Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Шархүү миний бие өчигдөр тохиолдсон бүгдээ уудлахаар шийдлээ.  Гол нь миний гомдлыг сонсох хүн байхгүй болохоор ганц удаа “мэргэжлээ” ашиглаад холбогдох байгууллагынх нь  удирдлагуудын сонорт хүргэх гэсэн юм. Дарга нар өөр юм яриад, цэргүүд нь хийдүүлээд байдаг ч юм уу, бүү мэд.

Улаанбаатар хот үүссэний 374 жилийн ой аравдугаар сарын 29 буюу ирэх мягмар гаригт тохиож байгаа юм. Нийслэлийн удирдлагууд хотынхоо ойд зориулж, олон  ажил хийж байгаа юм билээ. Даанч хотынхоо захын хорооллуудыг мартчихаад байгаа болохоос. Хараад байхад нийслэлийнхээ төв рүү чиглэсэн ажил хийгээд байгаа нь илт.

Өчигдөр орой ажлаа тараад зургаан номерийн “Өнөр хороолол”-ийн 5443 УНЧ автобусанд суугаад гэр рүүгээ явлаа. Жолооч дүрсгүйтмээр санагдсан уу, эсвэл  дуут дохиог шаардлагатай үед хэрэглэнэ гэдгээ мэддэггүй юм уу,  бараг таван минутын турш зогсоо зайгүй сигналдав. Дүлий хүнд сонсогдохоор хонхоо чарлуулсан жолоочийн тэнэг үйлдлээс болж хөгшин настай, зүрх муутай хүн харваад ойчмоор  л  болсон доо.  Золоор харин тийм явдал гараагүй. Тэр хойно суугаа зорчигч жолоочид “болиоч” гэсэн шаардлага тавьсан ч амжилт олсонгүй.  Хэрэг явдал зөвхөн үүгээр дууссан бол бас ч яамай гэхсэн. Автобусны жолооч III эмнэлгийн буудал дээр ирэнгүүтээ зорчигчдоо арынхаа тэргэнд суухыг үүрэгдэв. Үүнийг эсэргүүцсэн 40 эргэм насын залууг жолооч нь бараг л барьж зодох нь ээ.  Ер нь бол манай нийтийн тээвэрт нэг иймэрхүү соёлгүй бүдүүлэг байдал газар авчихсан. Шаардлага тавихаар өмнөөс нь хэрэлддэг, барьж зоддог. Хүссэн газраа зорчигчдоо буулгадаг. Зорчигчид нь ч хэлсэн үгээр сууж буусаар байгаад тэднийг бүр “даам гаргачихсан” бололтой юм.  Мөнгөө төлөөд суусан бол ганц зорчигчтой байсан  ч хамаагүй чиглэлийнхээ дагуу явах ёстой биз дээ. Тэртээ тэргүй татвар төлөгчдийн мөнгөөр нийтийн тээврийн компаниуд “амьдардаг” байж зорчигчдодоо сэтгэл гаргаад үйлчилж яагаад болохгүй гэж. Үнэнийг хэлэхэд “Өнөр хороолол”-ийн автобуснууд байнга л худлаа шалтаг хэлж, зорчигчдоо замын голд буулгаж, өөр хоорондоо шилжүүлж, мах ачиж яваа юм шиг аягладаг.

Хэрүүл, уруул, түгжрэл дунд арайхийж гэрийн бараа хартал  /СХД-ийн тавдугаар хороо/ тог байдаггүй ээ, бас л тасарчихаж. Ойрын үед байнгын цахилгааны асуудалтай байгаа болохоор “гунигт” хувь заяатайгаа  эвлэрээд шууд л хөнжилдөө шургаад авлаа.  Даваа, мягмар, лхавга, пүрэв гээд тог тасраагүй өнжсөн өдөр сүүлийн 14 хоногт бараг алга. Тог тасрахаар нь 310005 гэх шуурхай мэдээлэл авдаг нэртэй утас руу нь залгана.  Дуудаад л байна, дуудаад л байна, ер авахгүй дээ.  Өчигдөр гэхэд  бараг  нэг цагийн турш шуурхайн мэдээллийн 310005 утастай холбогдох гэж оролдоод барсангүй. Ямар учраас “утас, шөрмөс”-өө авахгүй алга болчихсоныг өчигдөр жижүүрлэсэн нөхдүүдээд асуучихад гэмгүй биз. Өмнөх орой нь /лхагва гаригт/ холбогдсон нөхрөөс  цахилгааны саатал гарсан гэдгийг сонссон л доо.  Гэхдээ  орой болгон  тогтсон цагт тасардаг яасан “ухаалаг”  гэмтэл гээч нь вэ. Хэрэвзээ тогны хязгаарлалт хийж байгаа юм бол түүнийгээ ядаж л хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг байгаач ээ, УБЦТС-нийхэн. Тэгвэл хүмүүс тэр хязгаарлалтаас өмнө хоол ундаа хийгээд, хувцас хунараа индүүдээд авна биз дээ. Чимээгүй байж байгаад гэнэт тасалж хэрэглэгчдээ бухимдуулж, кайф авахыг хүсээгүй л юм бол шүү дээ. Гэмтэл гарсан юм бол цаг тухайд нь хурдан шуурхай засчихаж болмоор л юм. Гэтэл орой болгон гэмтэл гараад хэдэн цагаар тасарчихдаг нь ямар  учиртай болохыг УБЦТС-нийхнээс асуумаар байна.

Тэнд хөгшин хөвөө, нүдтэй нүдгүй өчнөөн хүн амьдарч байгаа нь хамаагүй гэж үү. Тог цахилгааны талаар мэдээлэл өгдөг гэх 70047004 утас руу нь залгаж цахилгаан хэзээ ирэхийг нь лавлах гэсэн боловч байнгын “завгүй” гэсэн дохио өгдөг.  УБЦТС чинь уг нь бизнесийн газар биз дээ.  Монополь эрхтэй болохоороо  тог цахилгаанаа дураараа тасалж, хэрэглэгчдээ чирэгдүүлж болно гэж боддоггүй  л юм бол сар бүхэн төлбөрөө төлж байгаагийнхаа хувьд цахилгааны хязгаарлалтад өртөж, үдэш болгон “таг харанхуй”-д амьдармааргүй байна шүү.  Их хотынхоо 374 жилийнхээ ойг тэмдэглэхээр нүсэр төлөвлөгөө гаргасан нийслэлийн удирдлагуудад гэр хорооллынхон нь тог, цахилгаангүй “тарвага” шиг амьдарч хэлэх гэсэн юм. Ухна ишигний зовлонг ойлгохгүй болохоор тэд яаж, гэр хорооллынхны “харанхуйн” зовлонг мэдрэх вэ дээ. Гэхдээ л….

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж