-Өмнөх жилийн Консулын газрын зөвлөлдөх уулзалт Сөүл хотноо болж байсан бол энэ жилийн уулзалтад БНСУ-ын Консулын газрын дарга Хан Ён Жип өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон. Өмнө нь байгуулсан хоёр орны иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгаа. Өмнө нь 10-20 сая төгрөг Хаан банкинд байршуулсан тохиолдолд виз хүсэх эрх нээгддэг байсан бол өнгөрсөн жилийн аравдугаар сард БНСУ-ын Элчин сайдын яамнаас монгол иргэдийн төлбөрийн чадварыг харгалзаж үзээд 7-14 сая төгрөгийг байршуулж болно гэсэн журам гаргасан. Энэ мөнгийг огт байршуулахгүй байж болохгүй, тодорхой хэмжээний санхүүгийн чадвартай, хөрөнгийн баталгаатай хүнийг л БНСУ-д зорчуулна гэсэн байр суурьтай байгаа. БНСУ-ын Элчин сайдын яам энэ жил 25 мянга гаруй монгол иргэнд виз олгосон. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 38655 иргэн тус улсад зорчсон байна. Харин Өмнөд Солонгосоос 39882 иргэн Монголд иржээ.
-БНСУ-аас Монголд ирж буй иргэдийн хувьд ямар шаардлага тавьдаг вэ?
-Манай улсын зүгээс солонгос иргэдэд харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгодог. Хөрөнгө оруулагчид болоод таваас дээш удаа хилээр нэвтэрсэн иргэдэд илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох талаар ярилцаж байгаа.
-Хоёр орны харилцаа өргөжихийн хэрээр иргэд хооронд харилцаа холбоо тогтож байна. Бизнесийн түншүүд, анд нөхөд болохын дээр ураг барилдсан гэр бүл олон бий. Тэдний хувьд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих боломжийг илүүтэй сонирхдог?
-Тийм ээ. Бид ч энэ талаар олонтаа хөндөн ярилцсан. Солонгосчуудын хэлж буй ганц нөхцөл нь БНСУ-д хууль бусаар оршин сууж буй монголчууд хэт олон байна гэдэг. Тэд хууль бусаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь визний нөхцөлийг хөнгөвчлөхөд саад болж байна. Гэвч хууль бусаар зорчигчдын тоо буурсаар байгаа. Одоогийн байдлаар 8042 монгол хүн тус улсад хууль бусаар амьдарч байна гэсэн судалгаа гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12,6 хувиар буурсан үзүүлэлт юм.
-БНСУ-д хууль бусаар олон жил ажиллаж, амьдарч буй иргэдийн хувьд тэдэнд виз олгочих байх гэсэн хүлээлт байдаг. Өмнө нь ингэж албан ёсных болгож байсан тохиолдол ч бий. Дахин өршөөл үзүүлж виз олгох талаар хөндөгдөөгүй юү?
-БНСУ хууль бусаар хөдөлмөр эрхлэгч, хил гаалиар нь орохдоо зөрчил гаргасан хүмүүст маш хатуу хандаж байгаа. Тус улсад хэсэг хугацаанд хууль бусаар ажиллаж байгаад буцаад очиход өршөөл үзүүлэхгүй гэж байгаа. Тэр бүү хэл тухайн иргэнд төдийгүй овог нэгт ахан дүүст нь, ураг саданд нь хүртэл виз олгохоос татгалзаж байна. Ийм шалтгаанаар зарим оюутны виз гараагүй тохиолдол ч бий. Тиймээс аль болох хууль ёсны дагуу ажиллаж, амьдрахыг чухалчлах хэрэгтэй байна. Ингэж байж л тус улсыг зорих иргэдийн тоо нэмэгдэнэ, визгүй зорчих асуудлыг ч шийднэ шүү дээ.
-Тус улсад хэчнээн монгол залуус суралцаж байгаа вэ. Оюутнуудыг дансандаа байршуулах мөнгөний хэмжээ зорчигчдынхоос их байгаа гэсэн шүүмжлэл гарч байгаа?
-Одоогийн байдлаар тус улсад 4525 монгол оюутан суралцаж байгаа. Энэ жил тус улсын гадаад оюутны оршин суух журамд өөрчлөлт оруулсан юм билээ. Уг өөрчлөлтөөр оюутны дансанд байршуулах мөнгөний хэмжээг нэмэгдүүлсэн. Тиймээс энэ намар монгол оюутнуудыг буцах үед дээрх хүндрэл учирсан нь үнэн. Одоогийн байдлаар 20 оюутны асуудлыг шийдэж өгөхийг хүсч, материалыг нь өгчихөөд хариу хүлээж байна.
-Албан ёсны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг нь БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас өгсөн байтал хилийн шалган дээрээс иргэдийг буцаасан тохиолдол гарч байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Тийм ээ, тус улсын Хөдөлмөрийн яамнаас виз олгосон хэр нь хилийн шалган дээрээс буцаасан тохиолдол есөн удаа гарсан. Мөн визгүй зорчих бүс болох Чежү арлаас Монголын иргэдийг буцаасан нь бий. Эдгээр хүмүүсийг буцаасан шалтгаанаа Өмнөд Солонгосын талаас тайлбарлахад ямар нэгэн зөрчил гаргасан байсан. Энэ мэт асуудлыг хэрхэн шийдэх талаар бид бас ярилцсан. Зөрчилтэй иргэдэд анхнаасаа виз олгохгүй байх юм уу, нэгэнт визгүй бүс гэж зарласан газарт бол багахан хэмжээний зөрчлийг уучлах гэх мэтээр шийдэж болох байх гэж найдаж байна.
-Монгол бүсгүйчүүд тус улсад бэр болон очих нь элбэг. Тэдний зарим нь нөхрийнхөө болоод ураг садных нь хавчлага дарамтад орох, зарим нь амь насаа алдах нь ч бий. Ураг барилдан тус улсыг зоригсдод хэр анхаардаг вэ?
-Албан ёсны тооноос харахад өнөөдрийн байдлаар 4572 Монгол Улсын иргэн ураг барилдан очсон байдаг. Тэдгээрийн цөөнгүй хувь нь Монгол Улсын иргэншлээс гараад БНСУ-ын иргэн болсон байдаг. Нэгэнт тус улсын иргэн болсон тохиолдолд асуудал гарлаа гэхэд шийдэхэд хүндрэлтэй. Харин өөрийн улсынхаа харьяалалд байгаа тохиолдолд бид анхаарлаа хандуулалгүй яахав. Манай улс давхар харьяаллыг зөвшөөрдөггүй. Гэтэл хэдийнэ давхар харьяалал авчихсан хүмүүс ч байна. Солонгосчуудтай гэрлэсэн монголчуудын 50,1 хувь нь тэнд очсон хойноо гэрлэлтээ цуцлуулсан гэсэн тоо гарсан. Эхнэр, нөхрөөсөө салчихаад Монголд ирээд байгаа хүн ч байна. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд хоёр тал санаа тавин ажиллаж байгаа.
-Өмнөд Солонгост төрсөн монгол хүүхдүүдэд тус улс шууд иргэншил олгодоггүй. Тэнд олон арваараа төрж буй хүүхдийн асуудлыг хэрхэн шийдэх бол?
-Дээр дурдсан холимог гэр бүл л гэхэд 10 гаруй хүүхэдтэй болсон байдаг. Түүнчлэн аав ээж нь хоёул монгол хэр нь Өмнөд Солонгост төрсөн хүүхдүүд ч бий. БНСУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгодоггүй, тухайн хүний өөрийнх нь шийдэх асуудал учир 18 нас хүртэл нь элдэв асуудалгүй амьдрах эрх олгодог. Хүүхэд 18 нас хүрмэгцээ аль улсын харьяанд орохоо өөрөө шийднэ гэсэн үг.
-Хүний нутагт гэмт хэрэг үйлдсэн талаарх мэдээлэл маш их байдаг. БНСУ-д Монголын хэчнээн иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байдаг бол?
– 19 монгол иргэн БНСУ-д ял эдэлж, 24 иргэн мөрдөн байцаах шатанд болон шүүхээр шийдүүлэх шатандаа байгаа гэсэн албан ёсны мэдээллийг Өмнөд Солонгосын цагдаагийн газраас бидэнд ирүүлсэн. Түүнээс гадна 2013 оны эхний зургаан сарын байдлаар 687 монгол хүн тус улсад гэмт хэрэг үйлдсэн гэсэн тоо бий. Гэвч энэ нь хувь хүний нууц болоод Венийн конвенцид тусгасны дагуу тухайн хүн өөрөө татгалзсан бол тэр талын дэлгэрэнгүй мэдээллийг өгдөггүй учир тооноос цаашихыг бидэнд хэлэхгүй байгаа. Гэвч үүнээс болж, гадаад оронд гэмт хэрэгт холбогдсон болон бусад олон асуудалд орсон иргэддээ туслах, орчуулагч, өмгөөлөгч олж өгөх тал дээр саад учруулж байгааг бид бас Өмнөд Солонгосын талынханд санал болгосон.
-Манайхан ямар төрлийн гэмт хэрэгт голчлон холбогдож байна вэ?
-200 гаруй нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн бол дээрэм, автын болон захиргааны зөрчлүүд зонхилж байна.
-Манай улс зарим улстай ялтан солилцох гэрээтэй ажилладаг. Солонгост хоригдож буй иргэдийг Монгол руу авчрах боломж бий юү?
-Монгол Улс, БНСУ-ын хооронд ялтан солилцох гэрээ бий. Энэ дагуу зургаан хүнийг нутагт нь ял эдлүүлээч гэсэн санал тавьсан. Тун удахгүй гурван ялтныг нааш нь шилжүүлэхээр болсон.
-Үр хүүхэд, хань ижил нь Өмнөд Солонгост ажиллаж байгаад ор сураггүй алга болсноос амьдын хагацалд унасан хүмүүс мэр сэр байдаг. Тэдгээр хүмүүсийг эрж хайхад санаа тавьдаг уу?
-Нийтдээ Монгол Улсын 29 иргэн БНСУ-д сураггүй алга болсон байдаг. Тэдний есийнх нь сураг чимээг гаргаж, олсон. Үлдсэн хүмүүсийн ДНК-ийн шинжилгээг тус улс руу илгээж, илүү нарийвчлан эрж хайхаар тохиролцсон.