Тухайлбал, МАН-ын даргад нэр дэвшин өрсөлдөх УИХ-ын дэд дарга М.Энхболдыг газрын наймааны асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна гэх мэдээлэл саяхан “Зууны мэдээ” сонин, мөн tvmongolia.mn вэб сайтад тус тус гарсан нь ташаа гэнэ. Мэдээллийн дагуу УИХ-ын дэд дарга М.Энхболд гомдол гаргаж, улмаар Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Сүхбаатар дүүргийн шүүх хянаж үзээд “УИХ-ын дэд дарга М.Энхболдыг газрын асуудалтай холбогдуулан эрүү үүсгэн шалгаж байгаа, мөн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа зүйл байхгүй болохыг мэдэгдье” гэх албан бичгийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билигт, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Цоодолсэнгээ нар ирүүлсэн байна. Мөн Сүхбаатар дүүргийн шүүхээс “Дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь мэдээллийг нягталж үзэлгүй ташаа мэдээлэл гаргаснаа хүлээн зөвшөөрсөн” гэсэн шийдвэр гаргасан юм байна. Тиймээс энэ мэт асуудлыг анхаарах шаардлагатай байна гэж МАН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга М.Оюунчимэг хэллээ.
МАН-ын 27 дугаар Их хуралд 1143 төлөөлөгч оролцох ёстойгоос 13 гишүүний мандат хүчингүй болсон байна. Энэ нь Бага хурлаас гаргасан Их хуралд сонгогдох төлөөлөгчийн хуралдааны журмыг зөрчсөнтэй холбоотойгоор үүссэн болохыг Ш.Раднаасэд хэллээ.
Мөн Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 680 нь анх удаа сонгогдсон гишүүд бол 91.4 хувь нь дээд боловсролтой. Улстөрчдөөс гадна хувийн хэвшил бизнесийн салбарт ажиллаж байгаа төлөөлөгч нар ч Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Тэд 45.8 хувийг бүрдүүлж байгаа аж.
Их хурлаар МАН-ын удирдлагыг сонгохоос гадна дүрмийн шинэчлэлээ батална. МАН-ын дүрэм нь илүү сөрөг хүчний байр суурьтаа нийцсэн байна гэж тэрээр хэллээ. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.
-Мандат авсан 15 гишүүнийг Их хурлын төлөөлөгчөөс татсан шалтгаан нь юу вэ?
Ш.Раднаасэд: -Намын Их хурлын төөлөлөгч сонгохтой сонгуультай холбоотой журмыг Бага хурлаас баталсан байсан. Түүнд аравдугаар сарын 1-7 -ны хооронд Их хурлын төлөөлөгчийг сонгох үүрийн хурлыг хийнэ гэж зааж өгсөн. Хугацаа хожигдож хуралдсан хурлыг хүчингүйд тооцно. Яагаад гэвэл нэг үүрийн хороонд өрсөлдөж уначихаад дараагийн үүрт очиж дахиж өрсөлдөхийг дээрх хугацаагаар хааж тавьсан. Энэ журмыг зөрчсөн бол Хяналтын хороо хянаад, албан ёсоор зарлаж хэлж байгаа. Одоогийн байдлаар 13 төлөөлөгчтэй холбоотой асуудал ирж Хяналтын хороогоор шийдсэн. Үүний дотор гишүүдийнхээ ирц бүрдээгүй байхад хурал зарласан, өөр хорооны гишүүдийг оролцуулж хуралдаан хийсэн зэрэг нэг зэргийн зөрчил гарсан учраас мандатыг нь хүчингүй болгосон.
-Намын даргад УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар өрсөлдөнө гэх мэдээлэл их цацагдаж байгаа. Яг хэн, хэн өрсөлдөх юм бэ. Хайрцаглаж намын даргад нэр дэвшүүлээд байгаа юм биш үү?
М.Оюунчимэг: -МАН шинэчлэгдэж ардчиллын тогтолцоогоор явж байгаагийн бодит жишээ нь Их хурал болж байна гэж хэлж болох болов уу. Хэвлэлээр бол өмнө нь намын удирдлагад нэг хүн дэвшүүлж, хайрцаглаад байна гэж их шүүмжилдэг байсан. Харин энэ удаад хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар намын даргад өрсөлдөнө гэж мэдэгдсэн. Ерөнхий нарийн бичгийн даргад чадалтай шижигнэсэн залуус өрсөлдөхөөр мөн нэр нь дуулдаж байгаа. Тэр бүгд шударгаар өрсөлдөж олонхийн саналаа хүндэтгээд нэг баг болж ажиллана гэж найдаж байгаа.
Сануулахад, МАН-ын Их хурал аравдугаар сарын 27-нд эхэлнэ. Хуралдааны үйл ажиллагааг нэр бүхий дөрвөн телевизээр дамжуулж шууд олон нийтэд хүргэхээр бэлтгэл хангасан юм байна. Нууцлах асуудал нь харин дотоод асуудал байх бололтой. Өөрөөр хэлбэл, дотоод асуудал хэлэлцэх үед Их хурлыг хаалттай горимд шилжүүлэх юм байна.