С.Дэмбэрэлд илгээх хэдэн үг

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэлд илгээх хэдэн үг

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар С.Дэмбэрэл гишүүн хүүхдийн мөнгийг ялгавартай олгох асуудлыг хөндөв. Түүний хувьд өвөө болчихсон болохоор хүүхдийн мөнгө авдаггүй байх л даа. Хүүхдийн мөнгө хэнд ямар ашигтай байдгийг ч тэр мэдэхгүй нь тодорхой. Харин түүний ач, зээ нар нь хүүхдийн мөнгө авдаг эсэхийг мэдэхгүй юм. Өөрийн нь илэрхийлж байгаа хандлагаас харахад авдаггүй ч байж болох.  Түүн шиг баян өвөөтэй, баян аавтай хүүхдүүд “Хүүхдийн мөнгө”-нд төдийлөн ач холбогдолд өгөөд байдаггүй биз дээ.  
Хүүхэд бол хүүхэд. Баян, ядуу, хөөрхөн, муухай байх нь гол биш. Тэд эцэг, эхийнхээ хэн байхаас хамаарч, нийгэмдээ “адлагдана” гэдэг байж боломгүй  бодлого. Сайн, муу сурдаг, сайхан муухай оюутнууд  хүртэл сар бүр л 70 мянган төгрөгийн цалин авдаг биз дээ. Тэр оюутнууд дунд долларын саятнуудын хүүхдүүд ч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тиймээс С.Дэмбэрэл гишүүний “зөвхөн ядуу айлын хүүхдүүд”-д мөнгө өгье гэсэн санал 0-18 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд таалагдах нь юу л бол.   Өнгөрсөн жилийн өдийгөөс  Шинэчлэлийн Засгийн газар хүүхэд болгонд сар бүр 20 мянган төгрөг олгох ажлыг эхлүүлсэн.  Гэхдээ энэ  мөнгийг авах нь авч, болих нь болих зарчмаар хэрэгжүүлж байгаа гэдгийг эрхэм гишүүн мэдэхгүй баймааргүйсэн. Сар бүхэн олгодог хүүхдийн 20 мянган төгрөг зарим айлын амьжиргаанд томоохон дэмжлэг болдог байх.  Адаглаад л хүүхдийнхээ ном дэвтэр, оймс цамц авахад зарцуулдаг айл олон шүү дээ. Харин зарим нь үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайханд зориулж, хадгаламж болгон хувиргаж байгаа нь буруу юм уу.

С.Дэмбэрэл гишүүн  баян, ядуу гэж ялгалгүй 18 насны хүүхдэд 20 мянган төгрөг олгож байгаад бухимдалтай байгаа бололтой. Түүнийхээр зөвхөн  амьжиргааны төвшин муутай айлын хүүхдүүдэд л “Хүүхдийн мөнгө” өгөөд бусдыг нь цэцэрлэг сургуульд зарцуулах ёстой юм байх. Ажил төрөлтэй аав ээжтэй хүүхдүүд “Хүүхдийн мөнгө”-өөс хүртэх ёсгүй гэж гишүүн боддог бололтой юм.

Би ядуу биш, бас баян биш. Би ажил хийдэг, тодорхой орлоготой. Гэхдээ  улсаас хүүхэд бүхэнд өгч байгаа мөнгийг авмаар байна. Яагаад би ажилтай байгаагийн төлөө миний хүүхэд ялгаварлан гадуурхагдах ёстой гэж. Мэдээж, хар ухаанаар бодсон ч долларын саятнуудаас хүүхдийн мөнгө авдаг нь цөөхөн байх. Тэгж явах  хүсэл, зав тэдэнд гардаггүй биз.  Харин дундаж давхрагынхан улсаас сар бүхэн өгч байгаа 20 мянган төгрөгийг зөвхөн хүүхдийнхээ сайн сайхны тулд хадгаламжинд нь хадгалдаг гэдэгт итгэлтэй байна. Ямар ч байсан хоногийн хоол, архины мөнгөнд зарцуулахгүй нь лавтай. Тэгвэл зөвхөн хүүхдийнхээ мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг айл өрх Монголд олон бий. Архинд зарцуулчихдаг ч цөөнгүй байдаг.  Хүүхдийнхээ мөнгөөр архи авч гударчихаад хөл нүцгэн шахуу явуулж байгаа аав ээж байхгүй гэж би лав хэлж  чадахгүй. С.Дэмбэрэл гишүүний хэлснээр зөвхөн амьдралын төвшин муутай айлын хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгоё гэж бодьё. Тэгвэл тэр мөнгөний хэд нь яг хүүхдийнхээ боловсрол хэрэглээнд зарцуулагдаж, хэд нь архины мөнгө болж хувирахыг хэлж чадах болов уу, эрхэм эдийн засгийн доктор гуай.

Эдийн засгаа хэмнэж халамжийг танахыг хүсч байгаа эрхэм гишүүний санаа зөв. Гэхдээ хэдэн арван цэцэрлэг сургууль барих мөнгөөр хөдөөд соёлын төв барьж, сумын контор босгохоо больчих хэрэгтэй шүү дээ. Хүүхдээс хоолыг нь булааж байснаас л илүү үр ашигтай. Хэн нэгэн төрийн албан хаагчийг түрийвчийг нь хаагаа л биз, яадгийм.  Бүр байг гэхэд сар бүхэн оюутнуудад өгдөг мөнгөө таначихад л хэдэн арван цэцэрлэг, сургууль браих мөнгө хэмнэгдээд ирнэ. Тэр  хүүхдийн гээд байгаа 20 мянган төгрөгийг  сургуульдаа  явахад зарцуулдаг сурагч олон байгаа.   Гэтэл оюутнуудын олгодог 70 мянган төгрөгийн тэтгэмж, оройных нь шоунд зарцуулагдаад өнгөрдөгийг эрхэм гишүүн мэдэхгүй л байв гэж. Их “open” хүн шүү дээ, өөрөө. Эдийн засгийн доктор, эрхэм гишүүнд  хүний хүүхдүүдийг ялгаварлахаас өөр янзын гоё санаа олдохгүй байгаа юм байх даа.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж