Мирослав Клозе рекорд эвдэх бололтой

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Мирослав Клозе рекорд эвдэх бололтой

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Германы шигшээ баг хүчтэй байгаагаа батлан харуулж, Австралийн шигшээг 4:0-ээр бут ниргэсэн билээ. Тэгвэл энэ тоглолтын үеэр нэгэн тоглогч дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтын шилдэг тавд орж ирэх гоолыг оруулсан нь Мирослав Клозе байлаа. Тэрбээр тоглолтын 26 дахь минутанд Австралийн хаалгач Марк Шварцерийн хаалганд толгойгоороо мөргөж, гоол оруулсан юм. Энэ гоол нь Клозегийн ДАШТ-д оруулж байгаа 11 дэх бөмбөг байлаа. Өмнө нь тэрбээр 2002 онд таван гоол оруулсан бөгөөд гайхалтай нь, бүгдийг нь мөргөж оруулсан бол 2006 онд өөрийн улсад болсон ДАШТ-д мөн таван гоолыг хөлөөрөө оруулжээ. Энэ амжилтаараа тэрбээр дэлхийн аваргын бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг мэргэн буучдын жагсаалтын тавдугаарт бичигдэх амжилт гаргасан бөгөөд нутаг нэгт Ю.Клинсман, Унгарын шилдэг тамирчин С.Коксис нартай зэрэгцэж байгаа юм. Харин энэ жагсаалтын дөрөвт Бразил улсын агуу хөлбөмбөгчин Пеле 12 гоолтойгоор ордог бол гуравдугаар байрт Францын тамирчин Жаст Фонтайне 13 гоолтойгоор, хоёрдугаарт Германы Герд Мюллер 14 гоолоор ордог ажээ. Тэгвэл ДАШТ-д хамгийн их гоол оруулсан хөлбөмбөгч нь Бразилийн домогт Роналдо бөгөөд тэрбээр нийт гурван удаа оролцож, 15 гоол оруулж байжээ.

Ямартай ч Германы шигшээ багийн “алтан толгой” хочит Мирослав Клозе энэ жилийн дэлхийн аваргаар дахин таван гоолыг хийвэл түүхэнд нэгдүгээрт бичигдэх болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж