Улсдаа жишиг болсон зарим газартай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Улсдаа жишиг болсон зарим газартай танилцлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Леонин мужийн төв Шэньян хотын бага сургуульд зочиллоо. 1-9 дүгээр ангийн 45 бүлэгт 2500 гаруй хүүхэд суралцуулж буй энэ сургууль Хятадын хэмжээнд сургалтын агуулга, заах аргын шинэчлэлээрээ жишиг болдог байна. Өдгөө 55 жилийн түүхтэй энэ сургууль 1985 оноос хойш заах арга зүйн шинэлэг хэлбэр туршин нэвтрүүлжээ. Улс болоод орон нутгаас зааж өгсөн заавал судлах хичээлээс гадна хүүхдийн төрөл бүрийн авъяасыг нээж хөгжүүлэх тусгайлсан хөтөлбөрт сургалт явуулдаг. Хичээлийн дараа хүүхдүүд сургууль дээрээ шатар, хөдөлмөр, зураг, дуу, бүжиг, спорт, бие хамгаалах урлагийн гэх мэт олон хичээл дугуйланд хамрагддаг. Хөгжүүлсэн авъяасаа дотоод болон олон улсын уралдаан тэмцээнд байнга оролцон сорьж, өдгөө сургуулийн алдрын танхимаараа дүүрэн шагнал байтай болжээ. Эндэхийн сурагчид өөрөө өөртөө, бас бие биедээ дүн тавьдаг нь зөвхөн шинжлэх ухааны мэдлэгийн түвшинг нь үнэлэх биш төлөвшүүлсэн зан чанар, эзэмшсэн ур чадвараа шударгаар цэгнэх, цэгнүүлэх хөшүүрэг болдог байна. “Бидний авъяас, сонирхлыг хөгжүүлдэг тусгай хөтөлбөр, тохилог орчин маань сургууль дээрээ дуртайяа өнжиж, баяр хөөртэй суралцах хүсэл төрүүлдэг” гэж энэ сургуулийн сурагчид хэлж байна. Хүүхдийн авъяасыг хөгжүүлж чаддаг энэ арга барилыг нь дэлгэрүүлэхээр өөр мужид тус сургуулийн салбарыг саяхан нээжээ.

Шинэчлэлийн Засгийн газар “Авъяас” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс ЕБС-уудад туршин хэрэгжүүлж байгаа. Хүүхдийн хүсэл сонирхлыг тодорхойлж, авъяасыг нь нээж хөгжүүлэхээр хичээлийн хөтөлбөрт тусгайлсан сургалтууд оруулж, нэг жилийн хугацаанд 200 гаруй мянган сурагчийг хамруулсан юм. Хүүхдийн авъяасыг хөгжүүлэх шинэлэг арга хэлбэр, бүрдүүлэх орчинг энэ сургуулийн жишээнээс харж болохоор байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг энд зочлох үеэрээ дурьдлаа.

Засгийн газрын тэргүүний зочилсон дараагийн газар бол “Хуй шань” хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн парк. Улсын төсвийн шинэчлэлээрээ Шэньян хотдоо төдийгүй муждаа жишиг болдог Нью Шинбэй дүүрэгт энэ парк байрлах ба эндэхийн хамгийн томд тооцогдох үйлдвэрийн нэг “Менню” сүүний үйлдвэртэй төлөөлөгчид танилцсан юм.

Хятад улсын сүү, сүүн бүтээгдэхүүний 60 орчим хувийг дангаараа нийлүүлдэг "Менню" групп 37 салбар үйлдвэртэйн нэг нь Шэньян хотын New Shenbei дүүрэгт байрладаг аж. Өдөрт 70 сая хүнийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг энэ үйлдвэр дөрвөн сая малчин, фермерээс бүтээгдэхүүнээ авч, бүс нутгийнхаа олон айл өрхийг ажил, орлоготой болгож байна. Онцлоход, Шэньян хотын Нью Шинбэйдүүрэг нь хамгийн орчин үеийн технологитой том үйлдвэрүүд байгуулж буй хөгжлийн шинэхэн бүс юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж