Д.Цогтбаатар: Их хурал ялалтын стратегийн суурь болно

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар: Их хурал ялалтын стратегийн суурь болно

МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.

-УИХ-аар улсын төсөв хэлэлцэж байна. Танай намынхан нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ тэр байдал нь улс орноо бодож байна гэхээсээ илүү удахгүй болох Их хурлаараа дарга болох гэсэн нөхдүүдийн шоу юм шиг харагдаад байна.  Та юу гэж бодож байгаа вэ?

-Манай намын бүлэг улс орныхоо хөгжил дэвшлийг сааруулахгүй байхыг эн тэргүүнд тавьж  байгаа. Тиймээс аливаа асуудлыг дэмжих эсвэл шүүмжлэхдээ манайхан зөвхөн улс орноо л боддог. Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг ажихад Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандахаас өөр арга байхгүй. Ардчилсан намынхан ч өөрсдөө  шүүмжлээд байгаа шүү дээ. Учир нь эдийн засаг уруудах замдаа орчихоод байна. Иймд, сэтгэл зовнихгүй байх арга алга. Хэдхэн тоо баримт аваад үзье л дээ. Өнгөрсөн жил 11 их наяд төгрөгийн хэмжээнд хүрсэн эдийн засаг 17.5 хувийн өсөлттэй байсан. Гэтэл энэ өсөлт 11 хувь руу бууна гэдэг  бол бид бүтээж болох байсан 600 орчим тэрбум төгрөгийн баялгийг алдаж байна гэсэн үг. Төрийн сүр хүчээр  бизнесийг түрсээр байгаад  гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдчихаад байна шүү дээ. Жилдээ дөрвөн тэрбум ам. долларт хүрдэг байсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнөөдөр хоёр дахин буурчихаад байна. Алдсан хоёр тэрбум доллар маань Мьянмарт ажлын байр цалин хөлс болоод л явж байгаа байх даа.

Үнэндээ гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурсаар Оюу Толгойн төсөлд ч сөргөөр нөлөөлж эхэлсэн. 2009 оны эцсээр энэ компанийн хувьцааных нь үнэ 30 ам.долларт хүрч байсан. Тэр үед манай улсын эзэмшлийн 34 хувийн багц маань зургаан тэрбум ам.долларт хүрсэн гэж болно. Гэтэл өнөөдөр энэ багц дөнгөж хоёр  тэрбум орчим ам.доллартай л тэнцэж байгаа байх. Өөрөөр хэлбэл, бид бараг дөрвөн тэрбум ам.доллар алдчихаад байх шиг байна.  Дээрээс нь Монгол дахь хөрөнгөндөө тулгуурлан гадаадын бирж дээр хөрөнгө босгосон бараг бүх компанийн хувьцааны үнэ навс уначихлаа.  “Чалко”-гийн гэрээг шинэчлэх гээд 20 сая тонн нүүрс гаргадаг байсан айл 10 хүрэхгүй сая тонныг л гаргах болоод байх шиг байна. Мэдээж нүүрсний үнэ унаснаас нэлээд алдагдал хүлээнэ. Экспортын хэмжээ нь нэмээд буурчихаар давхар цохилтонд орж байгаа юм. Одоогийн буурсан үнээрээ ч гэсэн 20 сая тонноо  болиод 10 сая тонн нүүрс гаргалаа гэхэд наад зах нь 300 гаруй сая ам.доллартай тэнцэх орлогыг алдаж байна.  Үнэ өсвөл алдагдал бүр өснө. Энэ бүх алдагдал  зах зээлийн хараат бус хэлбэлзлээс биш харин засаглалын дутагдлаас болж байгаа юм. Энэ бүх алдагдлыг тооцоод үзвэл долоогоос дээш тэрбум ам.долларын гарз гарахаар байна шүү дээ. Юун нөгөө Чингэс бондын 1.5 тэрбум ам.доллар. Ийм их өр тавилгүйгээр өөрсдөө болчихоор байж.  “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг биз дээ. Монголыг 30 хувийн ядууралтай орон гэж үзвэл 900 мянган хүн бага орлоготойд тооцогдоно. Тэгвэл ийм их мөнгийг зүгээр алдаж байснаас хэрэгцээт бүлэгтээ хайр найргүй тараачихгүй яасан юм гэж харамсмаар байгаа юм. Тэгсэн бол нэг хүнд 8000 ам.доллар ногдохоор байсан. Сарын 21 мянган төгрөгөөрөө тараасан ч хэдэн арван жил тэр хишгийг хүртээхээр байсан шүү дээ.

Түүнчлэн төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтын ажил дөнгөж 30 хувьтай л байна гэсэн мэдээ байна. Тэгэхээр цаана нь нийт төсөвлөгдсөн хөрөнгө оруулалтын 70 хувьтай тэнцэх хүүгүй хөрөнгө суул хэвтсээр байгаа гэсэн үг. Ийм байхад гаднаас хүүтэй мөнгө зээлж хөрөнгө оруулаад байгааг ойлгохгүй юм. Бас төсвийн алдагдал нэг их наяд төгрөг давсан гэсэн мэдээ бий.  90-ээд оны сүүлээр манай ДНБ л ийм хэмжээнд байсан юм шүү дээ. Талхаа талоноор авч иддэг байхдаа бид чинь төсвийн ийм хэмжээний  алдагдалгүй байсан байх шүү.

Би эдийн засагч хүн биш, тиймээс би багцаа тоо л ярьж байгаа юм шүү дээ. Харин эдийн засагчид дээр дурдсан зүйлсийг анхаарч үзээд алдагдсан боломжийн өртгийн хамт нарийвчилсан тооцоо хийвэл эвгүй л тоо гарах байх. Эдгээрийг бодоод үзэхээр гутармаар байгаа биз. Ийм нөхцөл байдлыг үл тоомсорлоод өнгөрч чадахгүй биз дээ. 

-Танай намынхан Их хурлаа хийх гээд бужигнаж, дуулиантай л байгаа бололтой. Гэхдээ энэ хурлаар юу шийдэх вэ гэхээсээ илүү хэн хэн дарга болох бол гэдэг нь хүмүүсч чухал байх шиг байна…

-Олон түмний санаа бодол гэдэг оломгүй далай шиг залуурдах аргагүй эд л дээ. Дуулиан ихтэй байна гэдэг нь үндэсний хөгжилд нөлөөлөхүйц том нам гэдгийг л харуулж байгаа юм. Манай намыг улс орноо хөгжүүлж, ард түмнийхээ аж амьдралыг өөд татаж чадах нам гэдэг итгэл үнэмшил олон түмэнд өндөр байдаг. Тэр ч үүднээсээ энэ удаагийн Их хурлаас оновчтой үр дүн хүлээж байгаа байх. Хэн хэн дарга болох тухай яагаад хамгийн их сонирхоод байгаа юм. Энэ бол Монголд дарга нар л бүхнийг шийдвэрлэж ирсэн өмнөх тогтолцооны үеэс үлдсэн нийгмийн сэтгэлгээтэй холбоотой байх. Амьдрал нэгэнт л иймээс хойш ард түмэн улс орны  хөгжил хэмээх гоё сэдвээр даргаа томилох санаагаа танай намынхан нуулгүй шууд л “даргаараа хэнийг сонгох гээд байгаагаа хэлчих” гээд асуугаад байх нь аргагүй. Олон түмэн гэлтгүй манай намынхан, ялангуяа залуучууд маань ирээдүйн удирдлагын талаар илүү сонирхож байгаа нь ажиглагдаж байна.

Гэхдээ бид дөрвөн  жилд  хуралддаг Их хурлаараа улс оронд тулгамдаад буй хурц асуудал, сорилтуудыг ярихгүй бол болохгүй нь. Энэ нь хувь хүний асуудлаас хавьгүй илүү,  хойшлуулашгүй чухал зүйл мөн. Иймд бид юуны өмнө өнөөгийн нөхцөл байдлаа нарийвчлан дүгнэж, өнгөрсөн сургамж, алдаа онооныхоо дүгнэлтэд суурилан юуг, хэрхэн өөрчлөөд, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ эхэлж тодорхойлох нь чухал байгаа юм. Үүний үндсэн дээр сая өмнөө тавьсан зорилгоо удирдлагын ямар багийн хүчээр хэрэгжүүлж чадах вэ гэдгээ ярилцах учиртай. Манай Их хурал энэ бүхнийг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Чухам та ямар үр дүн хүлээж байгаа юм бэ?

-Санаа зовоосон, оновчтой шийдчих юмсан гэж бодож явдаг олон асуудал бий. Тэр болгоныг ярина гэвэл цаг, цаас их орно. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, улс төрийн намуудын үйл ажиллагаа аль аль нь нэг л явж өгөхгүй, мухардалд орсон юм уу даа гэж ажиглагддаг. Ардчилсан нийгмийн нэг онцлог нь амжилт, ололт нь хэнийх вэ, алдаа эндэгдэл нь юуных вэ гэдэг нь ил тод, дүгнэлт өгөхөд амархан байдагт оршдог шүү дээ. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд манай нам дийлэнхдээ төрийн жолоог атгаж ирсэн ч гэлээ ажил үйлсэд нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйл их бий. Ямар ч гэсэн  бид улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд иж бүрэн дүгнэлт өгөх ёстой. Тэгээд цаг алдалгүй эрчимтэй хөгжих бодлогыг тодорхойлох учиртай. Намын ажлын тухайд гэвэл цаг үетэйгээ уялдуулан үзэл баримтлалаа тодотгох хэрэгтэй. Дүрмээ цөөнх болсон үеийн үйл ажиллагаанд тохируулан шинэчлэхдээ дотоод ардчиллыг хөгжүүлж, ёс зүйн хэм хэмжээг тогтоож, намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх олон асуудлыг чухалчлан авч үзээд шийдвэрлэх нь зүйтэй гэж боддог. Манай нам ёс суртахуун, эв нэгдлийн огт өөр түвшингийн манлайллыг намын дотоод үйл ажиллагаандаа болон нийгэмдээ нэвтрүүлэхийн төлөө зүтгэх цаг болж.

Ер нь анхан шатны байгууллага жирийн гишүүдээ сонгуулийн үед л нэг ашиглаад, дөрвөн жил мартчихдаг гажуудлыг арилгах ёстой. Цэцэг ногоо ургахад хөрс шороо чухлын адил намын ажил сайн байх үндэс нь анхан шатны байгууллага, гишүүдтэйгээ байнгын харьцаатай байж, тэдэндээ хэр туслахаас шалтгаалдаг шүү дээ. Манай намын удирдлага болоод жирийн гишүүдийн амьд холбоо зарим тохиолдолд тасарчихаад байгаа мэт санагддаг. Өөр нэг гажуудсан асуудал бол боловсон хүчнийг шилж сонгох, өсгөж бойжуулах, үйл ажиллагаанд нь бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх ажилд оршиж ирсэн дутагдал юм. Бүхнийг бэлтгэгдсэн боловсон хүчин л шийдвэрлэж чадна. Аливаа сонгуульд ч, албан тушаалд ч хүнээ оновчтой сонгож чадаагүйгээс амжилт олохгүй байх, албан тушаалд хүрсэн нөхөд маань намын хамт олны итгэлийг хөсөрдүүлэх явдал газар авсан нь бодитой үнэн. Уг нь хүнийг таних ч амархан л даа. Зөвхөн манай намын шийдвэр гаргах механизм, хүн сонгох шалгуур үзүүлэлтүүд байгаа дүрэм журмаа хэрэгжүүлсээр ирсэн практик зэргийг боловсронгуй болгох шаардлага бий. За тэгээд хамгийн гол асуудал бол дотоод эв нэгдлийг хангах явдал юм. “Эвт шаазгай буга барьна” гэдэг дээ. Эв нэгдлийн төлөө элдэв фракц, хувийн үзэл бодлоо хойш тавьж, нэгдэн ажиллавал манай нам шиг хүчтэй улс төрийн хүчин байхгүй л дээ. Товчхон хэлэхэд бид Их хурлаараа 2016 оны сонгуульд ялах стратегийн үндсийг тавих ёстой л гэж бодож байна.

-Ардын намын дарга, генсекээр тэр болох нь гэдэг мэдээлэл бишгүй цацагдаж байна. Даргад горилогчид ч сонин хэвлэлээр ярьж, тодрохыг хичээж байх шиг байна. Хэдийгээр таны нэр генсект дуулдаж байгаа ч  өөрөө өнөөдрийг хүртэл чимээгүй байлаа?

-Би өмнө нь хүчээ сориод үзсэн. Тэгээд үзүүрлэсэн. Бөх хүнээр бол өвдөг шороодчихоод хашрах байсан юм бол эхнээсээ барилдахын ч хэрэггүй биз. Түүнтэй л адил шүү дээ. Тиймээс би дахиад “зодоглоод” үзнэ. Манай нам сүүлийн хэд хэдэн сонгуульд амжилт гаргаж чадаагүй. Хот, хөдөөд намын ажил олон талаар хүндэрлээ.  За тэгээд сөрөг хүчин болж ажиллах туршлага дутмаг, эгзэгтэй энэ үед намын гол ажлыг нугалдаг генсекийн албыг хашна гэдэг амаргүй. Мэдээж  хүч чадал сорьсон ажил. Тийм байхаас ч аргагүй. Ялангуяа 2016 оны УИХ-ын сонгууль араас нь үргэлжлэх хэд хэдэн сонгуульд намаа ялуулах  хөрс суурийг ирэх хоёр жилд тавихын тулд хүн бүхнээс хүчин чармайлт шаардах нь дамжиггүй.

-Гэхдээ Д.Цогтбаатар генсекийн ажилд хэтэрхий зөөлдөнө. Улс төрийн туршлага муутай, дипломат хүн энэ ажлыг хийж чадахгүй гэсэн дүгнэлт нөгөө талаар таныг дагаж, басах хандлагатай байх шиг байна. Та юу хэлэх вэ?

-Аядуу зөөлөн гэдэг чинь миний “өнгөлөн далдлалт” байхгүй юу. Цааш нь битгий хэлээрэй. Монгол Улсын дипломат албаны онцлог бол бид  өөрөөсөө бүх талаараа (хөрөнгө мөнгө, хүн ам, улс төрийн нөлөөлөл, шинжлэх ухаан техникийн чадавхи, зэр зэвсгээрээ) харьцуулшгүй том улс орнуудтай ажиллах шаардлагатай болдогт оршдог. Тийм учраас  дипломатууд оюун ухаан, шазуур залиараа энэ дутмаг байдлыг тэнцэтгэж ажилладаг юм шүү дээ. Манай нам сөрөг хүчин болчихсон, хөлийн тэнцвэр нь суларчихсан, бас дотроо хуваагдчихсан байгаа энэ үед харин ч аливаа зүйлийн эвийг олж, учраа ололцдог дипломат хүний ур чадвар илүү хэрэг болж ч болно.

Надад намын ажлын ч, төрийн ажлын ч туршлага бий. Төрийн ажил хийж явсан туршлага гэвэл улсын хэмжээний хоёр салбарын удирдлагад байлаа. Ерөнхийлөгчийн зөвлөх, төрийн нарийн бичгийн дарга, сайд зэрэг албан тушаалыг хашиж явлаа. Гадаад харилцааны салбарт ажиллаж байхдаа Далайд гарцгүй орнуудын судалгааны хүрээлэнг Засгийн газар хоорондын байгууллага хэлбэртэйгээр Улаанбаатар хотод байгуулах санаачилгыг гаргаж, 33 орноор зөвшөөрүүлж байлаа. Энэ бол Улаанбаатарт төвтэй олон улсын анхны байгууллага болох юм шүү дээ. Одоо улс орнууд энэ байгууллагыг үүсгэн байгуулах гэрээгээ соёрхон баталж эхлээд байна. Мөн гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөр, баримтад суурилсан шийдвэр гаргах тогтолцоо, Монгол, Америк, Японы гурван талт зөвлөлдөх уулзалт, ЗХА-ийн тогтвортой байдлыг хангах бодлого, арга хэмжээнүүд гээд миний өөрийн санаачилсан олон зүйл ажил хэрэг болон үргэлжилсээр л явна. Мянганы сорилтын сангийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал, нисэхэд байрлах спорт цогцолборыг барьж эхлүүлэх зэрэг олон шийдвэрийг холбогдох орны засаг төрөөр дэмжүүлэн гаргуулж л явлаа.  Тамхины наймаа гэх дипломат албанд суурьшаад байсан  сөрөг үзэгдэлтэй шинэлэг үр дүнтэй арга хэрэгслээр хатуу тэмцсэн туршлага ч бий.  Үүний үр дүнд намайг Төрийн нарийн бичгийн дарга байхад Гадаад хэргийн яамны үндсэн дипломат хамт олноос нэг ч хүн тамхи зөөсөн хэрэгт холбогдоогүй шүү. Яриад байвал олон юм бий дээ. Байгаль орчны сайдаар ажиллах хугацаандаа ч олон зүйлийг шинээр эхлүүлж, шийдэмгий шийдвэрүүд гаргаж байсан. Ингэж гаргасан шийдвэрүүдийн зарим нь мөнгөтэй хүмүүст таалагддаггүй л байсан. Гэсэн ч зөв байсан учраас тэр бүхнийг үл ажран шийдвэр бүрийг хэрэгжүүлж байлаа. Сайд байхдаа батлуулсан багц хуулиуд Монголд ногоон шинэ эринийг эхлүүлсэн. Хуулиуд багцаараа батлагдаж байсан нь Монголын парламентын түүхэнд анхных юм байна лээ.  

-Намд ажилласан туршлага гэвэл…

-2003 оноос намын өндөр албаны хүмүүстэй ажиллаж ирсэн. Тэдний нийгэмд, намын хамт олонд болон олон улсад хандсан бодлого үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэхэд  гар бие ороцож байлаа.  Эдгээр нь бүгд л улс төр тэр дундаа манай намын нэр хүнд, улс төрийн өнгө төрхийг зөв харуулахад чиглэсэн арга хэмжээнүүд байсан. Ер нь сүүлийн арваад жилийн турш манай намын зүгээс боловсруулсан томоохон бодлого, хөтөлбөрийн баримт бичгүүдийг боловсруулахад оролцож байсан. Аливаа намын нийгэмтэй, сонгогчидтой харьцах гол механизмуудын нэг нь энэ шүү дээ.  Бичиг баримт боловсруулах, бодлогын үндэслэлийг бэлдэх ажлыг нуруундаа үүрч явдаг  хүн нам дотор олонгүй  байдаг гэхэд болно.  Миний хувьд намын  хурлын  зарим илтгэлийг бэлтгэлцэх гээд хотоос зайдуу уулын мухарт гэрийн бараа харалгүй, олон хоногоор ажиллаж явсан үе цөөнгүй бий. Сонгуулиас сонгуульд боловсруулагддаг мөрийн хөтөлбөрүүд түүний сурталчилгаанд бүгдэд нь оролцож ирлээ. Чин үнэнийг хэлэхэд энэ намын хар, бор ажилд өөрийгөө дайчилж явлаа. Ард түмний мөрийн хөтөлбөрийн үндсийг боловсруулсан 10 залуугийн нэг болсондоо ч баяртай байдаг шүү. За тэгээд намынхаа төлөө жагсаал цуглаан ч зохион байгуулалцаж, бас оролцож явлаа.

-Таныг жагсаал, цуглаан зохион байгуулсан гэхээр сонин сонсогдож байна л даа?

-2006 он бол улс төрийн нэлээд идэвхитэй жил байсан. Тэр үед олон жагсаал цуглаан зохион байгуулагдаж байлаа. Залуучуудын холбооныхоо удирдах зөвлөлийн гишүүний хувьд бүх жагсаал цуглааны бодлого, хэрэгжилтэнд биечлэн оролцож явсан. Намын байр руу дайраад туг шатаачихсныг эсэргүүцэж, хувийн хамгаалалтын салбарт ажилладаг найз нарыгаа дагуулж ирээд холбооны залуучуудтайгаа хуучнаар “Лениний музейн” байранд цуглаж, шөнөжин хуралдаж л байлаа.  Дараа нь гудамжинд гарч намын төв байраа хамгаалалтад авч байсныг мартдаггүй юм. Гэхдээ энэ тухай нэг их яриад байдаггүй л дээ. 

-Та МАН-ын Гадаад харилцаа эрхэлсэн Нарийн бичгийн дарга. Энэ ажлыг авснаас хойш юу хийж амжуулав?

-Тодорхой ажлууд хийсэн шүү. Өнгөрсөн оны намар Йоханнесбург хотод чуулсан Социалист Интернационалын хурлаас манай намын хоёр гишүүн уг байгууллагын удирдах өндөр албан тушаалд сонгогдлоо. УИХ-ын гишүүн Сү.Батболд энэ байгууллагын дэд ерөнхийлөгчөөр, манай бага хурлын гишүүн Д.Энхжаргал Социалист Интернационалын эмэгтэйчүүдийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэ байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүмүүсийн дотор өөрийн улсын төр, засгийн тэргүүнээр ажиллаж буй олон хүн бий. Манай нэр дэвшигч Пакистан,Непал,Иракийн төр засгийн тэргүүний алба хашиж буй хүмүүстэй өрсөлдөж ялсан. Үүнд их л ажил орсон.  Дэлхийн 168 орны социал-демократ үзэл баримтлалтай улс төрийн нам, олон нийтийн байгууллагуудыг нэгтгэсэн энэ байгууллагад манай нам арваад жил гишүүнчилсэн ч ийм төлөөлөлтэй болоогүй байсан. Одоо энэ боломж нээгдлээ. Тиймээс энэ байгууллагатай төсөл хөтөлбөр, сургалт семинар зохион байгуулахаас авахуулаад өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болсон.

Үүний зэрэгцээ Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралд манай намын төлөөлөгчдийн оролцоог хангах, сонгуулийн үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон бусад улс орноос ажиглагчдыг ирүүлэх дээр  амжилттай ажилласан.    Малайз, Азербайджан, Португал, Их Британи зэрэг орнуудад зүүн төвийн намуудын зүгээс зохион байгуулж буй хурлуудад манайхаас төлөөлөгчид оролцуулж, тэдгээрийг удирдамж бодлогын чиглэлээр хангаж, ах дүү зарим намтай хамтарч Монголд сургалт, семинар зохион байгуулах санаачилга гаргах, бэлтгэлийг хангах ажлуудыг хийлээ.  Намын даргын БНХАУ-д хийсэн айлчлал болон бусад оронд намын төлөөлөгчдийн хийх айлчлалыг зохион байгууллаа. Монголд намын шугамаар ирсэн гадаадын цөөнгүй зочид төлөөлөгчдийн айлчлалыг ч зохион байгуулсан. Намын нарийн бичгийн даргын хувьд залуучуудын байгууллагуудын зүгээс зохион байгуулдаг  арга хэмжээнүүдэд намын бодлого үйл ажиллагаагаа сурталчилах ажлуудыг хийлээ. Гэхдээ би орон тооны бус нарийн бичгийн дарга учраас нам дээр өрөө тасалгаагүй байдаг. Тиймээс тогтмол ажилладаг орон тооны нарийн бичгийн дарга нараас ялгаатай л даа. Гэсэн ч  өөрийн сэтгэлээр  ажлыг бүтээх талаас нь хандаж ирлээ.    

-Та Сү.Батболдын Засгийн газарт сайдаар ажиллаж байсан. Хүн гэсэн Тийм болохоор тэр үү, таныг түүний хүн гэж хардах нь бий. Та өөрөө юу хэлэх вэ?

-Би Н.Багабанди Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үед намайг түүний хүн л гэдэг байсан. Дараа нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байлаа. Бас л түүний хүн гэдэг байсан. Сү.Батболд даргыг дэд сайд байхаас нь хамтарч ажиллаж байсан. Бас л түүний хүн гэдэг. Манай залуучуудтай намайг хамтатган  шүүмжилмээр болохоороо намайг МАСЗХ-ны хүн л гэдэг.  Цаашид өөр олон  хүн, байгууллагатай  ажиллах байх даа. Тэр тоолонд тэрний хүн, энэний хүн гэж яригдах байлгүй.  Энэ ярианууд намайг ажиллаж байгаа хүмүүстэйгээ эвсэг, хэл амаа ололцож урт хугацаагаар хамтран ажиллаж чаддагийг харуулж байгаа болов уу. Гэхдээ хэн нэгний удирдлагад ажиллалаа гээд шударга зарчмыг умартаж, аялдан дагалдаад бусдаар дөрлүүлээд байдаггүй гэдгээ л хэлчихье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж