Канадын амбан захирагч Монгол улсад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Канадын амбан захирагч Монгол улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон 2013 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

Амбан захирагчийн уг айлчлал нь Канад Улсаас Монгол Улсад хийж буй анхны Төрийн айлчлал төдийгүй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жилд хэрэгжиж буйгаар онцлог юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канад Улсын Амбан захирагч Д.Жонстон нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, Канад Улс хоорондын харилцааны өнөөгийн түвшин, хэтийн төлөв, хөрөнгө оруулалтыг дэмжих, батлан хамгаалах салбарын харилцааг улам бэхжүүлэх, иргэд хоорондын харилцааг хөхиүлэн дэмжих, боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Амбан захирагч Д.Жонстон нар өнгөрсөн 40 жилийн хугацаанд Монгол Улс, Канад Улс нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан бат бөх харилцааг бий болгосныг дурдахын сацуу энэхүү итгэмжилсэн харилцаа, хамтын ажиллагааг цаашид олон салбарт, түүний дотор төрийн албаны шинэчлэл, хөдөөгийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, барилгын  салбарт өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн нөөц бололцоо буйг тэмдэглэж, эдгээр чиглэлүүдэд идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэхээ нотлов. Амбан захирагч Дэвид Жонстон Канад Улсад суралцаж буй монгол оюутны тоог нэмэгдүүлэх, боловсролын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Канадын Засгийн газрын Арилжааны корпораци хооронд хөдөөгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Канад Улсын Саскачеваны их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурав. Мөн Монгол Улсын Засгийн газраас манай улсад зорчих Канад Улсын иргэдэд 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих эрх олгосон тухай шийдвэрийг айлын талд гардууллаа. Энэ оны 6 дугаар сард Канад Улсын Засгийн газраас тус улсад зорчих Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд 10 жилийн олон удаагийн виз олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ нь иргэд хоорондын харилцаа, улмаар найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал алхам болж буйг хоёр тал санал нэгтэйгээр дүгнэлээ.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд Амбан захирагчид бараалхаж, хоёр улсын парламентын харилцааны талаар санал солилцсон бөгөөд Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Канад Улсын Амбан захирагч үг хэлэв.

Маргааш Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Канад Улсын Амбан захирагчид бараалхана гэж Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж