Ё.Отгонбаярын 300 сая доллар…

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаярын 300 сая доллар…

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр албан тушаалаа ашиглан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эхнэрийнхээ дөрвөн банкны 26 дансаар дамжуулан 300 сая гаруй доллар, 13.9 тэр­бум төгрөг оруулж, гаргасан гэх мэдээллийг Улсын мөрдөн байцаах газрынхан мэдэгдсэн. Маш их мөнгө. Төсөөл дөө!

Монголбанкинд насаараа ажилласан нэгэн өвгөн нэгтийн сая ширхэг дэвсгэртийг дээр дээрээс нь давхарлавал 47 метр болдог гэж ярьж байхыг хоёр “дэлдэн”-гээрээ сонсч байлаа. Тэгэхээр дан зуутын доллараар тооцвол 300 сая доллар 147 метр урттай болно. Вагон дүүрэх их хэмжээний мөнгө гэж ч болно. Ийм их мөнгийг энэ нөхөр дөрвөн жилийн хугацаанд эхнэрийнхээ дансаар оруулж гаргасан гэж яриад байгаа юм. Бараг л жилийн турш нүүрсээ зөөгөөд ч барагдахгүй байгаа “Чалко”-гоос зээлсэн шиг их мөнгө. “Хүний хөгжил”-ийн 21 мянгаар тооцвол 2,7 сая монголчуудад есөн сарын турш тараах мөнгө.     
 
…Дээрх дөрвөн банкнаас “Зоос”, “Анод” нь дампуурчихсан. Гэтэл сүүлийн үед Ё.Отгонбаярын эхнэр н.Эрдэнэсолонгын дансны тоо 36 болж нэмэгдсэн талаар ч ярьж байна. Харин Ё.Отгонбаярын хувьд “Надад тийм их мөнгө байхгүй” гэх хариултыг өгч байгаа. Түүний хөрөнгө орлогынх нь мэдүүлгээс үзвэл өөрийнх нь өнгөрсөн жилийн орлого арав гаруй сая төгрөг. Гэр бүлийнх нь орлого 561 сая 721 мянган төгрөг гэж мэдүүлсэн байна. Энүүнээс үзвэл үнэхээр түүнд тийм их хэмжээний мөнгө хуримтлуулах санхүүгийн боломж ч байхгүй юмсанж. Гэтэл түүний эхнэр нь энэ мөнгө ямар учиртайг бас л мэдэхгүй гэж хариулж буйг мөрдөгчид хэлсэн. Ё.Отгонбаяр ч “300 сая долларгүй юм чинь яаж тайлбарлаж чадах юм” гээд жиргэсэн.

Анх эхнэрийг нь баривчилж эхлэхэд “Би 300 сая доллартай байгаад хууль бусаар олсон бол шоронд сууя. Эр хүн юм бол намайг оролдооч, эхнэрийг минь битгий…” гэж Ерөнхийлөгчид хаяглан хэлсэн нь ч анхаарал татна. Яагаад?!

Энэ мөнгө бол 2000-аад  оны төсөвтэй тэнцэх мөнгө. Тэгэхээр хувьдаа завшаагүй юм бол яасан хэрэг вэ. Энийг шууд нэгдүгээр хүн рүү хаягласан нь хөндлөнгөөс харахад Ц.Элбэгдорж Ё.Отгонбаярыг намнах бус МАН руу чиглэсэн үйлдэл гэдгийг битүү хатуугаар хэлэх гээд байна. Анхааралтай ажиглавал УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын амнаас ганц л утгатай үг гараад байдаг. Энэ нь “надад тийм их мөнгө байхгүй”, “би тэр мөнгийг аваагүй” гэхчилэн. Нэг ёсны энэ мөнгийг би хэрэглээгүй ээ. Жинхэнэ эзэд нь өөр хүн гэдгийг хэлээд байна гэсэн үг. Эцэстээ “1937 онд хэрэг хүлээсэн хүмүүcийг одоо ойлгож байна. Надад ямар хэрэг шахсан ч би хүлээе” гэж хэлж байна. Хамгийн сүүлд хэргийн талаар ам нээсэн нь энэ.

Ё.Отгонбаярыг нам нь лав хамгаалахгүй нь. Түүнийг ч тэрээр мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас ингэж хэлж сууна. Энд л хэргийн зангилаа байгаа юм.

Ё.Отгонбаяр бол 2001-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын буюу Н.Энхбаярын гадаад бодлогын зөвлөхөөр ажилласан. Харин дараа нь МАХН-ын /өнөөгийн МАН/ удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. 2008 оны сонгуулиар нэр дэвшээгүй шалтгаан нь өөрөө сонгуульд намаа удирдан орох Ерөнхий нарийн бичгийн дарга байсан явдал.

Ингээд бодохоор тэр МАН-тай салшгүй холбоотой хүн. Тэр дундаа сүүлийн арваад жилийн хугацаанд МАН-ын удирдах албан тушаалд нарийн ширийнээс нь эхлээд хар бор ажлыг хамтад нь хийсэн гэсэн үг. Энэ хооронд болсон сонгуулиудад ч оролцсон. Мэдээж сонгуулийн зардалд маш их мөнгө орж ирнэ. Сонгууль болгоноор байгууллага 50 саяас дээшгүй, хувь хүн 10 саяас дээшгүй хандив өгч болно, сонгуульд нам тэдэн төгрөгөөс дээш мөнгө зарцуулахыг хориглоно гэхчилэн хязгаар тавьдаг.

Энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар нууцаар мөнгө авах хэрэгтэй болно. 2008 онд МАХН-ын сонгуулийн ерөнхий менежерээр Т.Бадамжунай ажилласан. Гэхдээ тэрээр хэзээ ч өөрийнхөө дансыг өгөөд “Энэ дансанд мөнгөө хийчих” гэж хэлэх гэнэн туулай биш. Хашир чоно. Намд өгч байгаа гувчуурыг өөрийнхөө дансаар, өөрөө биечлэн авахгүй. Түүн рүү мөнгө бариад л гүйгээд байдаг хүн ч гэж хаа байх вэ. Дансны дугаараа явуулчих л гэнэ. Намын дансанд орох мөнгөний хэмжээ хязгаартай. Тэгэхээр хувийн данс хэрэгтэй болно. Харин тэр хувийн данс нь Ё.Отгонбаярын эхнэрийн 36 болчихоод байгаа данс бололтой. Энэ дансанд 2008 оноос эхлэн мөнгө орж ирсэн гээд байгаа. Эхнэр нь тэр мөнгөнүүдийг ямар учиртай, юун мөнгө болохыг хэлж чадаагүй, чадах ч үгүй. Ингээд бодохоор намын татварын мөнгө энэ данснууд руу орж, Ё.Отгонбаяр гарган намынхаа ажилд зарцуулдаг байж болох талтай. Зарим эх сурвалжууд ч иймэрхүү явдал гарч байсан талаар хэлж байна. Түүнээс биш авлигаа өг гэж хүн явуулаад Энхтайваны гүүрнээс машиныг нь дээрэмдүүлсэн гэдэг шиг улаан цайм авлига аваад байсан гэдэг юу л бол.  

Ё.Отгонбаярын найз А.Чинбат гэгч Х.Чогнойжамцад хандан “Би Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярыг сайн мэднэ. Барьсан барилгыг чинь Улсын комисс хүлээж авах талыг хариуцъя. Харин шанд нь барьсан барилгаа улсад худалдсаны дараа тодорхой хэсгийг өгөөрэй” гэсэн гээд байдаг. Дараа нь Улсын комисс ч хүлээн авснаар Х.Чогнойжамц  4.7 тэрбум төгрөгийг гар дээрээ авсан гэх. Энэ үеэс сайд Ё.Отгонбаярын найз А.Чинбат байн байн утасдаж, мөнгөө өгөхийг шаардах болсон гэсэн мэдээлэл ч бишгүй шуугисан. Магадгүй Ё.Отгонбаярын өмнөөс А.Чинбат нь авлигаа нэхээд дарамтласан байж болно.
 
Энэ хэрэг ч нэг тийшээ болох нь болно. Харин мөнөөх 40-өөд дансанд орж гарч байсан мөнгөнүүд хэнээс, хаанаас орж ирсэн бэ гэдэгт л асуудлын гол нь байна.

Хэрвээ Ё.Отгонбаяр өөрийгөө бодвол энэ бүхнийг ямар учиртайг илчилж болно. Харин тэр нь МАН-ын компаниудыг дарамталж, хариуд нь тендер өгдөг өгөө авааны мөнгө бол яах вэ. Энэ тохиолдол бохир сүлжээг илчилсэн Ё.Отгонбаярын мэдүүлэг МАН-ыг газрын хөрснөөс арчихад хүрнэ. МАН ч түүнээр хамаг бульхайгаа илчлүүлээд зүгээр суухгүй. Авлигын хэрэгт унах компаниуд ч энийг нь хараад хэзээ баригдахаа хүлээхгүй. Энэ хэргийн анхааралтай ажиглаад яах төлөвлөгөөгөө гаргаад сууж байгаа. Харин эрх баригчдад энэ мөнгөний ард хэн байгааг илчлэх нь хамгаас ашигтай. Тэрийгээ ч Ардчилсан намынхан сайн мэдэж байгаа. Харин Ё.Отгонбаяр МАН-ыг газрын хөрснөөс арчих уу эсвэл намаа авраад, хар толгойгоороо хариуцах уу гэсэн ацан шалаанд орчихсон. Эхнийхийг бол сонгох боломж ер нь байхгүй. Хэрэв тэгвэл мань хүн тэртэй тэргүй ирээдүйгүй болно. Намынхаа төлөө нэг хүн байтугай нэгэн өрхийг сүйдлэх бол энэ намын түүхэнд энгийн үзэгдэл.

Тиймээс болж өгвөл энэ хэргээс ямар нэгэн аргаар мултрах, болохгүй бол бүгдийг үүрээд явдаг газартаа явах л сонголт Ё.Отгонбаярт бий.

Үүнийг ч Ё.Отгонбаяр тооцоолсон. Намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан толгойд энэ зэргийн гаргалгаа бол хамгийн түрүүнд орж ирсэн байгаа. Тиймээс ч “1937 онд хэрэг хүлээсэн хүмүүсийг одоо ойлгож байна. Надад ямар хэрэг шахсан ч би хүлээе” гэж хүлээн зөвшөөрчихлөө. Хэрэв хууль, хяналтынхан энэ бүхний цаад учрыг ольё гэвэл Ё.Отгонбаярыг эхнэртэй нь яллахаас илүүтэй тухайн данс руу хэн, хаанаас мөнгө хийсэн бэ гэдгийг нь шалгаж, байцаах нь чухал. Ингэж байж авлигажсан энэ нийгмийн эдээ бээрийг шахна.

Намд асар их мөнгө эргэлдэж байсныг Л.Энэбиш агсны хүү Э.Мөнх-Очир “2004 оноос хойшхи намын санхүүгийн тайланг гаргаж өг. Хандивын тайланг ил болго. Хэн, хэн хэдэн төгрөгийн хандив намд юунд зориулж өгчихөөд түүнийг нь нам яаж ашигласан болчихоод хэн, хэн сайд, даргын албан тушаал авсан юм бэ гэдгийг албан тушаалгүй байгаа үедээ бид ил болгох ёстой” гэдэг шаардлага тавьсан. Манай намд 2004 оноос хойш санхүүгийн тайлан гаргасан тохиолдол байхгүй” гэж нотлоод байгаа. Харин түүний хэлээд байгааг хэзээ ч удирдах зөвлөл нь гаргаж ирэхгүй. Тэр бол Х сүлжээний хэнд ч битгий хэлээрэй гэж хэзээ ч дэлгэж болохгүй нууц…

Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж