Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт харилцаа

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт харилцаа

Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой холбогдуулан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, нийгэм, улс төрийн шинжлэх ухааны доктор Ж.Ломбын ярилцлагыг толилуулж байна.

-Монгол Улс БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг саяхан хоёр оронд тэмдэглэн өнгөрүүллээ.Таныг Монгол, Солонгосын харилцааг хөгжүүлэх салбарт  олон жил хүчин зүтгэсэн, хоёр орны харилцааны чиглэлээр судалгаа хийж , хэд хэдэн ном туурвиж, БНАСАУ-д эрдмийн цол хамгаалсан ахмад дипломат гэдгийг мэднэ. Монгол улс БНАСАУ-ын уламжлалт харилцааны талаар яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө танай сонины хамт олон намайг энэхүү ярилцлагад урьсан явдалд талархал илэрхийлж, та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.

Миний бие 1970 аад оны эхээр БНАСАУ-д Ким Ир Сений нэрэмжит их сургуульд суралцан төгсснөөс хойш Гадаад харилцааны яамны системд 40 шахам жил ажиллахдаа 28 жил нь Умард, Өмнөд Солонгост суугаа ЭСЯ-нд дипломат алба хашсан бөгөөд үүнээс 2001-2008 онд Монгол улсаас БНАСАУ-д Элчин сайдаар ажилласан. Энэ хугацаанд Монгол,Солонгосын харилцаа, Солонгосын хойг, бүс нутгийн асуудалтай холбоотой ажилласан болохоор  янз бүрийн дурсамж, дурьдатгалаар дүүрэн он жилүүд байж дээ. Ажиллах хугацаандаа  хэд хэдэн ном бичиж, хэвлүүлсэн маань уншигч, судлаач, оюутан залуусын мэдлэг мэдээлэлд зохих тус дэм болж байгаа тухай урмын үг сонсоход таатай байдаг.

Монгол улс БНАСАУ-тай ЗХУ-ын дараагаар 1948 оны 10 дугаар сарын 15 –нд харилцан хүлээн зөвшөөрөлцөж, дипломат харилцаа тогтоосон хоёрдахь орон бөгөөд 1950-1953 оны Солонгосын дайны үед хоёр талдаа Элчин сайдын Яамаа харилцан нээж байсан түүхтэй. Монгол Улсаас БНАСАУ-д сууж байсан анхны Элчин сайдаар Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуу томилогдон ажиллаж, БНАСАУ-ын нам, төрийн тэргүүн Ким Ир Сентэй ойр дотно харилцаатай байсан бөгөөд тэдний тухай  үлгэр домог мэт яриа ард түмний дунд дэлгэрсэн байдаг.Ерөнхийлөгч Ким Ир Сен Монгол Улсад 1956,1988 онд хоёр удаа төрийн айлчлал хийсэн бөгөөд 1988 онд айлчлахдаа Ж.Самбуу гуайн хүүхдүүдтэй зориуд уулзан тэднийг БНАСАУ-д нэг бус удаа урьж айлчлуулан үр хүүхдийг нь Солонгосын их дээд сургуульд сурган боловсрол олгож байсан нь их ойр дотно харилцаатай байсны дээр Ким Ир Сен гуай их хүнлэг хүн байсны илрэл юм. Ж.Самбуу гуайн хүү  С.Сүрэнжав том багадаа БНАСАУ-д байхдаа Ким Ир Сений хүү Ким Жөн Иртэй хамт тоглож байснаа дурсан ярьдаг байсансан.

БНАСАУ-ын үе үеийн удирдагчид, ард түмэн “зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээн ярьж дурсах дуртай.Солонгосын дайны үед манай улс Солонгосын ард түмэнд сэтгэл санааны болон эд материалын тусламж, дэмжлэг үзүүлж 226 мянган толгой  мал, хүнсний бүтээгдэхүүн, эд бараа илгээж, дайнд өнчирсөн 200 хүүхдийг багш нарын хамт  1952-1959 онд Монголд авч ирэн өсгөн хүмүүжүүлж байсан сайхан түүх бий. БНАСАУ ч манай улсад тохиолдсон байгалын гамшигийн үеэр эд материалын тусламж үзүүлж, Төв аймгийн Алтанбулаг суманд дунд сургууль барьж өгч байв.

-Хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар Та ямар бодолтой байдаг вэ?

-Өнгөрсөн зууны эцсээр социалист систем задарч, улс орнууд өөр өөрийн сонгосон замаар замнаж түүхийн нугачаанд янз бүрийн асуудал тулгарч байсан ч Монгол, БНАСАУ-ын харилцаа хэлбэрэлтгүй хөгжсөөр байна. Сүүлийн жилүүдэд хоёр тал өнөө үеийн олон улсын тавцанд өрнөсөн  нөхцөл байдалтай уялдуулан харилцааны эрх зүйн үндэс болсон гэрээ хэлэлцээрүүдийг шинэчлэн байгуулж, төр засгийн дээд, өндөр түвшний айлчлалуудыг хэрэгжүүлж байна.Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайд 2003 онд, Монгол Улсын Ерөнхийлөгч 2004 онд БНАСАУ-д, БНАСАУ-ын АДХТ-ийн дарга 2007 онд, Ардын дээд хурлын дарга 2011 онд Монгол Улсад айлчилж, Гадаад харилцааны сайд нар харилцан айлчилж, Эдийн засаг Шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж, соёл боловсрол, олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагаа  хөгжсөөр байна.

Цаашид хоёр орны уламжлалт харилцааг бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэж үздэг. Монгол,Солонгост ”найз нөхрийн хуучин нь, хувцасны шинэ нь дээр“ гэсэн нийтлэг зүйр үг байдагчлан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар ч үед хэлбэрэлтгүй бэхжин хөгжинө гэдэгт итгэж байна.

-Хоёр орны хоорондын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар та  ямар бодолтой байдаг вэ?

Манай хоёр орон худалдаа, эдийн засгийн салбарт уламжлалт харилцаатай, хамтран ажиллаж ирсэн туршлагатай.Монголчууд Солонгосоос цагаан будаа, алим,  жимс, биеийн тамирын хувцас, шүхэр зэрэг өргөн хэрэглээний бараа барилгын материал, багаж техникийг импортлон,арьс шир ноос ноолуур, гурил зэрэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж ирсэн.

1970–аад оны үед Монголд коксжих нүүрсний орд газрыг хамтран нээн ашиглах, 1980 аад онд  шөрмөсөн чулуунаас бөс давуу гаргадаг БНАСАУ-ын технологийг Монголын хонины ноостой  нийлүүлэн бөс давуу үйлдвэрлэхээр тохиролцон удирдагч  Ким Ир Сений урилгаар 20  оюутныг сонгон БНАСАУ-ын химийн үйлдвэрийн дээд сургуульд сурган төгсгөсөн боловч тухай үеийн нөхцөл, байдлаас шалтгаалан хэрэгжээгүй өнгөрсөн юм.Гэвч үйлдвэрийн гол түүхий эд болох  шөрмөсөн чулуу, хонины ноос, бэлтгэгдсэн боловсон хүчин, технологи нь байгаа болохоор хоёр тал сэргээн хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзнэ. Өнөөдөр манайхны яриад, маргаад байгаа сургуулийн хүүхдийн формын хувцастай холбоотой асуудлыг дээрх хэлбэрээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой мэт. БНАСАУ чулуунаас давуу гаргадаг  технологийг эзэмшснээр  ард түмнийхээ хувцасны асуудлыг шийдэж, түүнээс дагалдан гарах 30 гаруй  бүтээгдэхүүнийг амьдрал ахуйдаа ашигладаг.

Мөн намайг БНАСАУ-д ажиллаж байх үед анхлан хэлэлцэж, эрх зүйн үндсийг нь тавьсан  ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын хилийн  уулзварт орших “ алтан гурвалжин” хэмээх Түмэн голын сав газарт нээгдсэн Расоны эдийн засгийн чөлөөт бүсийг хамтран ашиглах, БНАСАУ-ын далайн боомтуудыг хөнгөлттэй нөхцлөөр ашиглах зэрэг төслүүд олон удаа яригдаж байгаа боловч одоо хир биелэлээ олохгүй байгаагийн учир шалтгааныг тайлж хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу гэж боддог. БНАСАУ-ын  Расоны эдийн засгийн чөлөөт бүсийн төсөлд оролцох нь далайд гарцгүй  манай орны хувьд гадаад зах зээлтэй холбогдох хамгийн дөт зам нээгдэх юм.

БНАСАУ эдүүгээ эдийн засгийн хувьд  бэрхшээлтэй байгаа хэдий ч 25 сая хүн амтай, манай улстай төмөр замаар холбогдсон, газар нутгийн хувьд далайн гарцтай болох  хамгийн дөт орны хувьд худалдаа, эдийн засгийн салбарт харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломтой зах зээл гэж үзнэ.

Өнөөдөр БНАСАУ-аас цөөнгүй тооны ажиллах хүч манай улсын бүтээн байгуулалтад оролцож байна.Цаашид барилга, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломж, ирээдүй байна гэж үзнэ. Энэ чиглэлээр хувийн хэвшлийнхний хооронд хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгаа нь сайшаалтай. Хэдэн жилийн өмнө  БНАСАУ-д ямааны аж ахуй хөгжүүлэх эхлэл тавьж, Монголд тэмээн хяруулын аж ахуй хөгжүүлэхэд хамтран ажиллахаар ярилцаж байсныг сэргээн хэрэгжүүлж болох юм.БНАСАУ 1990 –ээд онд 20 бүл тэмээн хяруулыг 10 хүрэхгүй жилд 10 мянган толгойд хүргэсэн туршлагатай орон билээ.Манай улсын удирдах албан тушаалтанууд болон мэргэжлийн олон хүн очиж танилцаад хэзээ мөдгүй хэрэгжүүлэхээр ярьж байсан ч манайхны “маргааш”-ийн үлгэрээр өдий хүрсэн.

Мөн БНАСАУ бол үзэсгэлэнт сайхан байгаль,түүх дурсгалын газруудтай орон бөгөөд хөрш зэргэлдээ орнуудтай хоршин аялал, жуулчлалыг хөгжүүлэх боломжтой билээ.

-Та Солонгосын нэгдэл, хойгийн байдлын талаар санаа бодлоо хуваалцана уу?

Солонгос орон хуваагдснаас хойш 70 шахам жил болжээ.1950-1953 оны Солонгосын дайны улмаас 10 сая гаруй гэр бүл, төрөл төрөгсөд салж сарнисан гэж үздэг.Түүнээс хойш хүний амьдарлын 2-3 үе өнгөрч байна.Умард, Өмнөд Солонгост ажиллаж, амьдрахдаа хойгийн байдлыг харьцуулан үзэж, сонирхон судалж  байсны хувьд Солонгос үндэстэн үнэхээр нэгдэх хүсэл эрмэлзэлтэйг мэдэрсэн.

Солонгосчууд маань цэрэг зэвсгээр хөөцөлдөлгүй, түүнээ  хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулж,  эх орноо нэгтгэвэл  70 гаруй сая хүн амтай, Азидаа  тэргүүний хөгжилтэй орнуудын нэг болох юмдаа гэсэн бодолтой байдаг.

Солонгосын хойгийн асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж, маргаантай асуудлыг энх тайвнаар зохицуулах талаар олон улсын хооронд янз бүрийн төвшинд яриа, хэлэлцээ явагдаж байгаа хэдий ч төдийлэн ахиц гарахгүй эргэж буцсан хэлбэрээр үргэлжиж байгаа нь харамсалтай.Иймд Солонгосын хойгийн асуудлаар яриа хэлэлцээнд оролцогч талуудын адил тэнцүү хүчин чармайлтын дүнд ахиц дэвшилд хүрэх болов уу хэмээн өөдрөгөөр харж байна.Бүс нутаг ялангуяа Зүүн хойд Азийн  энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд манай улсын оролцоо нэн чухал юм.

Б.ГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж