“Жирэмсэлж болохгүй”

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Твиттерчдийн өчигдрийн жиргээ ерөнхийдөө тогтуухан, аядуухан өнгөрлөө. Өмнөх өдөр Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын рингэнд хүрэл медалийн болзол хангасан уухай дахин нэг өдөр үргэлжлэв. Үүн дээр “буудлагын спортын ОУХМ Ц.Мөнхзул Ази тивийн аварга болжээ. Баяр хүргэе” гэх жиргээ мөн л олон нийтийн талархлыг хүлээв.

Энэ өдөрт онцгой үйл явдал, сенсаацитай мэдээлэл байхгүй байсан учир цэцэн мэргэн жиргээчдэд сэдэв тойрон шуугилдах зүйл болсонгүй. Чуулганы завсарлагааны үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллүүд иргэнлэг, нийгмийн асуудлууд дээр төвлөрдөг шиг онцгой сонин сенсааци гарахгүй бол твиттерчид ч ойр зуурын яриа өрнүүлж, басхүү нийгмийн сэдвүүдийг эргүүлж тойруулан хэлэлцдэг аж.

Энэ мэт жиргээнээс онцолбол, жиргээч бүсгүйн “Эмэгтэй хүн 2-3 жил жирэмсэлж болохгүй. Жирэмсэлбэл авч байсан цалингийнхаа 50 хувийг эргүүлж өгнө. Мөн өөрийн хүсэлтээр ажлаасаа гарна” гэх нэр заасан арилжааны банкны хүний нөөцийн бодлого, гэрээг шүүмжилсэн байлаа. Үүнтэй холбоотой өмнө хөндөгдөж байсан асуудлууд зарим нэгний ярианы сэдэв болов.

Угаас ажил олгогчид жирэмсэн, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ад үздэг, ажлаа бодож жирэмсэн болоход нь дургүйцдэг нийтлэг хандлага бий. Бүр жирэмсэн болсон нь зээл авахгүй байх шалтгаан болчихсон явж байна гэхээр бүр харамсалтай. Хөдөлмөрийн харилцаанд гардаг энэ дутагдлын талаар нэгэн жиргээч өөрийн блогтоо өмнө бичиж байсан бөгөөд ийм хандлагаас зайлсхийх хуулийн гаргалгааг санал болгосон аж. 

Тэрээр “….Хэрэв та жирэмсэн бол, хүүхэд чинь хөхүүл, хоёр нас хүрээгүй бол шинээр ажилд орох боломж бараг байхгүй. Хэдийгээр хуулиар үүнийг хориглоогүй боловч ажил олгогчдод “бага насны хүүхэдтэй хүн ажилд авахгүй байх” бичиг­дээгүй хууль бий. Хуулийн орчныг тодруулбал Хөдөл­мөрийн тухай хуулийн дол­­­­дугаар зүйлд “Хөдөлмөрийн харил­цаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглох” ту­хай заалтууд бий. Үүнд, 7.4-т “Иргэнийг ажилд авахад эрх­лэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түү­ний хувийн амьдрал, үзэл бодол­той холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй” гэж заажээ. Гэвч энэ хориглолтыг дагадаг ажил олгогч үгүй гэж хэлэхэд болно. Тэд өөрийнх нь гэр бүлийн тухай байтугай, гурван үеийн түүх нэхдэг нь нууц биш. Жирэмсэн эсэхийг нь арай ч шууд асуучихгүй ч “Ойрын үед гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтой байна” гэх мэт тойруу асуултаар мэдчихнэ. Ажил олгогчдын болгоомжлол нь “Нялх хүүхэд өвдлөө гээд чөлөө аваад явчихна”, “Юу юугүй төрөөд дахиад ажиллах хүн хайх хэрэгтэй болно. Жирэмсний мөн­гө, олговор гээд байгууллагаас мөнгө гаргах хэрэгтэй болно” гээд өөрсдийнхөө эрх ашгийг харсан цөөн хэдэн шалтаг төдий зүйлээр л хязгаарлагдана. Гэвч уг нь ийнхүү шалтаглаж болохгүй гэхийн учир дээрх хуулийг баталсан аж. Хууль тогтоогчид өнөөх хориглол­тоо баталгаажуулахын тулд хуулийн 7.3-т Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөл­мөрийн харилцааны явцад ажил, үүргийн онц­лог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэс­лэлээ нотлох үүрэгтэй” гэж. Гэвч хэний өмнө нотлох нь мөн л инээдтэй. Агуулгаар нь харвал ажилд авах гэж байгаа хүнийхээ өмнө нотлохыг хэлсэн бололтой. Ажилд авах нь гэдийж, орох нь бөхийдөг өнөө үед хэзээ ч хэрэг­жихээргүй хуурай заалт гэж энэ. Тэгээд ч ажил үүргийн онцлог шаардлагагүй атал асуух асуухгүй юм шалгааж, ажилд орохоор очсон хүнд байцаалт тулгах нь ч хууль зөрчсөн хэрэг болж байгаа юм. Дараагийн заалт нь дахиад л “хошин шог”. Хуулийн 7.5 – “Энэ хуулийн 7.4-т заасныг зөрчиж асуулт тавьсан тохиолдолд ажил­тан түүнд хариулах үүрэггүй” гэж. Та ажилд орох ярилцлагадаа “Хөдөлмөрийн хуулийн дагуу би энэ асуултад чинь хариулахгүй” гээд үз л дээ. Ажил олгогч “Манайд ороогүй байж хууль дүрэм ярьж ингэж байгаа нөхрийг ажилд ав­чихвал бөөн түвэг болно. Яршиг цаашаа” гэж л бодно.

Гэтэл Японы Хөдөлмөрийн тухай хуульд энэ харилцааг тун сонирхолтой аргаар зохицуулжээ. Хуульд “Хэр­вээ ажил олгогч ажлын онцлог шаардлагатай холбоогүйгээр ху­вийн асуулт асуувал худлаа хэлж болно” гэсэн аж. Мөн ажилд нэгэнт орсон бол халах үндэслэлийг сайтар чангалаад орхиж…” гэж.

Нээрээ л яагаад болохгүй гэж.

Тоймлосон: ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж