2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголыг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэж  байна.

Харин гишүүдийн зүгээс  хөрөнгө оруулалт тасарснаас 71 тэрбум төгрөгийн бүтээн  байгуулалтын ажлыг хасч,  104 обьектыг 2014, 2015 оны төсөвт  тусгаж барихаар болсны  шалтгааныг  тодруулж байлаа. УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Х.Даваасүрэн зайлшгүй барих шаардлагатай сургууль, цэцэрлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төвийн барилгуудыг шууд хасч болохгүй тул дараа дараагийн жилд төсвийн байдал сайжрахаар хийж хэрэгжүүлнэ гэдэг утгаар үлдээсэн гэх тайлбар хийлээ. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт 2014 оноос зураггүй, газаргүй  орж ирсэн бүх обьектыг хасах байдал руу орох ёстой гэсэн юм.

Төсвийн тодотголтой холбоотойгоор гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна. өнөөдрийн хуралдаанаар арав гаруй төслийг  хэлэлцэхээр төлөвлөсөн ч чуулган цагтаа эхлээгүй тул зарим төсөл хойшлогдох бололтой.

Монгол улсын нэгдсэн төсвийн 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг энэ оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн үнэ ханш, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн тооцоход 2013 оны нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувьд хүрэхээр байгаа. Төсвийн хуулийн 34.1.2-т зааснаар нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулахад эзэлвэл зохих хувиасаа гурван хувиар нэмэгдэх тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэсний дагуу 2013 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн болохыг тодотгож байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж