Сурагчдыг хотоор аялуулна

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Сурагчдыг хотоор аялуулна

Нийслэлийн өдрийг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай танилцуулах аяллыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулах гэж байна. Маргааш болох уг аяллаар нийслэлчүүдийн өдөр тутмын хэрэглэдэг дулаан, цахилгаан, цэвэр усыг ямар олон хүний хүч хөдөлмөр, өртөг зардлаар хүргэдэг, яагаад хэмнэх гамнах шаардлагатай талаарх  ойлголт, мэдлэгийг олгох ажээ. Мөн Улаанбаатар хотын түүхтэй холбогдох соёлын дурсгалуудын талаар, хотын соёлын талаар мэдээлэл өгнө.

Нийтдээ 160 гаруй сурагчийг дөрвөн бүлэг болгон аялуулах гэнэ.  “Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, “Гараг” студийн захирал Г.Бадамсамбуу, нийслэлийн түүхийн талаар олон арван зохиол бүтээл туурвисан түүхч доктор, профессор О.Сүхбаатар, аялагч жуулчдын гарын авлагуудаар нь эчнээ таних, Монгол улсын нэгдүгээр зэрэглэлийн хөтөч-тайлбарлагч А.Цэрэнчулуун,Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар аяллын хөтчөөр оролцоно.

Д.ЦЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж