БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өнөөдөр БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, ноён Ли Көцян угтан авч, уулзлаа. Уулзалтын үеэр хоёр талын сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээрийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэ үеэр хоёр талын “Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурах ёслол болсон юм. Стратегийн түншлэлийн хүрээнд уул уурхай, боловсрол, иргэний нисэхийн салбар, шинжлэх ухаан, гамшгаас хамгаалах, худалдаа төмөр зам, нүүрс хийжүүлэх, хийн түлш үйлдвэрлэх, газрын тосны салбарт хамаарах 10 санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болов.
 
Уулзалтын эхэнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ноён Ли Көцян “Монгол Улсын Ерөнхий сайд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байна. Хятад Монголын хамтын ажиллагааг сайшаан, хамтын ажиллагааг түншлэн, гэрээ үзэглэж байгаад баяртай байна” гэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ноён Ли Көцян таны урилгаар албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна. БНХАУ-д зохиогддог Баруун бүсийн үзэсгэлэнд оролцож, тус улсын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна. Бүтээн байгуулалт өрнөснийг өөрийн биеэр үзэж танилцлаа” гэв.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсны дараа Хятадын Гадаад харилцааны дэд сайд Лю Жен Мин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр, “Юуны өмнө Моногл Улсын Ерөнхий сайд Хятад улсад айлчилж, албан ёсны яриа хэлэлцээр хийж байгаад баяртай байна. Хоёр талын харилцаа, хамтран ажиллах чиглэлд өргөн ойлголттой болж, хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцлаа. Улстөрийн хараат бус, бие биедээ харилцан сонирхол, ашгийг харилцан ойлголцож, найрамдлын ажиллагааг үргэлжлүүлэх онцлогтой айлчлал байлаа. Хятадын тал Монгол Улсын бүрэн эрхт байдал, тус ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийг хүндэтгэдэг. Өмнө нь хоёр тал уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн ажиллагааг цогц байдлаар хөгжүүлэхээр тохиролцсон байсныг энэ удаагийн айлчлал бататгаж байна. Энэ удаагийн айлчлалаар уул уурхай, зам тээвэр, дэд бүтэц, төмөр зам, авто замын чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Мөн уул уурхайн түүхий эдийг газар дээр нь шууд боловсруулах, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллахаа хоёр талын сайд нар онцолсон. Санхүүгийн салбарт валютаар шууд худалдаа хийх, хоёр талын зам тээвэр, төмөр замын гурван бүст хамтран ажиллахыг сайтар судлахаар тохиролцлоо. Ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Үүний хүрээнд ч олон томоохон ажил хийгдэхээр төлөвлөж байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм  

Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлалын хүрээнд өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзьянтэй уулзана.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж