Дүрэмгүй хот хуульгүй улстай адил

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Дүрэмгүй хот хуульгүй улстай адил

Хотын дарга Ерөнхийлөгчид ажлаа танилцуулахдаа ийн онцлов. Тиймээс Улаанбаатар хотын дүрэм гээчийг боловсруулж байгаа юм байна. Дэлхийн бусад улс орны туршлагаас харахд нийслэл нь төдийгүй жирийн хотууд нь ч өөрийн гэсэн дүрэмтэй түүндээ захирагдаж аж төрдөг ажээ. Тиймээс Улаанбаатар ч мөн дүрэмтэй болно. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд нийцүүлэн шинэ дүрмээ боловсруулж, Улаанбаатарыг улсын зэрэглэлтэй хот болгох саналыг Засгийн газарт тавих ажээ. Хэн дуртай нь хаа дуртай газраа нутаглаж, бусдын эрх ашгийг  хөндөж барилга байшин барихыг хөгжил гэхгүй гэсэн байр суурийг хатуу хамгаалахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл онцоллоо. Одоогийн байдлаар нийслэлд газраа өмчлөн аваагүй нэг сая нэг зуун мянган иргэн бий гэнэ. Тэднийг газартай болгож амжаагүй байтал хотод  газартай болохоор хөдөөгийн хүмүүс дураараа нүүн ирж, дуртай газраа өмчлөх гэсэн хандлага байгааг хотын дарга онцлоод ийм тохиолдолд хотод олон жил суурьшсан хүмүүсээ нэгдүгээрт тавина хэмээн мэдэгдлээ. 

Дараагийн нэг том зорилт нь “Авлигагүй Улаанбаатар”. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдыг ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхийн тулд иргэдтэй хийж буй ццлзалт болгоныг бүргэлжүүлсний дээр нийслэлийн цахим хуудсандаа хэн ямар шийдвэр гаргасан, ямар албан тушаалтан хэдий хэрийн хөрөнгөөр хаашаа томилолтоор явсан гэхчилэн бүхий л мэдээллийг ил тод нийтэлдэг болсон байна. Барилгын зөвшөөрлийг л гэхэд нэг уpгийн үйлчилгээнд шилжүүлж, ажлын 30 хоногт асуудлыг шийдүүлэх боломж бүрджээ. Түүнчлэн урьд өмнө гаргасан болон одоо гарч буй тогтоол, захирамж нэг бүрийг авлига бий болгох үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж эхэлжээ. Нийслэлийн есөн дүүрэг, 34 хороонд “Иргэний танхим” байгуулан 73 удаа хэлэлцүүлэг явуулж, 6400 гаруй иргэдийг хамруулжээ. Мөн өргөдөл цохуулах гэж иргэд цаг алдаж, албан тушаалтны үүд сахидаг байдлыг халсан гэдгийг хотын дарга хэлж байна. Тэдний өмнөөс өргөдөл гомдлыг нь шийдүүлдэг албан хаагчдыг ажиллуулснаар иргэдийн зовлон хөнгөрч, ТАХ-ын үүрэг нэмэгдсэн гэнэ.

Дээр дурдсан шинэчлэл бол  бүхний нүдэнд ил харагддаггүй ч иргэдэд хамгийн тустай өөрчлөлт. Тэгвэл бүхний нүдэнд харагдаж, гарт баригдсан өөрчлөлт олон байгааг Ерөнхийлөгчид хотын удирдлагууд дуулгасан. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дугаарын хязгаарлалт хийж, тэр хугацаандаа хотын замаа сайжруулж, олон уулзварыг шинэчлэн өргөтгөсөн. Гэсэн ч түгжрэл дорвитой буурахгүй байгааг судалж үзжээ. Гуравдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд 182 км замын ажил хийсэн байтал 28360 автомашинд улсын шинээр улсын дугаар авсан байх жишээтэй. Тиймээс хотын дарга Э.Бат-Үүл автомашины түгжрэлийг усны цорготой зүйрлэв. Цоргыг нээх тусам улам их ус гоождог шиг зам заслаа ч машин нь нэмэгдээд л байх ажээ. Тиймээс шинэ төрлийн тээврийн хэрэгсэл буюу метро, BRT зэргийг нэвтрүүлэх, хүмүүс даарч хөрөхгүйгээр хүрэх газартаа хүрчихдэг болвол хүн бүр автомашин унахыг чухалчлахгүй болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгчид дуулгалаа. Мөн энэ зун хотынхоо төв талбайг угаасан, хотоо цэцгээр чимсэн гээд анх удаа гэх тодотголтой олон ажил хийснээ танилцуулж байлаа.

Ерөнхийлөгч энэ бүх танилцуулгыг сонссоны дараа бодит үр дүнг газар дээр нь шалгаад амжлаа. “Улаанбаатар хотын удирдлагуудын гаргасан шийдвэр 48 цагийн дотор  цахим хуудсанд тавигдаагүй бол хүчингүй болдог гэлээ. Хамгийн сүүлчийн шийдвэр, албан томилолтын мэдээллийг яг одоо харуулна уу” хэмээн хүссэн юм. Мэдээж шалгалтад бүдэрсэнгүй. Аравдугаар сарын 23-ны өдрийн захирамжийг харууллаа.

Уулзалтын төгсгөлд хотын дарга нар хөрөнгө оруулалтыг хасч танаж буй нь бүтээн байгуулалтыг сааруулж байгааг дуулгасан юм. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд 25,4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Үүнийгээ долоон жилд хуваахаар жилд 2,8 их наяд төгрөг ноогдож байна. Гэтэл 2013 оны улсын төсөвт суулгасан хөрөнгө оруулалтыг төсвийн тодотгголоор хасах гэж байгаа нь  хэдийнээ  эхэлсэн бүтээн байгуулалтыг зогсоох аюултайг хэлж байлаа.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт тав дахин буурсан дүн гарсан. Энэ нь нийслэлд ч хүндээр тусч буй нь та бүхний ярианаас ил байна. Гэвч ганц улсын төсвийн хөрөнгөд найдаад гар харж суулгүй өөрсдөө хөрөнгө босгоход ч анхаарах хэрэгтэй. Хойшдоо подулизмаас шалтгаалсан буруу үйлдэл гараж улсаа хорлох байдлыг зогсоохгүй бол хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын тухай ярих ч хэрэггүй юм. Гэхдээ нийслэл бол бусад аймаг, сумдад хүртэл үлгэр болж байдаг. Та бүхний гаргасан санаачлага бүрийг аймаг, сумд хуулбарлан хэрэгжүүлдэг. Тиймээс хойшид хийх ажил үүрэг тун их бий. Нийслэлд шинэ хороолол, байшин барилга нэмэгдэж буй нь сайн хэрэг. Гэвч тэдгээрийг дагалдсан нийгмийн дэд бүтцийг байгуулахгүйгээр хот хөгжихгүй. Илүү эрч хүчтэй ажиллаарай” гэсэн үүргийг хотын удирлагуудад өглөө.

Д.ЦЭЭПИЛ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж