АНУ 35 орны удирдагчдын утсыг танджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

АНУ 35 орны удирдагчдын утсыг танджээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба /NSA/- ны увайгүй үйлдлүүдийн талаар тагнуулын газрын экс ажилтан Эдвард Сноуден ээлж дараалан илчилсээр байна. Хамгийн сүүлд  “The Guardian” сонин өнөөдөр /Х.25/ Эдвард Сноудений мэдээлэлд тулгуурлан АНУ-ын тагнуулын тусгай алба гадны 35 орны Төрийн тэргүүн, удирдагчдын 200 орчим утасны дугаарыг цуглуулж, үүгээрээ дамжуулан тэдний талаар хэрэгцээт мэдээлэл олж авдаг байсан тухай мэдээлэл цацаж, шуугиан тариад байна. Одоогийн байдлаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба Бразиль, Мексикийн Ерөнхийлөгчид болон Германы канцлер Ангела Меркель нарын утсан харилцааг чагнаж, тандсан гэх мэдээлэл ил болоод буй юм. Мөн Францын иргэд, бизнесмен, албаныхны 70 сая орчим утасны яриаг чагнаж тандсан гэх бөгөөд Вашингтонд байрлах Европын холбооны байр, зарим орны Элчин сайдын яамдуудаас чагнах төхөөрөмж илэрсэн билээ. Одоо дэлхий нийт АНУ-ын тагнаж, турших ажиллагааны хохирогч болсон олон орны төрийн дээд албаныхан, удирдагчид хэн бэ гэсэн гайхширсан харцаар “шүгэл үлээгч” Эдвард Сноуден амыг харж байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж