ байдалд хүмүүс өөрсдийн дураар хандах болоод байна.

Мөн хуулийн хэрэгжилтийн явцад хуулийн зарим зүйл, заалтыг илүү тодруулах нийтэд ойлгомжтой болгох шаардлагатай байгаагийн зэрэгцээ төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанид төрийн төлөөлөл хэрэгжүүлэх асуудлыг зохицуулж байсан зарим хуулийн заалтуудыг Компанийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулагын холбогдох заалтуудтай уялдуулах шаардлага гараад байгаа “ гэлээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 64,3 хувийн саналаар гишүүд дэмжлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар танилцуулав.

Хууль зүйн сайд танилцуулгадаа, “Шүүхийн тухай багц хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуульд шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, шүүхийн нэр, тэдгээрийн байрших газрын нэр, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон. Гэтэл уг хуулийг хэрэгжүүлэх явцад дараах хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Шүүх байгуулах тухай хуульд нийслэлийн төвийн 6 дүүргийг 2 бүсэд хуваан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг нэгтгэн зүүн бүс, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийг нэгтгэн баруун бүс гэж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоон шүүхүүдийн байрших газрын нэрийг зөвхөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гэж тогтоосон нь шинээр өөрчлөн байгуулагдах шүүхүүдийг байршуулахаар шүүхүүдийн байрны нутаг дэвсгэрийн харьяаллаас шалтгаалан Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөрчих нөхцөл байдал үүсч байна.

Харин нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрших дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 1, 2 дугаар нийт 4 шүүхийг байршуулах шүүхийн цогцолбор байр баригдаж ашиглалтанд ортол тухайн дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа шүүхүүдийн байрнаас гадна одоогийн ашиглаж байгаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийн байранд шүүхүүдийг байршуулж, шүүн таслах ажиллагааг алдагдуулахгүй хэвийн явуулах боломжтой юм.

Иймд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах замаар дээрх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж хариулт авлаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд 65,5 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж