Ямартай ч монголчууд хөгжиж, монгол хүний үнэлэмж дээшилж л байгаа юм байна. Хэзээ байтлаа бид хүүхдийнхээ хувцсыг барьж аваад “даавуу нь хэдэн хувь байна, химийн янз бүрийн хорт бодисын агууламж байна уу, үгүй юу” гэж ярьж байлаа даа. Хаанаас авчирсан, юугаар ч хийсэн нь мэдэгдэхгүй хувцсыг сургуулийн багш, захирал, өөр хэн нэгний шахаагаар авдаг байсан шүү дээ. Бүр болохгүй бол зах гараад Хятадад үйлдвэрлэсн хямдхан хослол авна. Тэр үед юун чанар, юун лабораториор шинжлүүлэх. Магадгүй өмнө өмсүүлж байсан урдаас орж ирсэн хувцаснуудыг харьцуулаад шинжлэвэл шалгалтанд тэнцэнэ гэж итгэхэд ч бэрх биз.
Урдаас хямд үнээр материал оруулж ирээд, бараг бэлдсэн эсгүүрийг нь нийлүүлж боогоод монголд үйлдвэрлэв гэсэн шошго зүүдэг байсан цаг саяхан. Энэ нь бас нэлээд хэдэн хүний амьдрах арга болж байсан нь тодорхой. Тэдгээр хүмүүс ч энэ мөнгөний сувгаа хаалгасандаа бухимдаж буй нь ойлгомжтой. Хамгийн хямдхан материалаар хийсэн хамгийн муу хувцас өмсдөг байх үед хэнд ч чанар чухал биш байсан шү дээ.
Өөр улсад хийснийг нь зүгээр хэрэглэдэг хэрнээ өөрсдөө, эх орондоо хийж эхлэнгүүт сургаар муучилж, шинжлүүлж эхлэнэ гэдэг нь бид өөрсөддөө итгэдэггүй болсны л баталгаа. Монгол компанийн тавьсан зам муу байдаг, монгол засварчны засвар вьютнам засварыг барааддаггүй гээд л өмнөх хариуцлагагүйнхээ жишгээр шүүмжилсээр. Гэвч энэ бүх шүүмжлэл нь замыг зузаанаас нь иддэг зуршлаа давтаж болохгүй шүү гэдгийг сануулсан сануулга. Хүн бүрийн гарт очиж, хүүхдүүд нь биеэр туршиж үзэх сурагчийн дүрэмт хувцсыг чинь олон мянган нүд чих харж, хянаж, шалгаж байгаа шүү гэдгийг мартаж болохгүйг анхааруулсан анхааруулга.
Ямартаа ч урдын адил бид үр хүүхдүүддээ юуг ч хамаагүй углаад байдгаа больчихож. Шалгуулж, шинжлүүлдэг болчихож. Энэ чинь өөрчлөлт, хөгжил биш гэж үү. Харин тэр шалгалт шүүлгээ л үнэн зөв шиг явуулаад, үнэтэй ч гэсэн чанартай, биед эвтэй хувцас үйлдвэрлэдэг болоорой доо. Сураг сонсох нь дүрэмт хувцасны тендрийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам авсан гэсэн. Боловсролын яам формныхоо чанарт хяналт тавьж чадахгүй байна л гэж байна лээ. Аль яаманд байгаагаасаа биш, хэн хийж байгаагаасаа л шалтгаалж байгаа байх аа даа.