Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, О.Баасанхүү нарын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Байнгын хорооноос тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар оруулж ирсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 73,8 хувийн саналаар баталлаа.
Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийн зүйл, заалт тус бүрийг УИХ-ын дарга уншиж танилцуулан тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 77,2, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 66,7 , Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 75,4 хувийн саналаар тус тус батлагдав.
Хуулийн төслүүдийг энэ оны 10 дугаар сарын 25-наас буюу батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.