Алт авах хүртэл нь хурайлцгаая

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Алт авах хүртэл нь хурайлцгаая

Талцаж уралдаж, таван үгний зөрүүгүй хэрэлдчих гээд байдаг ширүүхэн твиттерчид өчигдөр жигтэйхэн санал бодол нэгтэй жиргэцгээв. Шалтгаан нь У.Мөнх-Эрдэнэ. Казахстаны Алматы хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд хүрэл медалийн болзол хангаж буй тоглолт жиргээчдийг нэгтгэв. “МУГТ Мөнх-Эрдэнэ ДАШТ-ний Хошой медальт боллоо” “Алт авах хүртэл нь хурайлцгаая” “янзын, одоо мөнгө, алт гээд хоёр чухал тулаан үлдлээ дээ” гэх зэргээр талархлын үгс жиргээний талбарыг жинхэнэ утгаар дүүргэв.

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор ялсан. Улмаар Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 (30-27; 30-27; 30-27) харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарсан. Харин өчигдөр Узбекстаны Санжарбек Рахмановыг ялснаар мөнгөн медалийн төлөө тоглохоор болж байгаа аж. Хамт явсан бусад зургаан тамирчин нь ялагдал хүлээж тоглолтуудаа дуусгасан бөгөөд У.Мөнх-Эрдэнэ сүүлийн найдвар болоод байсан юм.

Мэдээж жиргээчид шүүмжлэх зүйл гаргаж ирэх нь тодорхой. Тэд “боксын холбооноос бараг явуулахгүй гэх шийдвэр гаргаж байсан. Ичих хэрэгтэй” гэх зэргээр хэсэг нөхдийг баалаад амжив.

Өчигдрийн хамгийн олонтаа дамжиж, нэлээд олон хүнийг бухимдуулаад авсан жиргээ “Нэг саяаас дээш цалингаас 25 хувийн татвар авахыг эсэргүүцэж байна” гэдэг байв. Татварын хууль өөрчлөгдөж байгаа, өндөр орлоготой хүмүүсээс өндөр авах юм гэх мэдээллээс цаашгүй олон хүнд энэ нь шударга бус санагдаж ийнхүү эсэргүүцсэн мессежийг тарааж байлаа. Нэлээд газар авсан жиргээнд үдээс хойш УИХ-ын дарга хариу тайлбарыг жиргээгээр хийлээ. Түүний “тийм төсөл байхгуй, АН эрх барьж байхад ийм татвар дэмжигдэхгуй, санаачлах ч угүй” “2006 онд татварын реформ хийж ундсэн дөрвөн татвараа 10 хувиар тогтоож 10-15 жил өөрчлөхгуй гэж гишууд намууд тохирсон” гэх жиргээ ч өмнөх 25 хувийн татварыг эсэргүүцсэн жиргээний араас нэхэн түгэв. 

Мөн өдрийн онцлох жиргээ “Гэмтэл өвчтөн хүлээх авах бололцоогүй боллоо.100 гаруй ажилтнууд нь ажлаас халагдах өргөдлөө өгсөн байна. Эрүүл мэндийн салбар дампуурлаа” гэдэг байсан бөгөөд эрүүл мэндийн сайд руу, салбарт чиглэсэн шүүмж сүүлийн үед хүчээ авч байгаа нь ямар нэг зүйл болохын дохио мэт.

 Б.БОЛЖМОР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж