Хувийн хэвшлийн төлөөллүүд төртэй хамтран ажиллах санал дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Хувийн хэвшлийн төлөөллүүд төртэй хамтран ажиллах санал дэвшүүллээ

Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн /ХХДҮЗ/ санаачилгаар Монголын бизнесийн зөвлөл, CEO club болон бизнес эрхлэгчдийн томоохон төлөөллүүд анх удаа “Төр, хувийн хэвшлийн эдийн засаг дахь тэнцвэртэй оролцоо”-ны тухай хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үр дүнд Засгийн газарт өргөн барих хамтын санал, зөвлөмжийг боловсруулав.

Үүнд, Монголын хувийн хэвшил эдийн засагтаа илүү их баялаг бүтээх хүсэл эрмэлзлийн дагуу хөгжингүй орнуудын жишгээр Засгийн газартай албан ёсны, ил тод хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж ажиллах саналыг дэвшүүлсэн байна. Түүнчлэн хувийн хэвшлийн хөгжилд төрийн оролцооны хэм хэмжээг зохистой түвшинд байлгах, Монголын хувийн хэвшлийнхний санал санаачилга, дуу хоолойг төр засгийн байгууллагад хүргэх замаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тогтмолжуулахад хувийн хэвшлийн төлөөллүүд цаашид идэвх санаачилга гарган ажиллах болсноо мэдэгдсэн юм.

Хувийн хэвшил болон түүнийг дэмжигч байгууллагууд хамтдаа гурван чиглэлээр төр, хувийн түншлэлийг хөгжүүлэх естой гэж үзсэн байна.  
–    Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэх
–    Хувийн хэвшлийн хөгжлийг татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих
–    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, төрийн хүнд суртлыг багасгах

Хэлэлцүүлэгт оролцогчид төрөөс зөвхөн эрдэс баялгийн салбарт дунд болон урт хугацааны бодлого боловсруулж, хэрэгжүүлээд зогсохгүй эдийн засгийн өсөлтийг хурдасгах аялал жуулчлал, эрчим хүч, агаарын тээвэр, дэд бүтэц зэрэг салбаруудад мөн адил урт хугацааны бодлого боловсруулахад хувийн хэвшлийн зүгээс хамтран оролцох хүсэл зорилготой байгаагаа илэрхийлэв.

Монгол улсын өмнөх Засгийн газруудын баталсан хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих олон журам тогтоолууд байдгийн нэг жишээ нь 2011 оны хоёрдугаар сарын 9-нд батлагдсан Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих Үндэсний стратегийг батлах тухай Монгол улсын Засгийн газрын 36 дугаар тогтоол байдаг. 2016 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжихээр батлагдсан энэхүү журмыг өнөөгийн Засгийн газар ажил хэрэг болгож, хувийн хэвшилтэй хамтран ажиллах зөвлөлөө яаралтай байгуулж, эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбоотойгоор үүсээд буй ачааллыг төр хувийн хэвшилтэйгээ хамтран үүрэлцэх саналыг мөн бизнесийн төлөөлөгчид дэвшүүлж байлаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж