Ард түмний нүд, чихүүд ажлаа хаяв

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Ард түмний нүд, чихүүд ажлаа хаяв

Ард
түмний нүд, чих болж эрх баригч хүчинд хяналт тавьж суух ёстой Ардын
намын гишүүд энэ долоо хоногийн турш үндсэн ажлаа хийдүүлэв. Хов ярьж,
хор найруулахаа бодож, УИХ дахь намын бүлгээ хоёронтаа хуралдуулсныг эс
тооцвол байнгын хорооны хуралдаануудад гишүүд нь бараг оролцсонгүй.
Сураг сонсвол бүгд намынхаа Их хуралд бэлтгэхээр байнгын хорооны
хуралдаанаа “пялжээ”.

Уг нь тэд “УИХ 2013 оны төсөвт тодотгол
хийхгүй бол Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтлээ. Шинэчлэлийн
Засгийн газар энэ зун хэдэн уулзвар өргөтгөснөөс өөр юу хийсэн юм бэ.
Экспортод гаргах нүүрс урд хил дээр гацлаа, орон байрны үнэ хоёр дахин
өслөө. Энэ тэгээд Монгол Улсын хөгжил үү” хэмээн хашгичиж, төсвийн
тодотголыг шаардаж байсан билээ. Гэвч яг цаг дээрээ төсвийн хэлэлцүүлэг
хийх болоход бүгд Тусгаар тогтнолын ордонд очоод бүгчихэж байгаа юм.

Янз
нь, тэдний хувьд МАН-ын Их хурал УИХ-аас чухал, дээгүүрт тавигддаг нь
одоо ч хэвээр бололтой. Тэр тусмаа шаардаад байсан Монгол Улсын 2013 оны
төсвийн төсөл ялагдсан намын дүрмийн шинэчлэлээс доогуурт үнэлэгдэх
болов. Байнгын хороодын хуралдаанаар улсын нэгдсэн төсвийн хоёрдугаар
хэлэлцүүлгийг хийх болоход гишүүд нь оролцохгүй хаяад явж байгааг өөрөөр
юу гэж тайлбарлах вэ. Яам, тамгын газарт нэг ч сайд, даргагүй байж
яахаараа УИХ-ын 25 гишүүнээ хүртэл ажил хаяулахад хүрдэг билээ. Ноосоо
тушаачихаад ажилгүй байгаа хэд нь намынхаа ажлыг хийгээд, ард түмнээс
мандат авсан хэд нь албан үүргээ гүйцэтгээд явж болдог юм байгаа биз
дээ.

Жилийн өмнө л “Манай нам бол гурван бүлэг байгуулах
хэмжээний бүрэлдэхүүнтэй сөрөг хүчин. Бүлэг байгуулаад өг, байнгын
хорооны хуралдаанд оролцох боломж алга” гээд агсам тавиад сууж байсан
улс ямар амархан хэлсэн үгээ мартчих нь энэ вэ? 

Үнэхээр үлдсэн
хэд нь намынхаа ажлыг хийх толгойгүй юм бол хоёр гишүүнээ байнгын хороон
дээр үлдээчихээд 23 нь хурлаа хаяад явж болно биз дээ. Явж явж хийх гэж
байгаа ажил нь намын даргын л сонгууль шүү дээ. Хоёр гишүүн оролцлоо ч,
25 гишүүн оролцлоо ч намын даргаар нэг л хүн сонгогдоно. Ер нь бол ард
түмний саналыг авч УИХ-д сонгогдсон гишүүдэд хууль боловсруулах ажил
нэгдүгээрт тавигдах ёстой болохоос намынх нь ажил аль ч талаараа хоёрт л
байх ёстой.

Ашгүй сөрөг хүчний гишүүд байхгүйг далимдуулж,
олонхийн бүлэг юу амжуулсныг одоо сонордуулъя. Уржигдар болсон УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголын
хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр хөрөнгө оруулалттай холбоотой саналыг
“Засгийн газраас оруулж ирж байна” гэж байнгын хорооны дарга нь
танилцуулж байх юм. Байнгын хороогоор хэлэлцэж байгаа төсөлд Засгийн
газар санал оруулж, түүнийг нь гишүүд дэмждэг хуулийн заалт Монголд
хэзээнээс хэрэгждэг болчихсон юм бэ. Чухамдаа бол тус байнгын хорооноос
байгуулагдсан ажлын хэсгээс санал оруулах юм уу, эсвэл УИХ-ын гишүүн
санал гаргаж, хураалгах ёстой.

Гэхдээ хууль зөрчсөн зүйл ярьснаа
байнгын хорооны дарга бусдаас “шеппи” авч  мэдэнгүүтээ “УИХ-ын гишүүн
Г.Батхүүгийн санал” гээд булзааруулчихаж харагдана лээ. Нөгөөх нь
мушилзаад л…

Хэрэв энэ хуралд сөрөг хүчнээс нэг ч болтугай
УИХ-ын гишүүн сууж байсан бол арай ч иймдээ тулсан үйлдэл гарахгүй л
байсан болов уу?

Одоо тэгээд УИХ-ын чуулганд 2013 оны төсвийн
тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг орж ирэхэд цөөнхийн бүлгийн гишүүд
бүгд “шүүрээ унаад” ниснэ дээ. Юу юу гэж донгосох бол оо. “Манай
тойргийн хөрөнгө оруулалтыг таначихаж, намын харьяаллын ялгаа гаргалаа”
гэж ирээд л улс төржүүлэх вий. Намынх нь Их хурал ирэх ням гаригт
болохыг ч хэлэх үү, нэр дэвшчих санаатай гишүүд нь баахан дуу орж,
сүрийг үзүүлэх биз. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны
үеэр хэдэн жил таг дуугүй суусан нөхдүүд учиргүй гэнэт мэдэх мэтэхгүй
зүйлээ том, томоор ярьж тодорсон. Тэр нь лав төрийн мөнгөний бодлогод
санаа тавьсандаа ч биш, амтай хэлтэй төрсөн гэдгээ “ард түмэнд”
харуулах, аз нь таарвал намын даргад нэрээ дэвшүүлчих санаа өвөрлөсөндөө
л тэр шүү дээ.

Товчхондоо хэлэхэд парламент дахь сөрөг хүчин
нэг иймэрхүү цаг аргацаасан байдлаар ажилд хандаж байхад ард түмэн хууль
тогтоох дээд байгууллагад нүд, чих ажиллаж байгаа гэж яаж итгэл өгөх юм
бэ?

Харин УИХ-ын даргад хаяглахад, сүүлийн хоёр долоо хоногийн
турш парламентын ажил урагшилсангүй. Байнгын хороодын хуралдаан
товлогддог, дараа нь цуцлагддаг болов. Эцсийн дүндээ УИХ-ын чуулган
товлосон хугацаандаа хуралдаж чадахгүйд хүрч байна, цөөнгүй тохиолдолд.
Дэгээр бол даваа гаригт намын бүлэг, ажлын хэсгүүд хуралддаг бол мягмар,
лхагва гаригуудад байнгын хороод. Пүрэв, баасан гаригт УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаан зарлагддаг дэгтэй ч одоо бол энэ зарчим үгүй болов.
Ажлын хэсэг нь баасан, лхагва гаригт ч зарлагдаж байх жишээтэй. Гишүүд
нь цуглахгүй ажлын хэсгийнхнээ тамлана. Эцэст нь байнгын хороогоор төсөл
нь орж ирэх ёстой ч гишүүд саналын томъёоллоо нэгтгэж чадаагүй тул
төслөө хойшлуулахыг хүснэ. Дээр нь байнгын хорооны хурал товлогдоход
гишүүд цагтаа ирэхгүй. Хурал зохион байгуулагчид утас цохиод л байна.
Цэцэрлэгийн хүүхдүүдийг өглөө эрт сэрээхийн тулд эцэг, эх нь аргадаж
тойглодог шиг УИХ-ын гишүүдийг ажилд нь ирүүлэхийн тулд аргадаж гуйх нь
шившигтэй биш үү. Ийм байдлаар тойлуулах гэж их хуралд сонгогдоцгоосон
уу, эрхэм гишүүд ээ?

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж