“Авар”-ын захирал мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

“Авар”-ын захирал мэдээлэл хийлээ

Токио хотын төвд Монгол Улсын  компани 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг, 10 давхар барилгын хамт дуудлага худалдаагаар авсан гэх мэдээлэл дуулиан тариад байгаа. Энэ газрыг өндөр үнээр худалдан авсан "Авар” компанийн  үүсгэн байгуулагч нь Ч.Мичидмаагийн төрсөн ах Ч.Эрдэнэбат юм. Тиймээс энэ явдалд Их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар холбоотой, Японы Засгийн газрын шахалтаар Хойд Солонгосчуудтай хэл амаа амархан ололцдог монголчуудыг ашиглаж байна гэх зэрэг мэдээлэл цацагдаад байгаа.

Үүнтэй холбогдуулан Ч.Эрдэнэбат дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр цэвэр бизнесийн зарчмаар  газрыг авсан,  ямар ч улс төрийн оролцоо байхгүй гэж мэдэгдлээ. Түүнээс  зарим асуултад хариулт авлаа.

-Японы шүүх  шийдвэр гаргахаа хойшлуулсан гэсэн. Дуудлага худалдаагаар газрыг авсан байхад яагаад шүүхийн  шийдвэр нь  гарахгүй байгаа юм бэ?

-Японы болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр  дуудлага худалдаатай холбоотой  янз бүрийн мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор түр хойшлоод байна. Уг нь өнгөрсөн долоо хоногийн хоёр дахь өдөр шүүхийн шийдвэр гарах байсан. Удахгүй шүүхийн шийдвэр гарах байх. Үүний дараа бидний зүгээс олон нийтэд шаардлагатай мэдээллийг өгөх болно.

-Компанийнхаа талаар танилцуулаач. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм бэ?

-Энэ компанийг иргэний үнэмлэх дээр байдаг гэрийн хаяг дээр байгуулсан. Намайг хөдөө явсан хойгуур хаяг андуурагдсан асуудал гарсан байсан. Компанийхаа хаяган дээр би амьдардаг.

-Дуудлага худалдаанд яаж оролцсон бэ?

-Манай компани үйл ажиллагаа явуулдаггүй. Харин Японы хуулийн компаниар дамжуулж энэ дуудлага худалдаанд оролцсон. Үүнд тухайн компани хэдэн төгрөгийн хөрөнгөтай байх нь хамаагүй.

-5.1 тэрбум иен гэдэг их мөнгө. Ямар эх үүсвэрээс энэ мөнгийг бүрдүүлэх вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан асуудлыг шийдвэрлэнэ. Японы шүүхээс шийдвэр гарсны дараа энэ талаар тодорхой мэдээлэл өгч болно.

-Үүний цаана Д.Дагвадорж аварга байгаа, Хойд Солонгост хулгайлагдсан иргэдээ авчрахын тулд Японы Засгийн газар ийм алхам хийж байгаа гэх мэдээлэл байна?

-Аль ч улсын Засгийн газрын оролцоо байхгүй. Цэвэр бизнесийн зарчмаар явж байгаа асуудал. Миний дүү Ч.Мичидмаагийн нөхөр Д.Сумъяабазар гишүүн болохоор тэгж хардаж байгаа байх.     

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж