Импортлогчдыг өмгөөлж мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Импортлогчдыг өмгөөлж мэдэгдэл гаргажээ

Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас худалдааны төв, захуудыг хаах шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл гаргажээ.   Улс маань чөлөөт зах зээлийн тогтолцоог сонгоод  20 гаруй жил өнгөрч байгаа ч сүүлийн үед  бизнес дэх төрийн оролцоо, зохицуулалт  эрс нэмэгдэж  байна гэж тус байгууллагынхан үзжээ.  Үүний нэг   жишээ бол худалдааны  төв, захуудыг хаах, торгох үзэгдэл гэж тодотгосон байна. МҮХАҮТ- ын мэдэгдэлд:  

Монгол Улс  импортлогч орон.  Өргөн хэрэглээний барааныхаа  80 гаруй хувийг  импортоор авдаг. Эдгээрийг хэрэглэгчдэд хүргэж борлуулдаг гол цэгүүд нь зах, худалдааны төвүүд гэдгийг хэн ч мэднэ.   Харин манай зарим төрийн албан тушаалтнууд, хотын удирдлагуудын буруу ойлголт, ташаа мэдээллээс хамааран  зах, худалдааны төвүүдийн талаар олон нийтэд  элдэв сөрөг мэдээллүүд цацагдан  тэдний үйл ажиллагааг алдагдуулах, тогтворгүй байдал үүсгэх боллоо.

Зах, худалдааны төвүүд нь олон мянган хүнийг ажлын байраар хангадаг,  түрээс болон татварын хэлбэрээр улсын төсөвт багагүй хөрөнгө төвлөрүүлдэг,  зохих зөвшөөрөл журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг  нэг төрлийн бизнес, хувийн  компаниуд  юм.   Мэдээж  тэдэнд алдаа дутагдал байгаа, гэхдээ үүнийг мугуйдсан захиргааны журмаар,  хүч хэрэглэх аргаар бус, төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийн дагуу харилцан ярилцаж  дүрэм журам,  боломжит олон хувилбаруудыг  шүүн хэлэлцэж харилцан  тохиролцох замаар шийдэх  ёстой.  Гэтэлтөр, захиргааныалбантушаалтан, эрхмэдэлтнүүдийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан  хувийн өмчийн эрхэд халдах, хэн нэгнийг хохироох замаар асуудлыг шийдэх гэж байгааг    бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн илэрхийлэгч үндсэн байгууллага болох  МҮХАҮТ эрс шүүмжилж энэхүү алдаатай, буруу шийдвэр, үйл ажиллагаагаа  нэн даруй засахыг  шаардаж байна гэжээ.

Зах, худалдааны төвүүдийг хотоос гадагш нүүлгэнэ гэсэн яриа  гарснаар   олон мянган хүнийг  ажлын байргүй болно гэсэн  сэтгэл санааны дарамтад оруулах,  нэгэнт нүүхийн хооронд гэсэн байдлаар түрээс татвараа төлөхөө болих,  далд хууль бус бизнес өргөжих зэрэг олон сөрөг үр дагаваруудыг авчирч байна гэж тус байгууллагынхан онцолжээ. 

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж