Олон-Овоотыг ухсан Ш.Батхүүгийн буруу

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Олон-Овоотыг ухсан Ш.Батхүүгийн буруу

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж,
Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадалгүй одоо шоронд
хоригдож байгаа Ш.Батхүү “Хадгаламж”-ийг Төрийн банкинд шилжүүлсний
дараа “Ц.Мянганбаяртай холбогдож, Олон-Овоотыг худалдаж авсан нь миний
амьдралын хамгийн том алдаа” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан юм.
Тэрбээр Олон-Овоотын алтны нөөцийг Ц.Мянганбаяр 25 тонн гэж хэлсэн нь
худлаа байсан, дөнгөн данган дөрөвхөн тонн алттай орд худалдаж аваад
шатсан гэдгээ тайлбарласан.

АМГ-аас Олон-Овоотын алтны нөөцийг
18,5 тонн хэмээн бүртгэж авсан байдаг. Дээрх гурван тооны аль нь үнэн,
аль нь худлаа болохыг газар дээр нь очиж шалгахаар АТГ-ын мэргэжилтнүүд
өнгөрсөн долоо хоногт Олон-Овоотыг зориод иржээ. Тэд газар дээр нь
судалгаа хийж нягталсан бөгөөд явсан ажлынхаа талаар дүгнэлтээ гаргаж,
салбарын яамны удирдлагууддаа танилцуулсан байна. Ажлын хэсгийнхний
дүгнэлтээр Олон-Овоотын алтыг мэргэжлийн бус аргаар олборлосон нь
тогтоогдсон байна. Ш.Батхүү Олон-Овоотыг худалдан авсныхаа дараа хэт
шунамхайрч ордын хөрс хуулалтын ажлыг төлөвлөлтгүйгээр хийсний балгаар
үлдсэн алтаа авч чадахгүй хэмжээнд хүргэсэн гэдэг дүгнэлтийг ажлын
хэсгийнхэн гаргажээ. Хөрс хуулалтын ажлыг стандартын дагуу
явуулаагүйгээс нөөцөөр батлагдсан алтаа авч чадахгүйд хүрсэн нь
Ш.Батхүүгийн цэвэр буруу гэнэ. Энгийнээр хэлбэл, мэргэжлийн бус 
хүмүүсээр  технологийн биш аргаар хөрс хуулалтын ажлыг явуулж,  гол
алттай хэсгээ шороотой хольсноос болоод алтных нь агууламж нь буурсан
байна. Авч чадаагүй шороотой хольсон алтаа буцаад ухья гэтэл зардал нь
ашгаасаа илүү гараад явчихсан бололтой. Үүнээс болоод л Ш.Батхүү
“шатсан” байж магадгүй гэнэ. Тодруулбал, шороонд дарагдсан алтаа авья
гэхээр ашиглах техник хэрэгсэл, шатахуун, ажиллах хүчин, тээвэрлэлтийн
зардлаа нөхөж дийлэхээргүй болчихсон юм даг уу даа. Алтыг маш нарийн
технологийн дагуу мэргэжлийн хүмүүсээр олборлуулах ёстой байтал хэтэрхий
шунаж ухсанаас болоод нуранги үүсч алт нь шороонд дарагдчихсан байна
гэх дүгнэлтийг ажлын хэсгийнхэн гаргасан сурагтай.

Ш.Батхүү
өөрөөсөө болоод алтаа шороотой хольсноо хүлээн зөвшөөрөхгүй Ц.Мянганбаяр
болон АМГ-ыг өөрийг нь “хулхидсан” гэж үзэж байгаа юм. Тиймээс хэн нь
үнэн, хэн нь худлаа яриад байгааг шүүхээр шийдвэрлүүлж тогтооё гэхээр
хөндлөнгийн аудитын дүгнэлтийг заавал гаргуулах шаардлагатай болжээ.
АМГ-ынхан болоод Ш.Батхүү нар тус тусдаа аудит хийлгэсэн. Тэдний дүгнэлт
зөрж буй учраас шүүхээс гаргасан хүсэлтийн дагуу гадны шинжээчдийг
ажиллуулах шаардлагатай байгааг Уул уурхайн яамныхан хэлсэн.  Гэтэл тэр
их хэмжээний мөнгийг манай улсын төсөв хүчрэхгүй гэдгийг албаны хүн ярьж
байна. Бие даасан шинжээчийн баг хөлслөхийн тулд маш их мөнгө
шаардлагатай, энэ ажлыг тендер зарлан хийлгүүлэх болохоор үнийн дүнг
одоогоор зарлах боломжгүй гэдгээ АМГ-ын мэргэжилтэн ярьсан. Энэхүү
дуулиан гарсны дараахан  Ц.Мянганбаяр “Олон-Овоот”-оо буцааж авах
хүсэлтэй байгаагаа хэвлэлээр зарласан билээ. Харин Ш.Батхүү
хэвлэлийнхэнд “Олон-Овоот”-ын тусгай зөвшөөрлийг Г.Алтанд шилжүүлсэн
гэдгээ зарласан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Олон-Овоотын “А”
лиценз “Жаст” компанийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн нэр дээр одоо
хүртэл байгаа аж. Тэрбээр “Жаст агро”-гоо татан буулгаж, “Жаст Ойл”-оо
“Магнай трейд”-эд зарсан. Наймдугаар сард цагдаагийнхан түүнийг
баривчилсаны дараагаар түүний хэрэгт холбоотойгоор “Хадгаламж” банкны
нэг, ТӨХ-ны хоёр, “Жаст” компанид ажиллаж байсан хэд, хэдэн хүнийг
саатуулсан. Өмнөд Африкийн “Стандарт” банкныхан Ш.Батхүүгийн 2007 оноос
зээлсэн 109 сая ам.долларын үлдэгдэл болох /хүүтэйгээ нийлээд/ 120 сая
ам. долларыг Монголын Засгийн газраас нэхжээ. Энэ асуудлаар тус
банкныхан олон улсын арбитрын шүүхэд хандаад байгаа юм байна.  Тэд
Монголын Засгийн газар Ш.Батхүүгийн өрийг төлөх ёстой  эрх бүхий субьект
гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Ш.Батхүү тус банкнаас анх зээл
авахдаа 2015 он төлж дуусгах гэрээтэйгээр дөрвөн хувийн хүүтэй зээл
авсан байдаг. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийг хууль бусаар барьцаанд
тавьсан, “Хадгаламж” банкны харилцагчдын мөнгөөр өрөө төлөх оролдлого
хийсэн гэх үндэслэлээр хорьсон юм.

Ж.НЯМСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж