Талбайн теннисний АТР холбооны тур тэмцээнд багтдаг Халле хотын тэмцээн буюу Гари Уэббэриийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолт өчигдөр Германы Халле хотноо болж өнгөрлөө. Зүлгэн коурт дээр жил бүр зохион байгуулагддаг тэмцээн 1991 оноос эхлэн зохион байгуулагдах болсон нь өдгөө АТР тур тэмцээнүүдийн салшгүй нэг хэсэг болоод байгаа билээ. Тэмцээний энэ жилийн шагналын сан 750 мянган евро байсан бөгөөд Швейцарь улсын шилдэг теннисчин Рожер Федерер жил бүр Халле хотноо ирж тоглодог уламжлалтай. Энэ жил тэрбээр шигшээ тоглолт хүртэд гайхалтай байлаа. Түүнтэй шигшээ тоглолтод цагтаа дэлхийн чансааг хүртэл тэргүүлж явсан Австралийн теннисчин Лейтон Хьютт өрсөлдсөн юм. Шинэ тивийн хамгийн шилдэг теннисчдийн нэг Л.Хьютт зүлгэн гадаргуу дээр тун сайн тоглодог, энэ ч утгаараа шигшээ тоглолт тун өрсөлдөөнтөй явагдлаа. Эхний сетэд “Фед Экс” алдаа гаргасангүй, 6:3 харьцаатай ялалт байгуулсан бол дараагийн сетийн тоглолт tie break-т хүрчээ. Хариуцлагатай үед дөрвөн оноо алдаж, ялалт байгуулсан Ногоон тивийн теннисчин шийдвэрлэх сетэд мөн л хэрэгтэй давуулалтыг өөрийн талд шийдсэнээр Халлед анх удаа түрүүлж, багахан шуугианыг тариад амжжээ. Учир нь “Уимбльдон”-д нийт зургаан удаа түрүүлсэн Рожер Федерер 2002 оноос хойш зүлгэн коурт дээр хийсэн 77 тоглолтынхоо 76-д нь ялалт байгуулаад байсан бөгөөд 2008 оны “Уимбльдон”-ы шигшээд Рафаэль Надальд нэг удаа хожигдож байсан юм.
Дашрамд дурдахад, зүлгэн коурт дээр зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй тэмцээн “Уимбльдон” эхлэхэд долоохон хоног үлдээд байна.