Дарга нарын үүд сахиж суух хэрэггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Дарга нарын үүд сахиж суух хэрэггүй болжээ

Д.Баттулга: Бид 100 мянган иргэний дарга нарын үүдийг сахиж суух үнэт цагийг нь хэмнэсэн

Нийслэлээс үзүүлж байгаа Төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд цаг тухайд нь хүргэх, иргэдийн өргөдөл, гомдол санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, аливаа шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн төвийг одоогоос нэг жилийн өмнө  АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр Мобиком корпарцийн техникийн бааз дээр түшиглэн байгуулсан юм. Өнөөдөр нийслэлийн лавлагаа мэдээллийн төв нэг нас хүрч, хийсэн ажлаа тайлагналаа.
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Лавлагаа мэдээллийн төв”-ийн хийсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг  ирсэн зочид, төлөөлөгчдөд танилцууллаа.
 
Тус төв өнгөрсөн хугацаанд иргэдээс 100 583 дуудлага хүлээн авснаас 55,1 хувь  нь өргөдөл, гомдол санал хүсэлтээ илэрхийлэх, түүнийхээ шийдвэрлэлтийн байдлыг лавлах зорилгоор холбогджээ. Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацаа нэг сар байдаг ч лавлагаа мэдээллийн төвөөр үйлчилүүсэн иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 16 хоног байгааг онцолсон юм.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх бүх мэдээллийг нээлттэй ил тод болгосон нь иргэдийн хяналт сайжирч, өргөдөл гомдол гаргах, хариугаа авах зэрэгт заавал биечлэн ирэх шаардлагагүй болжээ.
 
Нийслэлийн “Лавлагаа мэдээллийн төв”-ийн 1200 утсаар өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч, харин 1234 утсаар мэдээлэл, лавлагааг өгч байгаа юм. Үүнээс гадна дэлхийн хаанаас ч нийслэлийн лавлагаа мэдээллийн төвтэй онлайнаар холбогдох боломжтой учраас цаг хугацаа орон зайнаас үл хамааран өргөдөл гомдол гаргаж, мэдээлэл лавлагаа авах боломжтой.

НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлд “Лавлагаа мэдээллийн төв” байгуулсан нь иргэндээ үйлчилгээгээ илүү ойртуулсан нэг шинэчлэл болсон юм.  Нэг жилийн өмнө Лавлагаа мэдээллийн төвийн нээлтийн үеэр  хамгийн анхны үйлчлүүлэгчтэй  утсаар шууд холбогдон ярилцаж байсан бол өнөөдөр бид 100 мянга гаруй иргэнд үйлчилжээ. Энэ нь бид 100 мянган иргэний дарга нарын үүдийг сахиж суух тэр үнэт цаг хугацааг нь хэмнэсэн гэсэн үг юм” гэж онцоллоо.  
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл лавлагаа мэдээллийн төвийн нэг жилийн ойд зориулан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Лавлагаа мэдээллийн төвийн нэг жилийн ой бол төр иргэндээ хандах хандалгыг өөрчилсөн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгож өөрчилсний нэг жилийн ой юм.

Бид нийслэлийн иргэдийнхээ хөдөлмөрлөж олсон цалингаас татвар авч үйл ажиллагаандаа зарцуулдаг мөртөө иргэддээ үйлчлэх үйлчилгээ дэндүү хангалтгүй муу,  төвшинд байсныг өөрчилж чадлаа.

Иргэдийн сайн зарц  байхад бидэнд тусалсан Азийн сан болон Мобикомын хамт олондоо баярлалаа. Цаашдаа нийслэлийн үйлчилгээ одоогийнхоос өндөр төвшинд хүрч, иргэддээ улам илүү нээлттэй, иргэдийн оролцоог илүү ихээр хангасан, иргэдийн санал санаачилгаар нийсэл хотод олон бүтээн байгуулалт өрнөсөн байх болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна” гэлээ.  
 
Нийслэлийн лавлагаа мэдээллийн төв цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэх боломжийг судлан ажиллаж байгаа бөгөөд Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хүрээнд гар утасны аппликейкшн гаргаж байгаа юм. Энэ аппликейшнээс иргэд Төрийн үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг авахаас гадна санал, хүсэлт, өргөдөл гомдлоо зураг болон текст хэлбэрээр илгээх, шийдвэрлүүлэх боломжтой болох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж