…Зорчигчдоо гурван цаг хүлээлгэсэн МИАТ- ийн онгоцонд … (2013-09-15, Сөүл-Улаанбаатар ОМ302)
-Та үхрийн мах, тахианы махны алиныг авах вэ?
-Үхрийнх
-Уучлаарай үхрийнх дуусчихсан байна. Та тахиан мах авчих, манай тахиа их амттай.
-За, тэгье ээ.
-Та юу уух вэ?
-Дарс
-Улаан уу, цагаан уу?
-Улаан
-Улаан вино дуусчихаж, одоо аваад ирнэ.
-Алимны шүүс авчихъя доо.
-Алимных дууссан байна, одоо ирнэ ээ.
…Онгоцонд ирсэн талхны хачир маслог нь задалтал хоолтой хамт халаагаад юу ч үгүй хайлуулчихаж. Эгээ л хувцсаа тосоор будчихсангүй. Үйлчлэгчийг дэргэдүүр явахад энэ тухай сэмээрхэн хэлтэл. “Өө яана аа, уучлаарай” гэх нь байтугай санаа зовсон дүр ч эсгэсэнгүй. Бараг ширэв татав. Дэргэд суусан ах ногоон цайгаа шингэлээд уучих санаатай үйлчлэгч рүү хоёр, гурав дохисноо залхаад “За ус авахаа больё доо” гэсэн юм…
Энэ бол фэйсбүүкээс авсан ишлэл. Агаар муугаас, техникийн саатлаас, бусад олон шалтгаанаар МИАТ болоод Монголын бусад авиа компанийн онгоц саатах нь олонтаа. Нэг, хоёр цагийг хүмүүс “duty free”-гээр хэсээд ч бол өнгөрөөчихнө. Харин 3-4, магад арван цаг саатлаа гэхэд Монголын онгоцны үйлчилгээг сонгосон гадаад, дотоодын олон зуун зорчигч нисэх буудлын нийтийн сандал бараадан өнгөрөөдөг. Сандал олдохгүй үед цаасан хайрцган дээр хөлөө жийн суусан, бүр хажуулдан хэвтсэн, унтаж “амарсан” зорчигчдыг Инчён, Шереметьев, Бээжингийн нисэх буудлын хаанаас ч харж болно. Тэдгээр хүмүүс Айр чайна, Корейн айрыг сонгож үйлчлүүлээгүйдээ харамсаад үлддэг. Гадны компаниуд онгоц саатсан, хойшилсон үед зорчигчдоо ая тухтай тухтай байлгаж зочид буудалд байрлуулан хооллож, ундалдаг төдийгүй нөхөн төлбөр ч өгөх нь бий. Нэг удаагийн нислэгээр багадаа л зуу гаруй зорчигч үйлчлүүлдэг. Тэд онгоцноос буумагцаа амжуулахаар төлөвлөсөн ажил, амин чухал уулзалт, өөр унаанд дамжин суух гээд юүг эс төлөвлөх билээ. Энэ бүхнийг алдагдуулсан буруугаа хүлээж сурах нь авиа компаниудын хувьд төдийгүй Монголын маань нэр төрд нөлөөлөх билээ. Авиа компаниудын үйлчилгээ бол Монголыг зорин ирэх мянга, мянган зочдод Монголын тухай анхны сэтгэгдлийг үлдээж байдаг.
Онгоцны буудал дээр олон цагаар саатсан зорчигчид арайхийн “Чингис хаан” нисэх буудалд буумагцаа дахиад л хүлээхийн зовлонд учирдаг. Ачаа тээшийн дамжуулах туузан дамжуулагч ганцхан байдгаас тэр. Нислэг давхацсан үед цаг байтугай хүлээнэ. Том жижиг тээшнүүд нь шахцалдаж, багталцахгүй гацчих нь ч бий. Адил чемодантай хүмүүс андуурч эндүүрэх нь юу ч биш. Харин саяхнаас гадаад иргэдийг угтах танхимд шинэ туузан дамжуулагч байрлуулахаар засвар оруулсан байна лээ.
“Монголд урин цагт очиход сайхан сэвэлзүүр салхи угтдаг” гэсэн солонгос зочны үг далд утгыг давхар агуулжээ. Өвөл бол шууд л угаар угтдаг болоод тэр . Тэрбээр анх Монголд буучихаад “Энэ монголчууд арай морь, тэмээ, үхэр унаад угтах юм биш биз” гэж болгоомжилж байснаа нуугаагүй. Үнэхээр ч хөгжингүй орны зорчигчид бүү хэл сайхан газарт сар болоод ирэхэд л манай муу нисэх буудал Улаанбаатараас сумын төвд очих мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тэгэхээр гадныханд бол ямар харагдах нь тодорхой. Чингис хаан нисэх буудал онгоц хүлээн авах хоёр л хоолойтой. Тиймээс олон зорчигчийг тусгай автобусаар зөөдөг ч үүнийг өнгөрсөн зууны үйлчилгээ гэж халаглах нь бий. Нисэх буудлын угтагчдын танхимд байрлах “duty free” нэртэй хоёр киоск, тэдгээрийн үйлчилгээ ч гэж ичмээр ээ, ичмээр.
Энэ бүхнийг өөрчлөн шинэчлэхээр ярилцаж байгааг “Чингис хаан” нисэх буудлын дарга онцолж байсан. Харин ирэх оны төсөвт нисэх буудлыг хүчитгэн шинэчлэхэд шаардлагатай 3,5 тэрбум төгрөгийг батлах эсэх нь эргэлзээтэй. Гадаадын хөрөнгө оруулалт буурснаас болж хамаг л хөрөнгө оруулалтын зардлаа хасч танах аян зарласан түшээдэд нисэх буудлыг шинэчлэх эсэх нь хамаагүй мэт санагдаж мэднэ. Гэвч “Чингис хаан” нисэх буудал бол яалт ч үгүй Монголын үүд хаалга. Өөдлөх айл үүднээсээ ч гэдэг. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал баригдаж дуусах 1080 хоног Монголын нүүр царай болсон нисэх буудлаа өөд нь татаж, авиа компаниудын үйлчилгээг сайжруулахад анхаараасай.