Татварын хэмжээг өөрчлөхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Татварын хэмжээг өөрчлөхгүй гэв

“Сая төгрөгнөөс дээш орлого олсон бол 25 хувийн татвар төлөх нь. Үүнийг эсэргүүцэж байна” гэх мэтчилэнгийн мэдээлэл олны дунд тарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор УИХ-ын Тамгын газраас тайлбар мэдээлэл гаргасан байна. Тус тайлбарт “Сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сайтаар татварын тухай хуулиудыг өөрчилж, хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэх гэж байгаа тухай мэдээлэл гарах болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас доорхи мэдээллийг гаргаж байна. Монгол Улсад мөрдөж хэрэгжүүлж байгаа аливаа албан татварыг зөвхөн хуулиар тогтоодог бөгөөд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү Монгол Улсын Их Хуралд хадгалагддаг. Монгол Улсын Их Хурлаас 2006 онд Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг шинэчлэн найруулж баталснаар манай улсад татварын шинэчлэл хийгдэж, энэхүү дөрвөн төрлийн татварыг тогтвортой мөрдөхөөр болсон билээ.

Улс төрийн намуудын тохиролцоогоор шийдэгдсэн татварын энэхүү шинэчлэл эдүгээ бодитойгоор хэрэгжиж байгаа болно. Хууль санаачлагчдын зүгээс татварын хэмжээг өөрчлөх чиглэлээр ямар нэгэн хууль, тогтоомжийн төслийг одоогоор Улсын Их Хуралд өргөн бариагүй байна” гэсэн байна.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж