Үнэт эдлэлийн гоё чулууг Монголоосоо олох сон

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Үнэт эдлэлийн гоё чулууг Монголоосоо олох сон

Монгол орны геологийн салбарт зэс, алт болоод газрын ховор элементийн судалгаагаар олон жил мэргэшин ажиллаж, шинжлэх ухааны энэ том салбарын хойч ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх их үйлст өөрийн биеийг зориулж яваа доктор С.Жаргалантай ярилцлаа.

Эмэгтэй хүн геологчийн мэргэжлийг сонгосон нь сонирхолтой санагдаж байна?

Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн дунд сургуулийг 1980 онд төгссөн. Хүүхэд байхдаа математикийн багш болохыг мөрөөддөг байсан ч элсэлтийн шалгалтын оноо дутсан тул байгаа хуваариас сонгохоор болж геологич мэргэжлийг авсан. Одоо эргээд бодоход зургаадугаар ангид байхад манай ангийнхан “Ундрах инженер” хэмээх геологич эмэгтэйн тухай роман дамжуулаад л уншдаг байсан нь сэтгэлд их тод үлдэж. Ингэж л геологич болох зам минь нээгдсэн. Гэхдээ нэгдүгээр курст байхдаа мэргэжлээ солиод МУИС-ийн математикийн ангид орох гэж хөөцөлдөж, нэлээд ч гүйсэн. Харин хоёрдугаар курст ороод мэргэжилдээ их сонирхолтой болж эхэлсэн. Нарийн мэргэжлийн хичээлүүд, эрдэс судлал орсон нь ч нөлөөлсөн байх.

Геологич мэргэжлээрээ 1985 онд төгсөөд Дарханы геологийн экспедицэд томилогдон очиж, Заамарын алтны шижирмэгэн ордуудын эрэл-хайгуулын ажлыг дуусгасан. Дарханы геологийн экспедиц 1988 оноос Орос-Монголын хамтарсан Геологийн экспедиц болсон юм. Тухайн үед В.Г.Бубеников, Р.Ш.Касымов зэрэг Оросын нэртэй геологчидтой хамт ажиллаж байсан минь маш том сургамж, туршлага болж өгсөн гэж боддог. Орост 1989 оноос “перестройка” эхэлж, 1990 онд Монголд ч нөлөө нь орж ирснээр оросууд манайхаас гараад явсан. Тухайн үед Заамарын ордуудын хайгуул дуусч, томоохон ордууд болох Хайлааст, Баянгол, Туул, Тосонгийн полигонуудын бүгдийнх нь нөөцийн тооцоог дуусгаад улсад хүлээлгэн өгч, түрүүчийн уурхайнуудын үйл ажиллагаа эхэлсэн байлаа.

Хайгуул дууссаны дараа 1991 онд хот руу шилжин, тэр үеийн Геологи, уул уурхайн яамны харьяа Геологи, уул уурхайн эрдэм шинжилгээний институтэд шалгалт өгч орсон. Доктор Г.Жамсрандорж гуайн группт алтны шижирмэгийн судалгаа, геологич Н.Чимид гуайтай мөнгөний судалгаагаар ажиллаж, дараагаар нь геологч Т.Семейхан гуайтай хамтарч Монгол орны алтны шижирмэгэн ордын нэг саятын масштабын зураг болон Монгол орны геоморфологийн зураг зохиох төслүүд дээр ажиллаж байсан. 1994 оноос япончууд Монголтой хамтын ажиллагаа эхлүүлж, манай хүрээлэн дээр ЖАЙКА-гийн төсөл хэрэгжихээр болсон юм. Энэ төсөл дээр хоёр жил ажиллахдаа Японд хоёр сар мэргэжил дээшлүүлэх сургалтад сууснаар ерөнхийдөө “нүд нээгдсэн” гэж хэлж болно. 

Геологич хүнд хамгийн хүнд хэцүү  ажил хээрийн судалгаанд явах байдаг болов уу. Эмэгтэй геологчийн хувьд хээрийн судалгааны ажлын бэрхшээл болоод сайхан зүйл нь юу байдаг вэ?   

