МАН-ын Их хурал ойртох тусам дарга болохын төлөөх марафон үргэлжлэхийн зэрэгцээ Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтчих санаатай гишүүд ч олширч буй сураг дуулдана. Увс аймгаас хэл амтай сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар намынхаа Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтахын тулд лобби нэлээд сайн хийж буй гэх. Гэтэл гишүүд нь дургүйцэж байгаа аж. Тэд “Удирдах зөвлөлд сонгуульд чин үнэнчээр ялалт байгуулсан гишүүд орох ёстой болохоос хэл амтай парламентад сонгогдсон гишүүдээр бүрдүүлэх нь МАН-ын шинэчлэлээс хойш татсан хэрэг болно. Тийм учраас нэр цэвэр хүмүүсээр Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэх ёстой” гэж үзэж буй юм байна.
Ялангуяа “Шинэчилье” хорооны залуус нэр цэвэр хүмүүсийг намын Удирдах зөвлөлд сонгох ёстой гэж эртнээс мэдэгдсэн болохоор байр сууриа хамгаалан нэлээд тэмцэж мэдэх талтай. МАН-ын Удирдах зөвлөл нийт 30 шахам гишүүнтэй. Намын дүрмэнд хийх шинэчлэлээр Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг цөөлөх заалт багтсан. Энэ нь нэг талдаа тус бүрэлдэхүүнд багтаж орох марафоныг ширүүсгэж байж мэдэх талтай аж.
Ирэх бямба гариг буюу энэ сарын 26-нд товлогдсон МАН-ын Бага хурлаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудал хэлэлцэгдэж шийднэ.
Г.ШАРХҮҮ