Аравдугаар сарын 29. Энэ өдөр Улаанбаатар хотын төрсөн өдөр болно.
Өдөр бүр үй олон өнгийн амьдрал сүлэлдэж, заримдаа сэтгэл дүүргэж, заримдаа бухимдал төрүүлж байдаг хотын амьдрал буцалсаар л… Одоо ч гадаа түм түжигнэж, бум бужигнаж байна. Анзаарч байхад, манай хотынхон ихэнхдээ л ууртай, уцаартай, бухимдалтай.
Өглөө гэрээсээ гарахад үүдэнд хаясан хогноос эхлээд, замын түгжрэл, хальтиргаа гулгаа, автобус унаа, хоолны газрын үйлчилгээ, өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа үнийн дарамт, хог, утаа, эмх замбараагүй гудамж талбай, гэрэлтүүлэг, гэмт хэрэг, зөрчил…
Тийм ээ ҮНЭН. Энэ хотод амьдрахад стресстдэг нь үнэн. Эрүүл, аюулгүй орчинд, айдас хүйдэс, дарамтгүйгээр амьдрах хүсэлтэй нь ч үнэн. Өнөөдөр л гэхэд би өглөө зам дээр халтирч унахаа шахаж, ажилдаа ирэх гэж өчнөөн минут түгжирч, олон олон өдрүүдийг угтдаг нийтлэг шахам жишгээрээ өдрийг эхлүүллээ. Одоо дахиад ямар бухимдлууд угтах нь тодорхой. Хоол идэх газар, тэндхийн үйлчилгээ, үйлчилгээний “соёл”, үдээс хойш амжуулах ажлыг маань “уях” замын түгжрэл. Төрийн байгууллагын хүнд суртал, эмнэлгүүдийн халамжгүй байдал, машины зогсоол, гарааш… Хамгийн гол нь цаанаа л нэг “аз жаргал”-гүй, амьдралыг үзэн ядсан юм шиг харагдах хүмүүсийн харц, хүмүүсийн харьцаа намайг инээмсэглэлээс татгалзуулахаар хүлээж байгаа.
Би эмнэлэг орохоосоо үнэн голоосоо айдаг. Бас Газрын алба, Иргэний бүртгэлийн очерт зогсох дургүй. Хамгийн их хүн үйлчлүүлдэг, олон хөлийн газар мөртлөө энэ байгууллагууд бусдын цаг завыг хэмнэх, шуурхайлах, байр саваа өргөтгөх тал дээр бараг дэвшил, өөрчлөлт хийдэггүй. Биш ээ, улсаас хийж өгдөггүй ч гэх ёстой юм уу. Ямар ч байсан хотын ихэнх хүмүүс энэ газруудаар орохдоо хамгийн их ядардаг. Ядахдаа “00” ч байхгүй шүү дээ.
Бас бид хотын өвлөөс айдаг. Утаанаас хүн бүхэн үхтлээ айж байна. Утааг яаж арилгах вэ… Ингээд л олон асуултууд толгой өвтгөдөг. Тэгээд бодохоор заримдаа хотод амьдрахаасаа залхдаг. Өдөр бүр хамаг цаг хугацаагаа уур бухимдлаар дүүргэхээс тээршаадаг.
Гэхдээ… Гэхдээ л би Улаанбаатартаа хайртай. Улсынхаа нийслэлд амьдрах дуртай. Энэ хотыг бүтээсэн түүх, энэ хотын өөрийнх нь туулсан зам, үүрсэн ачаа өнөөдөр бидний эдэлж байгаа эрх чөлөө, амьсгалж байгаа агаар минь.
Энэ хотыг яг өнөөдөр хотод амьдарч байгаа мянга мянган хүмүүсийн эмээ өвөө, ээж аав нар бий болгосон. Энэ хотод аав, ээжийн минь амьдралын нандин дурсамж бий. Энэ хотод амьдралын минь хуудас бүхэн дурсамжаа тэрлэн, эргэж байна. Бид энд л амьдарч байна.
Хотыг, нийгмийг хүмүүс өөрсдөө л бүтээдэг. Хотын байшин, хотын гудамж, хотын аз жаргал, хотын уур бухимдлыг бид өөрсдөө л бий болгодог. Яагаад би гэрийнхээ гадаа халтирч унахгүйн тулд цас, мөсөө өөрөө цэвэрлэж болохгүй гэж. Яагаад бид байрныхаа жижүүр, гудамжны үйлчлэгчдэд тусалж болохгүй гэж. Ердөө хогоо хаяхгүй байхад л бид тэдэнд, бас хотдоо тусалж болно.
Нээрэн, яагаад бид хотоо хайрлаж болохгүй гэж. Хотдоо сайхан амьдарч болохгүй гэж. Яагаад бид хоорондоо хүндэтгэлтэй харьцаж, уургүй, уцааргүй, бухимдалгүй амьдарч болохгүй гэж. Яагаад рестораны зөөгч нар найрсаг харьцаа сурч болохгүй гэж. Яагаад жолооч жолоочоо хүндэтгэж болохгүй гэж. Яагаад, яагаад, яагаад…
Яагаад ч болохгүй юм гэж байхгүй. Хот маань хөгжиж байна. Нэг хүний санал, нэг хүний сэтгэлийн төлөө хот хөдөлж чаддаг болох гэж тэмцэж байна. Машин замаа өргөтгөж байна. Уулзвараа нэмж байна. Автобусны буудлаа засч байна. Барилга барьж байна. Хот тэлж байна. Гэхдээ эд бол улсын хийх ажил. Үүрэх хариуцлага. Харин хүмүүс бид, хотын иргэн бид Дэлхийн хамгийн сайхан хотод амьдрах мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийнхөө өдөр бүрийн нэг алхмаас том АЛХАМ-аа эхлэх ёстой.
Өчигдөр засаад өгсөн сандлыг нь өнөөдөр эвдчихдэг иргэнтэй хот хэзээ ч өөдлөхгүй ээ. Саяхны нэг орой харьж явтал замын хажуугийн гэрлийн шонг шинэчлээд, хажууханд л хогийн сав, цаахан нь намхан сандал суурилуулсан байв. Хоёр өдрийн дараа шонгийн гэрлийг хагалаад, сандлыг нь хугалаад хаячихсан байсан. Уг нь бол ийм зүйлээ эвдлэхгүй, ядаж нэг хүн хогоо хаядаггүй байхаас хотын соёл эхэлнэ. Ийм жижгээс, тийм энгийн зүйлээс Улаанбаатар маань зүс засч, хот маань өөрийн эрхгүй “инээмсэглэнэ”.
Та хотдоо хайртай юу… Тийм бол төрсөн өдөрт нь бэлгээ зэхээрэй. Манай хот 364 нас хүрэх гэж байна.
Ирээдүйд хэний ч өмнө нүүр бардам гайхуулах, эргэн тойрон цэцэг навч, цэцэрлэгт хүрээлэнтэй, метротой, давхар замтай, иргэд нь уурладаггүй, машин нь түгжирдэггүй, үр хүүхдүүд маань айдасгүй, амар амгалан, аз жаргалтай амьдрах хот миний мөрөөдлийн хот. Хотоо тийм гоё болгож, хэзээ нэгэн цагт “төрсөн өдөр”-өөр нь бэлэглэмээр байна. Энэ миний хамгийн том мөрөөдөл.