Мал нядлахад эрүүл ахуйн шаардлага хамаагүй гэж үү?

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Мал нядлахад эрүүл ахуйн шаардлага хамаагүй гэж үү?

Монголчууд 40 гаруй сая малтай бөгөөд орчин цагийн аясаар уламжлалт маллагаанаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэдэгт сүүлийн жилүүдэд санал нэгдэх болж.

Ингээд улирлын чанартай бэлчээр сэлгэх, хашаалан малжих, бэлчээрлэхийг зогсоох, мал сүрэг болон сүргийн бүтцийг тохируулах, хашаа хороог зохион байгуулалттай болгох хэрэгтэй гэж буй. Тэгвэл үүний дараах шат буюу мал нядалгаа эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгааг бид мэдсээр байж, тоох ч үгүй хэрэглэсээр ирсэн. Хэн бүхний мэдэхээр бол малчны хотондоо малаа нядлаад ченжүүдэд зараад, ченжүүд хаана хадгалах, хэрхэн тээвэрлэхээ шийдээд наашаа нийлүүлж байна. Бүр ойрын нэг жишээ гэхэд, хүнсний том захуудад ууц, гулууз махыг шороон дунд зарж, тэр ч бүү хэл, хир буртаг нь дагтаршсан тэрэг, контейнерт тавьсан байхыг хараад ийм л мах бидний хоолойгоор орж байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бэрх. Тиймээс махан бүтээгдэхүүн маш ихээр хэрэглэдэг бидний хувьд эрүүл ахуйн шаардлагыг хангасан орчинд бэлтгэн, нийлүүлсэн хүнс хэрэглэх хэрэгтэй байна.

Боом өвчний тархалт нэмэгдэх аюултай гэв

Одоогоор СХД-ийн 32-р хороо, Эмээлт, Налайх, Хан-Уул дүүрэгт нийт 20 нядалгааны газар үйл ажиллагаа тогтмол явуулж байна. Мал нядалгааны орчин нөхцлийг тогтоохоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас саяхан шалгалт хийжээ. Шалгалтаар Сонгино-хайрхан, Хан-уул, Налайх дүүрэгт мал нядлах үйл ажиллагаа эрхлэн явуулж буй 14 аж ахуйн нэгж, зургаан иргэнийг хамруулсан байна. Мал нядалгааны газрууд нь хөдөө орон нутгаас туувраар болон тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн малыг нядалгаанд хүлээн авч, малын эмчийн үзлэг шинжилгээнд хамруулан, бүртгэл хөтөлж, нядалсны дараа зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн Нийслэл хотын хүнсний захуудад нийлүүлдэг ажээ. “Мах импекс”, ”Монгол мах экспо” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр нь журам, стандартын дагуу үйлдвэрлэлийн аргаар мал нядалгааг хийж, улсын нөөцөд болон гадаадад мах экспортлох үйл ажиллагааг эрхэлж буйг шалгалтынхан хэлсэн.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийн тухайд, 22-ын товчооноос “Эмээлт” зах хүртэлх зөвшөөрөлгүй цэгт малын худалдаа эрхлэх, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай газар мал нядалж байгаа,

-Шалгалтад хамрагдсан нядалгааны газруудын 76.4 хувь нь мал эмнэлэг ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд гар аргаар мал нядалдаг,

-70 хувь нь  ажиллагсадаа ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр дотооддоо болон гадны  сургалтанд хамруулаагүй, ажиллагсадын мэргэжил ур чадварыг нь дээшлүүлдэггүй,

-65 хувь нь ажлын байр, талбай, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн дамжлагад хэрэглэх эргэлтийн хайрцаг, тэргэнцэр сагс болон зөөврийн тавиурыг журмын дагуу цэвэрлэж ариутгал халдваргүйтгэлд хамруулдаггүй,

-50 хувь нь хортон шавьж мэрэгчдээс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, устгалыг хийж бүртгэл хөтөлдөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Нийслэлийн орчимд үйл ажиллагаа явуулдаг мал нядалгааны газар, мал нядлах үйлдвэрүүдэд тээвэрлэгдэн тууварлагдан ирж буй мал, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй ирэх, мал эмнэлгийн халдварт паразит өвнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь боом өвчний байгалийн 18 голомт байдаг нийслэлийн хувьд уг өвчний халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж буй ажээ. Хяналт, шалгалтын дүгнэлтээр зөрчил илэрсэн газруудад торгууль ногдуулж арга хэмжээ авч ажилласан байна.

Ийнхүү мал нядалгаа нь зөвхөн хоол, хүнсний аюулгүй байдлаас гадна халдварт өвчин тархалтыг нэмэгдүүлэхдээ хүрээд байгааг шалгалтаар илрүүлжээ. Тиймээс мал нядалгааны ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, мал маллахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл эрүүл ахуйн шаардлагыг чанд сахиулах хэрэгтэй байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж