Г.Баярсайхан: С.Баяр, С.Батболд хүнээ шахаж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан: С.Баяр, С.Батболд хүнээ шахаж байна

Г.Баярсайхан: МАН-ын удирдлагад С.Баяр, С.Батболдын бүлэглэл хүнээ шахаж байгаад дургүйцэж байна

Монгол ардын “Шударга ёс” бүлгэмийн тэргүүн Галигаагийн Баярсайхантай ярилцлаа.

– Танай бүлгэм аль 2000 оноос л эрх баригч байсан МАН-ын шинэчлэлийн асуудлаар байр сууриа олон удаа илэрхийлж байсан санагдана?

– Бидний хэлж ярьж явсан зүйлийг МАН-ынхан одоо л шийдэх гэж Их хурлаа хуралдуулж байна гэвэл хэтрүүлсэн болохгүй. Удаа дараагийн сонгуульд намаа амжилтгүй удирдсан хүмүүст хариуцлага тооцох гэж байгаа МАН-ын Их хуралд амжилт хүсч байна.

– МАН-ын Их хурал өнөө, маргаашгүй болох гэж байна. Намын даргаар хэн сонгогдох бол гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байгаа. Таны байр суурь ямар байна вэ?

– МАН-ын даргын албан тушаалд гишүүдийн нэлээн дэмжлэг хүлээж байгаа хүн бол Миеэгомбын Энхболд юм билээ. М.Энхболд 2005-2007 онд МАН-ын дарга байхад намын дотоод ардчилал овоо сэргэсэн. Харамсалтай нь С.Баярын бүлэглэл түүнийг овжин зальхай аргаар унагасан. Намын даргаас дутуугүй ач холбогдол өгөх албан тушаал бол Ерөнхий нарийн бичгийн дарга. МАН-ыг сонгуульд ялагдуулсан С.Баяр, С.Батболдын бүлэглэл Ерөнхий нарийн бичгийн даргын албанд өөрсдийн төлөөний хүн Д.Цогтбаатарыг баруун, зүүнгүй лоббидож байгаа. Энэ л миний дургүйг хүргэж байна. Ер нь М.Энхболд энэ бүлэглэлийн атганд орох аюул байгаа. С.Баяр, С.Батболд нар МАН-д тогтоосон ноёрхолоо энэ маягаар хадгалж үлдэх гээд байгаа бол МАН шинэчлэгдэхгүй ээ. Түүнээс биш надад МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргад хэн нэгнийг дэмжээд байх сонирхол алга.

– Их хурлаас МАН-ын энгийн гишүүд юу хүлээж байгаа вэ?

– Энгийн гишүүд, нийгэм даяараа МАН-ын Их хуралд ач холбогдол өгч байна. Монголын нөлөө бүхий улс төрийн намын хувьд нэр цэвэр, элдэв бүлэглэлд хамаардаггүй хүн байвал зүгээр гэж бодож байгаа. Тийм хүн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшээд явж л байна. Түүнээс биш янз бүрийн бүлэглэлийн өмнөөс зүтгэж байгаа хүн зөвхөн тэдэндээ л үйлчилдэг. Үүнийг намын их хурлын гишүүд шийдэх биз. 

– Их хурлын төлөөлөгчдийг сонгоход хүртэл нэлээн бужигнаан боллоо. Өөрийн бүлэглэлийн хүнийг дэмжих төлөөлөгчийг Их хуралд сонгож байна гэх шүүмжлэл олон гарч байна?

-Энэ бол МАН ерөөсөө шинэчлэглээгүй байгааг харуулж байгаа юм. Нам дотроо хэсэг бүлэг хүмүүс дээрээсээ жүжиг найруулж тавьдаг явдлыг арав гаруй жил бид эсэргүүцэж байна. Энэ алдаагаа засаагүй нь Их хурлын төлөөлөгчдийг сонгоход харагдаж байна. Гэхдээ одоо бүх юмыг хүчээр зохицуулна гэж байхгүй болсон үе. Жишээ нь намын дарга, удирдлагаас тулгасан байлаа ч хүмүүс түүнд нь саналаа өгөхгүй байх гэж найдаж байна. Тэгэхээр намын их хурлын төлөөлөгчид жинхэнэ намаа шинэчилье гэж бодож байгаа бол зөв хүнээ гаргаж ирэх хэрэгтэй.

– Та М.Энхболд гэдэг хүнийг онцоллоо. Энэ хүн намын дарга болвол юуг хүлээж байгаа вэ?

– Би энэ намын дотор байдаг болохоор мэдээлэл сайтай байдаг. М.Энхболд хүчтэй дэмжлэг авах боломжтой юм билээ. 2005 онд түүнийг МАН-ын дарга байхад намд дотоод ардчилал сэргэсэн. Гэтэл С.Баярын бүлэглэл гарч ирээд тэр шинэчлэлийг үгүй болгосон шүү дээ. Намын удирдлагад яригдаж байгаа хүмүүсийг тэр болгоныг шүүмжлээд муулаад байх цаг одоо биш. Тэр бол намын Их хурлын төлөөлөгчидөд хадгалагдаж байгаа эрх. Хэрвээ үнэхээр миний бодож байгаа шиг М.Энхболд дэмжлэг хүлээвэл намын дотоод бүтэцдээ ардчиллын журмаар хандвал зөв болно. Мөн бодлого нийлэхгүй хүн Ерөнхий нарийн бичигийн даргад дэвшүүлвэл бас ойлголцоход хэцүү.
    
– Танай бүлгэм Засгийн газрын нэг жил гаруй хугацааны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн байсан, энэ талаар?

– Засгийн газрын мөрийн хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих ёстой. Гэхдээ ямар ч Засгийн газрын үйл ажиллагааг сонгуулийн дараах эхний жилийн үйл ажиллагаагаар нь үнэлж дүгнэж болно. Товчхондоо энэ Засгийн газрын үйл ажиллагааны эхний жил буюу 2012-2013 оны ажлын гараа сайн байгаа. Олон зүйлийг харьцуулж үзсэний дараа бид ийм дүгнэлтэд хүрсэн.

– Ингэж дүгнэхдээ ямар үндэслэлд тулгуурлав?

– Засгийн газраас төлөвлөж хэрэгжүүлсэн бодитой ажил хэрэгт тулгуурлалаа. Ард иргэдэд шууд мэдрэгдэж, үр дүнгээ өгсөн цөөнгүй ажил хэрэг байна. Сайн мэдэхгүй байгаа хүмүүс Zasag.mn сайтаас харчих хэрэгтэй. Сайн юмыг нь сайн гэж хэлж байх хэрэгтэй, тэгэхгүй бол сайн ажлын эхлэл саарах аюултай. Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр бүтээн байгуулалтын олон ажил эхэлж зарим нь дууссан, зарим нь гүйцэтгэлийн шатандаа явж байна. Үүнийг үл ойшоох төдийгүй, бүр харлуулах сонирхолтой улс төрийн хүчин ч байгаа.Тэдний дураар бүтээн байгуулалтын үйл хэргийг зогсоож болохгүй биз дээ. Дэлхийн олон оронд улс төрийн намууд хоорондоо өрсөлдөж л байдаг, нэгнийхээ сайн үйлийг магтаад байдаггүй нь ч ойлгомжтой. Харин хөндлөнгийн, иргэний байгууллага болох “Шударга ёс” бүлгэмд ийм улс төрийн зорилго байхгүй учир сайн муугаар нь шууд хэлнэ.

– Ямар ажил хэрэг нь амжилттай болж байгаа гэж үзсэн бэ?

– Олон ажил байгаа, сануулах зорилгоор заримаас нь дурдая. Төрийн ордоныг нээлттэй болгосон, 11-11 төв, улсын зардлаар гадаадад суралцагчийн шалгалтыг нээлттэй болгосон, аж ахуйн нэгжүүд цахим хэлбэрээр тайлангаа өгч эхэлсэн, тэтгэврийн нөхөн даатгалд олон иргэнийг хамруулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн, 2013 онд 50-иад мянган ажлын байр нэмсэн, олон төрлийн тэтгэмж нэмсэн, дотоод ажлын өдрийг цуцалсан, ТҮЦ машин, монгол шатахуун, “Сумын төвийн шинэчлэл” төсөл, ХАА-н бирж, нийслэл дэх ногоочдын 26 ширхэг түрээсгүй цэг гэх мэтээр тоочоод байвал олон ажил амжуулжээ. Буянт-Ухаа, Баянголын амны инженерийн шугам сүлжээ, хот хөдөөгийн замын ажил, цахилгаан станцууд барих хөрөнгийн асуудлыг шийдсэн, Хөшигийн хөндийн нисэх буудал гэхчилэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

– Сөрөг хүчний зүгээс эдгээр ажлыг төдийлөн үнэлэхгүй байгаа. Инфляци болон цалин хөлс нэмэх асуудлыг гол хөзрөө болгож байх шиг?

– Гадаад зах зээл дээрх манай ашигт малтмал, ялангуяа нүүрсний үнийн уналтаас шалтгаалан гарч ирсэн төсөв дэх цоорхойг Шинэчлэлийн Засгийн газартай холбон шууд буруутгах аргагүй. Өнгөрсөн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлтийн дүнд гарч байсан эдийн засгийн таатай нөхцөлд буруу ажиллаж ирсэний гор одоо гарч ирж байгааг ч хэлэх ёстой. Цалин хөлсний нэмэгдэлд 2014 онд 200 тэрбум төгрөг төсөвлөн оруулж ирлээ. Дуулиан шуугиан болгож цалин нэмбэл ямар ч үр дүнгүй гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх аа.

– Засгийн газрын үйл ажиллагаанаас шүүмжлэлтэй зүйл юу байна?

– Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг сайнаар үнэлж байгаа нь өөгүй сайн ажиллаж байгаа гэсэн үг биш, улам эрч хүчтэй сайн ажиллах урмын үг гэж ойлгох хэрэгтэй. Зарим яам, агентлагийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа, нөгөө талаар одоохондоо дүгнэж хэлэхэд арай эрт байгаа тал ч бий. Яамдын бодлого, үйл ажиллагааны талаар судалгаа хийж байж ярих шаардлагатай болов уу. Дунд, доод шатны төрийн албан хаагчдын дунд ажлын хариуцлага сул, мэдлэг чадвар нь өнөөгийн шаардлагад нийцэхгүй хүмүүс цөөнгүй байгааг анхаарах хэрэгтэй.

– Танд нэмж хэлэх зүйл байна уу?

– Н.Алтанхуягийн Засгийн газар нь хүчтэй сөрөг хүчний ширүүн шүүмжлэл дунд ажиллаж байгаагаараа өмнөх хамтарсан гэх тодотголтой Засгийн газруудаас зарчимын ялгаатай. Хяналт, шүүмжлэл, шаардлагын дунд ажиллаж байгаа. Шинэчлэлийн өнгө аясаа хадгалж, бүтээн байгуулалтын ажил хэргээ сулруулалгүй ажиллаасай гэж бодсондоо эхний жилийнх нь үйл ажиллагааг сайнаар үнэлж байна.

– Ерөнхий сайдын Хятад улсад хийх айлчлалын үр дүнг олон нийт анхааралтай ажиглаж байгаа нь тодорхой?

– Мэдээж. ОХУ, Энэтхэгийн ерөнхий сайд нарын БНХАУ-д хийж буй айлчлалтай манай Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлал давхцаж байгаа нь санамсаргүй хэрэг биш байх. Бүс нутгийн удирдагчид үсрэнгүй хөгжиж буй БНХАУ-тай сайн харилцаатай байхыг эрмэлзэж байна, манай улсын хувьд ч адилхан. Ерөнхий сайд сайн мэдээтэй ирэх биз ээ.

Эх сурвалж: www.24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж