Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт ажиллав

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өнөөдөр эрхлэх ажлынхаа шугамаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ажил байдалтай  танилцан  ажилтан, албан хаагчидтай нүүр тулан ярилцлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар  “бие даан өрх тусгаарлаад’’  хоёр сарын нүүр үзэж байгаа нийслэлийн отгон газрын нэг юм.  Бизнес эрхлэгчид болон  иргэдтэй хамгийн ойр байж, хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж ажиллах үүрэгттэй  тус газрын удирдлага,  албан хаагчид Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогчид хийж байгаа ажлаасаа танилцууллаа.  Энэ онд Улаанбаатар хотын дулаан,  цахилгааны гол эх үүсвэр  болох дулааны цахилгаан станцуудад технологийн шинэчлэлт хийж, олон жил ашиглаж улмаар хугацаа нь  дууссан дулааны шугам сүлжээ,  цахилгааны дэд станцуудыг  шинэчлэх, өргөтгөх ажлыг үргэлжлүүлэх юм. Мөн шинээр барих орон сууцны хорооллуудад  инженерийн шугам сүлжээ барьж байгуулах аж.  Түүнчлэн Энгельс, Нарантуулын гүүрэн гарцыг  барьж эхлүүлэх, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн  төвийн барилга, 300 ортой төрөх эмнэлгийн барилга, Яаралтай түргэн тусламжийн төвийн барилга, Хан-Уул дүүрэгт 1000 суудалтай, Сонгинохайрхан дүүрэгт  700 суудалтай  цогцолбор барилгууд зэргийг  шинээр барихаар хөрөнгө оруулалтын жагсаалтанд оруулсан байгаа. 2010 онд нийслэлд  320-920 суудалтай гурван  сургуулийн барилгыг үргэлжлүүлэн барьж, 75-150 ор бүхий 15 цэцэрлэгийн  барилга ашиглалтанд оруулах, хоёр сургуулийн спорт  заалны барилгыг барьж, 10 гаруй сургуулийн гадна  биеийн тамирын талбай тохижуулах юм.  Энэ бүхэнд зарцуулах хөрөнгийн хэмжээ 28,8 тэрбум  төгрөг.  Нийтдээ 127 төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажил  хийгдэхээс  73 ажлын тендер зарлагдан, 54 ажлын гэрээ байгуулагдсан нь нийт хийгдэх ажлын 42,5 хувь болж байна гэж  Баатарзориг дарга хэллээ. Наадмын маргааш намар гэдэг. Наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ цагт дээрхи тоон үзүүлэлт хангалтгүй үзүүлэлт болж байна гэдгийг ч онцолсон. Тэрээр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулах учиртайг дуулгалаа.  Тухайлбал өнгөрсөн онд 2-р амаржих газрын дээврийн засварт  төсвийн 150,0 сая төгрөгөөр их засвар хийсэн боловч  жилийн нүүр үзэлгүй  дээврээс нь ус гоожиж, төрөх  газар үйл ажиллагаагаа явуулахад хүнд болсныг сануулаад энэ бүхэн  хөрөнгө оруулалтын ажлын явцад  захиалагчийн  хяналт муу байгааг харуулсныг тодотголоо. Иймд энэ тал дээр анхаарч ажиллах учиртайг хэлж байсан.  Энэ үеэрээ нийслэлийн хөрөнгө оруулалтын газрынханд нэрт эдийн засагч Эрнандо де Сатогийн үгнээс иш татан хэлсэн юм. Энэ нь “найрал хөгжим тоглож байна гэхэд янз бүрийн жишээлвэл морин хуур, шанз, бүрээ гээд мэддэг мэдэхгүй олон хөгжим байна. Эдгээрийг удирдаач нотоор зохион байгуулалтанд оруулснаар  найрал хөгжим болно.”  Нэрт эдийн засаг Сатогийн энэ үгийг яагаад та бүхэнд  хэлж байна вэ гэхээр  шинэхэн байгуулагдсан танай хамт олон  ажлаа нэг цул  болгож,  нэг баг болон ажиллах ёстой юм шүү гэдгийг захилаа. 

               Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр  орлогчид ажлаа тайлагнасан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрынхны тухайд  хөрөнгө оруулалтын тоо хэмжээ зэрэг зайлшгүй мэдэж байх учиртай тоон мэдээлэлд  мэргэжилтнүүд,  дарга нар нь зөрүүтэй мэдээлэл  хэлж байсан. Энэ нь эндхийнхэн  ажлаа одоогоор гартаа оруулаагүй л байгаа юм байна гэж харагдахаар. Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ганхүүгийн өгсөн мэдээллээр бол энэ жил 177 нэр төрлийн 22,7 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил хийгдэх нь байна.  Одоогийн байдлаар 68 аж ахуйн нэгжтэй аж ахуйн гэрээ хийснээ дуулгасан.  Хөрөнгө оруулалтын ажлууд дээр сонгон шалгаруулалт  хийсний дараа араас нь явах байдлаар ажиллаж байгаагаа хэллээ. Зарим нэг аж ахуйн нэгжүүд ажил гүйцэтгэх явцдаа алдаа мадаг гаргаж, хэл ам таталж яваа талаар  мэдээлэл өгсөн.  Мөн нэг  ажил дээр  хоёр гүйцэтгэгч  шалгарсан зэрэг зовлонтой асуудал гарсныг хэлж байсан. Энэ бүх мэдээллийг харилцан ярилцсаны эцэст  Нийслэлийн Еасаг даргын нэгдүгээр орлогч   хөрөнгө оруулалтын  газрынханд мэргэжлийн өндөр түвшинд хурдтай ажиллахыг сануулсан. “Гол нь төрийн алба  хүнд сурталгүй, иргэдэд чирэгдэлгүй байх ёстой гэдгийг анхаарууллаа. УИХ-ын чуулганаар тун удахгүй ирэх жилийн төсөв хэлэлцэнэ. 2010 оны төсвийн хүрээний мэдэгдлийн үеэр нэмж хөрөнгө оруулалт  суулгах шаардлага бий.  Шинээр байгуулагдсан танай хамт олон цаашдаа  хөрөнгө оруулалтын ажлаа хийхдээ хил хязгааргүй орчинд ажилла.  Гадны донор байгуулагууд, салбарын сайд,  орон нутгийн төсөв, бусад эх үүсвэр гээд өргөн хүрээтэй санаачлагатай ажиллах  учиртайг” хэллээ.    Өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт болсон  нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал дээр  нийслэл хотод энэ жил  хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай яригдсны дагуу нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч  Б.Баатарзориг хөрөнгө оруулалтын газрынхантай уулзаж,  заавар чиглэл өгсөн юм. 

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж