З.Энхболд Канад улсын Амбан захирагчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

З.Энхболд Канад улсын Амбан захирагчид бараалхав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад төрийн айлчлал хийж байгаа Канад Улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстонд өнөөдөр /2016.10.25/ бараалхав.

 УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айчлал хийж буйд Канад Улсын Амбан захирагчид талархал илэрхийлж, Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ. Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд энэ хугацаанд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Мөн энэ оны 3 дугаар сард Канад Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Канадын Нийтийн танхимын спикер Эндрю Шиэр, Гадаад хэргийн сайд Жон Брэйд, Олон улсын худалдааны сайд Эдвард Фаст, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жерри Ритц, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга, сенатор Жосеф Дэй нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцсон. Канад технологиор “Шинэ сумын төв” төслийн хүрээнд хамтран ажиллах эхлэл тавигдаж байгааг хэлээд энэ нь хөдөөгийн иргэдэд орчин үеийн үйлчилгээг ойртуулах, тэдний амьдралын түвшинг дээшлүүлэхэд чухал болохыг дурдсан юм. Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Австрали Улстай хамтран хэрэгжүүлж буй MASP-тай ижил монгол оюутан залууст зориулсан сургалтын тэтгэлэгт хөтөлбөр, эсхүл хоёр тал тэнцүү байдлаар санхүүжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг канадын талтай хамтран хэрэгжүүлэх санал тавилаа.

Ноён Дэвид Жонстон “Юуны өмнө эр орондоо элэгсэг дотноор хүлээн авч байгаад талархлаа илэрхийлж байна. Амбан захирагчийн хувьд танай улсад хийж байгаа анхны айлчлал юм” гэлээ. Канад Улс нь дэлхийн уул уурхайн салбар, аж үйлдвэрлэлд тэргүүлэх байр эзлэх эрмэлзэлтэй ажиллаж байгаагаа  дурдаад уул уурхай, эрдэс баялгийнн салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломжтойг хэллээ. Мөн  “Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дээгүүрт тооцогддог Канад Улс танай орны гурав дахь том түнш. Бидэнд харилцан ашигтайгаар эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн баяжуулах гайхалтай боломж бий. Миний ойлгож байгаагаар нэн ялангуяа боловсрол, барилгын технологийн салбарууд нь ирээдүйд үр өгөөжтэй байж болохуйц түвшинд тооцогдож байна” гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд Канад Улсын тухай жирийн малчин, жирийн монгол иргэнд хамгийн түрүүнд төрдөг хоёр сэтгэгдлийг хэлэхийг хүсч байна гээд нэгд, Канад Улсын уул уурхайн компаниуд Монгол Улсыг дэлхийн эрдэс баялгийн газрын зураг дээр оруулахад том хувь нэмэр оруулсан. Хоёрт, канад байшин хамгийн дулаахан байшин гэдгийг дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг бид бүгдээрээ мэднэ гэдгийг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж