Гэхдээ эцсийн шийдвэр Их хурлаас гишүүдийн санал хураалтын дүнд гарах учиртай боловч энэ нь хэлбэр төдий процесс болоод өнгөрнө гэдэг нь тодорхой болжээ. Учир нь хуралдаж эхлээ ч үгүй байгаа Их хурлын шийдвэр урьдчилаад бэлэн болчихсон аж. Ингээд МАН-ын шинэчлэл эрх барих дээд байгууллага дотроо биш түүнээс гадуур шийдэгдчихэж байгаа хэрэг юм.
Хэдийнэ бэлэн болсон сценари ёсоор энэ удаад Миеэгомбын Энхболд МАН-ын даргаар сонгогдож, Д.Цогтбаатар Ерөнхий нарийн бичгийн дарга болох юм байна. Ийм хувилбар дээр МАН-ын бүлэглэлүүд тохиролцож, санал хураалтад оролцох эрх бүхий гишүүдийн өмнөөс асуудлыг аль эрт шийдсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, нам дотроо хүч ойролцоо, нөлөө дээгүүр бүлэглэлүүд хоорондоо тохиролцож, нэг нь даргаа, нөгөө нь генсекее авах “дундын” хувилбар дээр эрх ашиг нэгдэж, энэ тойргийнхоо гадна залуучуудаа шахжээ.
Өмнө нь тус намын дарга, улсын Ерөнхий сайд хүртэлх өндөр албан тушаалд өдийг хүртэл ажилласаар ирсэн өнөө л М.Энхболдоос юу хүлээж болох вэ?! Түүний өнөөдрийн өндөрлөгт хүрсэн үүх түүхийг нь туршлага, тулх гэж үнэлэх нь мэдээж зүй ёсны хэрэг болно. Лидерийн хомсдолд орсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд буй МАН-ын даргын суудалд түүнээс өөр хүн өнөөхөндөө харагдахгүй байгаа нь үнэн. Гэхдээ туршлага, тулхаасаа дутахааргүй алдаа, оноо ч М.Энхболдод бий. Д.Цогтбаатарын хувьд намын удирдлагад ажиллаж байгаагүй гэдгээрээ шинэ төлөөлөл мэт боловч түүний араас тулж буй хүчин нь С.Баяр, Сү.Батболд нарын фракц. Тэднийг өнөөдөр “олигархиуд” гэж нэрлэхгүй хүн ховор биз.
Дипломат мэргэжилтэй Д.Цогтбаатарыг генсекийн суудалд тохирохгүй, зөөлөн аядуу гэдгээс гадна намын гал тогооны хар, бор ажилд оролцдоггүй, ажил дууссан хойно гарч ирдэг цагаан гартан гэж хэлэх гишүүд олон байна. Ажилд оролцохгүй хэрнээ үр шимийг нь өрсөөд хүртчихдэг нэгэнд хэн ч дуртай байдаггүй. Хамгийн гол нь түүний ард хэн байгаа нь л анхаарал татаж байна.
Монголын хөгжлийг бүхэлд нь хойш чангааж байгаа нэг гаж үзэгдэл бол улс төрийн эрх мэдлээр дамжуулан хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлсээр ирсэн бүлэглэлүүд юм. Албан тушаалын хуваарилалт хийх эрх мэдлээ бизнес болгодог, мэдээлэлд ойр давуу талаа мөнгөөр арилждаг, төрөөс төрсөн тэрбумтнуудаасаа салаагүй цагт зөвхөн МАН биш Монгол Улс бүхэлдээ муухай харагдсаар байх болно. Энэ зовлонгоосоо хэрхэн яаж салах вэ гэдэг гарцаа зөв олох нь шинэчлэлийн зорилго байх ёстой биз. Үүнийг МАН-ын залуу гишүүд өнгөрсөн хугацаанд хангалттай ярьсан, тэд мэдэхгүй биш мэдэж байгаа. Гэхдээ тэд энэ удаад үнэхээр хүч дутаж, бяргүйдэж байгаа дүр зураг МАН-ын Их хурал угтсан үйл явцаас харагдаж байна.
Төрийн эрхийг ээлжгүй шахам барьж, түмэн олны өмнөөс шийдвэр гаргаж ирсэн МАН-аас сонгогчид удаа дараалан нүүр буруулсны цаана тодорхой шалтгаан байгаа нь хэнд ч ойлгомжтой биз ээ. Харин тэрийгээ олж оношлох, эмчилж илааршуулахад чиглэсэн оновчтой бодлого дээр МАН-ын шинэчлэл суурилсан бол олон нийтийн зүгээс илүү өндөр оноо авах байсан нь ч ойлгомжтой. Гэвч энэ удаад ийм үр дүнг МАН-ын зүгээс хүлээх хэрэггүй болжээ.