Өнгөрсөн зун би гурван удаа хээрийн судалгаа зохион байгуулж, зуны гурван сарын хугацаанд нийт 10 мянга орчим км замыг тууллаа. Ингээд бодоод үзэхээр жил бүр 10-11 мянган км замыг туулдаг юм шиг байна. Миний нэг удаагийн хээрийн ажлын хугацаа гурваас дөрвөн долоо хоног бөгөөд ажлын байдлаас хамаараад 3000 км, заримдаа 5-6 мянган км замыг туулах тохиолдол байдаг. Мэдээж хүндрэл, бэрхшээл байлгүй яахав.

Гэхдээ хүндрэл бэрхшээлээс илүүтэй сонирхолтой. Монгол орны байгаль орчин гэдэг маш өвөрмөц, сонин тогтоцтой. Огт давтагддаггүй. Жишээ нь би Оюутолгойн дэргэдэх Ханбогдын массивт 2005 оноос хойш жил бүр очиж байна. Очих бүрт нэг шинэ юм олдог. Энэ жил бүр хоёр ч шинэ юм олсон. Олсон зүйл маань магадгүй энэ талбайд шинээр ямар нэгэн үр дүн гаргах байх. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа. Хүндрэл, бэрхшээл их байдаг ч дандаа шинэ юмыг үзэж, харж, эрэлхийлж явдаг их сайхан мэргэжил юм шүү.

Ямар учир шалтгаанаар геологийн чиглэлийн багш болсон юм бэ?

Японы Геологийн албанд 1995 онд мэргэжил дээшлүүлэх курст суралцаж байхдаа Японы Засгийн газрын тэтгэлгээр докторт сурч буй нэгэн монгол эмэгтэйтэй танилцсан юм. Ингээд үүнийг судалж Японы Элчин сайдын яаман дээр шалгалт авдаг болохыг мэдсэн. Шалгалтын материалаа өгчихөөд хөдөө хээрийн ажилдаа явчихлаа.

Бүтэн нэг сарын турш хөдөө явж байгаад Улаанбаатар руу утсаар ярьтал шалгалт нэг өдрийн дараа гэж хэлдэг юм байна. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумнаас утсаар ярьсан би яаран сандран аймгийн төвд ирж, онгоцонд суудалгүй тул гуйж байж цүнхэн дээрээ суугаад “туулайчлан” хотод ирлээ. Иртэл Боловсролын яамны мэргэжилтнүүд “материалаа өгчихөөд сураггүй болсон танхай нөхөр” гээд шалгалтад оруулдаггүй. Тэгэхээр нь би “Энэ шалтгалтын төлөө хөдөө орон нутгаас 1000 км туулж ирсэн. Хөдөө ажлаар явсан учир шалгалтдаа бэлтгэж чадаагүй болохоор унах байх.

Гэхдээ ямар ч байсан энэ шалтгалтад нэг ороод үзье” гээд гуйлаа. Хөдөө нэг сар ажиллаад ирсэн миний нүүр, хацар сайртчихсан байсан болохоор итгээд, тэнцэхгүй гэж бодсон ч юм уу шалгалтад орохыг зөвшөөрлөө. Тэгээд эхний 12 хүнийг авна гэхэд миний нэр гуравдугаарт орсон. Японы Тохоку их сургуулийн Байгалийн ухааны факультетад магистрт хоёр жил, докторт гурван жил сурсан.

ШУТИС-ийн багш болоход тухайн үеийн ректор байсан профессор Д.Бадарч гуай их нөлөөлсөн. 2000 онд миний сурч байсан Тохоку их сургууль болон ШУТИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, тэр үед Бадарч багштай танилцах завшаан тохиосноор боловсрол, шинжлэх ухааны салбар гэдэг улс орны ирээдүйд ямар их чухал болохыг, бас эх орондоо очоод боловсролын салбарт ажиллах хэрэгтэй юм гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн.

2002 онд доктор цол хамгаалж, Тохоку их сургуульд нэг жил уригдан судлаачаар ажилласан. 2003 онд нутагтаа иртэл  ШУТИС-ийн Геологийн сургуулийн ашигт малтмалын хайгуулын багт багш маш их дутагдалтай тухай Г.Ухнаа  хэлж, багшлах санал тавьсан юм. Одоо энэ багт 10 дахь жилдээ багшилж байна. Өнгөрсөн хугацаанд Геологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг таван жил хашсан. Одоо Ашигт малтмалын эрэл хайгуулын багийн тэргүүлэх профессороор ажиллаж байна.

Алтны судалгаагаар ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн Та яагаад газрын ховор элементтэй холбогдох  болсон юм бэ?

Ер нь бол алт зэс хоёр хам орших онцлогтой юм. Тиймээс сүүлийн үед зэсийн судалгааг нэлээд сонирхдог болсон. Газрын ховор элементийн шинэ хэрэглээг нээснээр хөгжингүй орнуудын хэрэглээ ихэсч, улмаар  Монгол орны газрын ховор элементийн хэтийн төлөвийн байдалтай танилцах зорилгоор Японы геологийн албаны мэргэжилтэн доктор  Ватанабэтай хамтран ажиллаж эхэлсэн. Газрын ховор элемент бол миний хувьд цоо шинэ зүйл. Энэ элемент нь эх газрын нөхцөлд геологийн өвөрмөц тогтоцыг шаардан үүсч бий болдог, манай орны хувьд байж болох бүрэн боломжтой юм. Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан,  зөвлөх геологч Д.Гарамжав гуайтай хамтарч энэ чиглэлийн судалгааг хийж байна. Одоогийн байдлаар Лугийн гол, Мушгиа худаг, Халзан бүргэдэй, Хотгор гэсэн дөрвөн ордын нөөц нь тогтоогдсон, 70 гаруй илрэл байдаг. Эдгээрийн хэтийн төлөвийг тодруулахад багагүй хөрөнгө шаардалагатайгаас гадна геологчийн мэдлэг, туршлага чухал юм. 

Газрын ховор элементийг олборлоход байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү?          

Газрын ховор элемент нь тодорхой хэмжээгээр цацраг идэвхит шинж чанартай, уран болоод тори зэрэг элементтэй заавал хам оршдог. Тиймээс олборлолтын үед байгаль орчинд тодорхой хэмжээ сөрөг нөлөө үзүүлнэ.
 
Ингэхэд Та Япон улсад ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм?

Би их сургуулиа төгсөөд алтны ордын хайгуул дээр ажиллаж, энэ чиглэлээрээ алтны хүдэржилтийн судалгаа хийдэг байлаа. Миний докторын ажлын удирдагч профессор Фужимаки нь гүний чулуулгийн геохимийн судалгаа хийдэг хүн байсан болохоор “Цагаан Цахир уулын алтны ордын интрузив чулуулгийн петрохими” сэдвээр доктор цолоо хамгаалсан юм. Докторын ажил маань гүний чулуулгийн геохимийн судалгаа байсан тул сэдэв маань эргээд ашигт малтмал ба чулуулгийн хоорондын хамаарал улмаар газрын ховор элементийн судалгаа, түүний байгалийн зүй тогтлыг ойлгоход сайнаар нөлөөлсөн.

Хархорины 10 жилийн анги даасан багш маань “Манай ангид чамаас илүү математикаар явах хүүхэд байна. Харин химийн хичээлд чамаас сайн хүүхдийг суманд байтугай аймагтаа эрээд олдохгүй” гэдэг байж билээ. Тэгэхэд би математикийн багш болно гэж зөрөөд багшийнхаа үгэнд ороогүй юм. Гэтэл өнөөдөр миний хийж буй судалгаа химигүйгээр явахгүй юм шүү дээ.

Геологийн нэгдүгээр ангид сурч байхад ангийн багш Г.Сэрээготов маань “Термобарогеохими” гэдэг судалгаа Монголд шинээр орж ирж байгаа, иймд энэ чиглэлээр нэг хүүхдийг эхнээс нь сургамаар байна. Чи энэ судалгаагаар явах хэрэгтэй” гээд орос ном уншуулдаг байсан ч би тэр үед гүнзгий ухаарч ойлголгүй бас л дутуу хаясан юм. Аливаа ашигт малтмалын ордын гарал үүслийн судалгааг “ормын судалгаа”-гүйгээр хийхгүй. Миний одоогийн нэг зорилго бол залуу багш, оюутнуудыг ашигт малтмалын ордын судалгааг өөрсдөө гардан хийдэг аргачлалд сургахыг бодож явдаг. Энэ жил Япон улсаас манай сургуульд шинэ микроскоп бэлэглэсэн. Одоо  “ормын судалгаа”-ны багажтай болох зорилго тавиад инновацийн төсөл судалж сууна.

Би хичээлээ заахдаа хамгийн түрүүнд, геологийн шинжлэх ухаан бол байгалийн шинжлэх ухааны цогц юм. Геохими, геостатистик, геофизик гэдэг нэрээр бид өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж байдаг гэж эхлэх дуртай. Байгаль орчны зүй тогтол, үзэгдлийг үндсэн онолын үүднээс нь судална гэдэг маш сонирхолтой. Энэ судалгаанд нэг орсон хүн эргээд гарч чадахгүй байх гэж би боддог.

Геологийн шинжлэх ухааныг уул уурхайн салбараас салгаж ойлгож болохгүй байх?

Геологи нь илүү танин мэдэхүйн шинж чанартай, байгаль судлалын шинжлэх ухаан юм. Аливаа шинжлэх ухаан хэрэглээгүй бол үхмэл болно гэж боддог. Тиймээс геологийн шинжлэх ухааны гол хэрэглээ нь ашигт малтмал, түүнийг эрж хайх байдаг бол уул уурхай нь олборлож, боловсруулдаг нь юм. “Геологи бол үйлдвэрлэлийг төрүүлэгч пионер” гэж нэгэн цагт В.И.Ленин багш хэлсэн байдаг. Үйлдвэрлэлгүйгээр аливаа улс орон хөгжихгүй гэж би ойлгодог. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ Засгийн газар зөв бодлого баримтлан, зөв хөгжүүлэх хэрэгтэй.

Уул уурхайн салбар нь нэг хэсэг дэндүү задгай байсан учир өнөөдөр Монголын ард түмэн ингэж эсэргүүцэж байгаа болов уу. Геологи хайгуулын ажлаар малын бэлчээрийг эвтгэж, сүйтгэж байгаа асуудал байхгүй. 10 мянганы нэг хувь нь л бидний ажилд өртдөг. Алтны судалгаагаар багагүй хугацаанд ажиллаж ирсний хувьд алтны шижирмэгэн ордыг ашиглаж дууслаа гээд яаран булаад байх шаардлагагүй юм шиг санагддаг. Ер нь бол алтны шижирмэгэн орд хөрсний ус, шар усны үерийн усаар угаагдаж орчин үед ч зөөгдөл хуримтлал явагдаж байна.

Өнөөдөр Монгол орны газар нутгийн хэдэн хувьд нь геологийн бүрэн судалгаа хийгдсэн бэ?

Ер нь аливаа улс орон өөрийн эрдэнэсийн санг бүртгэж, мэдэж байх хэрэгтэй болов уу. Үүнийг зөвхөн геологч хүн л хийнэ. Геологийн судалгааг хэд хэдэн үе шатаар хийдэг. Юуны түрүүнд тодорхой масштабаар зураглалын ажлуудыг хийдэг. Тухайн зураглалын ажлуудад гарсан ашигт малтмалын орд, илрэлүүдийг нарийвчлан судалдаг. Одоогоор Монгол орны газар нутагт 200 мянганы масштабын зураглал бүрэн хийгдсэн гэж үздэг. Харин 50 мянганы масштабын зураглал дөнгөж хорь гаруй хувьтай явагдаж байна. 50 мянганы масштабаар бүрхэнэ гэдэг нь 500 метр тутамд геологич хүн алхаж, тэр талбайн геологийн тогтоцыг, ашигт малтмалыг тэмдэглэж бичнэ гэсэн үг. Энэ нь эргээд уул уурхай, эдийн засгаа хөгжүүлэх улсын бодлогод маш чухал хэрэгтэй.

Монгол улсын ашигт малтмалын ангилал олон улсын ангилалаас зөрдөг?

Аливаа ашигт малтмалыг гарал үүсэл, түүний орд илрэлийн тархалт, байршлын зүй тогтлоор нь системчилж ирсэн. Тэр системчлэлийг металлоген гэдэг нэрээр ашигладаг. Металлогений судалгаа гэдэг нь Оросоор дамжин Монголд орж ирсэн. Оросын үндсэн суурь шинжлэх ухаан маш сайн. Хэдий тийм боловч учир дутагдалтай зүйл бас бий. Өнөөдөр барууныхан орж ирээд маш өндөр түвшний судалгаа хийж байна. Ямар ч металл бай өнөөдрийн Монгол улсын баримталж байгаа ангилалыг олон улсын ангилалд дөхүүлэх хэрэгтэй байгаа юм.

АНУ-ын Геологийн албаны Кокс гэдэг хүний 1980-аад оны үед гаргасан ангилал байгаа. Түүгээр бид зэс, алт, газрын ховор элементийг харьцуулж үзэхээр зөрдөг. Учир нь манайд нарийн судалгаа нь хийгдээгүй, зөвхөн ашиглаад олборлох тал руугаа их хандсан байдаг. Ашигт малтмалын гарал үүсэл зэрэг шинжлэх ухаан талын нарийн судалгаа, изотопын судалгаа хийгдээгүй байдаг учир олон улсын ангилалд оруулж болдоггүй.

Манай ахмад үеийн чадварлаг мэргэжилтнүүд ажиллах чадвартай байгаа энэ үед залуу үеийнхэнтэй нэгдсэн баг байгуулж, Монгол орны алт, зэс, цагаан алт, газрын ховор элементийн метиллогений судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх хэрэгтэй байгаа юм. Ашигт малтмалын тархалт байршлын зүй тогтлыг суурь тектоник, геодинамик, структур, геологитой нь холбоод, цэгцлээд, системчлээд, гарал үүслээр нь ангилаад, барууны ангилалд оруулсан шинэ зургуудыг гаргах шаардлагатай.  Ингэснээр Монгол улсын эрдсийн баялгийн хэтийн төлөвийг тодорхойлж,цаашдын судалгааны чигийг гаргаж өгөх нь чухал юм.

Эмэгтэй геологчийн хувьд Таны бодож, хүсч явдаг зүйл юу вэ?

Эмэгтэй хүн болоод ч тэр үү, жаахан нас ахиад ч тэр үү үнэт эрдэнийн чулуу их сонирхдог. Тэгээд манай орны геологийн тогтоцоос харж байхад маргад эрдэнэ, индранил зэрэг чулуунууд баймаар санагддаг. 2010 онд Хяргас нуурын хойд талд Ханхөхийн нуруудаар өндөр даралтын метамофизм судалдаг Японы геологчидтой хамт явж байхдаа голын эргээс улаан хүрэн өнгийн товруутай хайрга олсон юм. Тэдэнд өнөөх хайргаа үзүүлтэл далд талстлаг бадмаараг байна гэж билээ. Ийм чулуулгууд өндөр даралтын метамофизмд үүсдэг. Үнэт эдлэлийн гоё чулуунуудыг Монголоосоо хайж олох сон гэж би бодож явдаг юм.
 
Мөн энэхүү завшааныг далимдуулаад Монгол улсад Геологийн алба үүсэн байгуулагдсаны 74 жилийн ойн мэндийг мэргэжил нэгт нөхдөдөө уламжилж, Монголын геологчдын нүд нь хурц, алх нь мэргэн байхыг хүсье.

Танд баярлалаа.

Ярилцсан Э.Оджаргал

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn  

         

               

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж