Тусгай олимпийн тамирчдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Тусгай олимпийн тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Тусгай олимпийн тамирчдыг хүлээн авч уулзав


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Тусгай олимпийн Монголын хороо, тамирчин хүүхдүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тусгай олимп нь спортын уралдаан, тэмцээнээр дамжуулж  оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдарыг нь хөгжүүлэх, тэднийг бусдын адил эрх тэгш иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах  зорилготой олон улсын байгууллага юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Оюун Тусгай олимпийн тэмцээнийг 1968 оноос дэлхийн хэмжээнд зохион байгуулж буйг дурдлаа. Монгол Улсын тухайд оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусын Тусгай олимпийн талаар хэдхэн жилийн өмнөөс мэддэг болж Олон улсын Тусгай олимпийн хороонд хандсан байна. Монголын Тусгай олимпийн хороо нь  2013 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Олон улсын Олимпийн хороонд гишүүнээр элсч, 13-ны өдөр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болон албан ёсоор бүртгүүлжээ. Тусгай олимпийг бусад олимпийн адилаар дөрвөн жил тутамд, өвөл, зуны спортын төрлүүдээр зохион байгуулдаг юм байна. Дэлхийд 200 гаруй сая, Монголд 20 мянга орчим оюуны бэрхшээлтэй хүн байдаг ажээ.
 
Энэ  оны хоёрдугаар сард БНСУ-д зохион байгуулсан өвлийн  10 дахь удаагийн Тусгай олимпийн наадамд Монгол Улс анх удаа зургаан хүний бүрэлдэхүүнтэй  оролцож, цасан дээрх гүйлтийн төрлөөр анхны мөнгөн медалийг тамирчин Б.Элбэгзаяа,дөрөвдүгээр  байрын шагналыг тамирчин У.Нинжбадам хүртэж, Монгол Улсынхаа олимпийн медалийг нэгээр нэмсэн баярт үйл явдал болжээ. Дараагийн зуны олимпийг 2015 онд АНУ-ын Лос-Анжелос хотод хийхээр төлөвлөсөн байна. Мөн Австралид болох усанд сэлэлтийн наадамд Монголоос хоёр сурагч оролцохоор болжээ. Улаанбаатарт байдаг дөрвөн тусгай сургуульд тулгуурлаж Тусгай олимпийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэхээр болсныг УИХ-ын гишүүн С.Оюун Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, тамирчин хүүхдүүдэд урам өгч хүлээн авч уулзсанд нь баярлаж буйгаа илэрхийлэв. Мөн Тусгай олимпийг ивээлдээ авахыг хүссэн захидлыг Монголын Тусгай олимпийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулав.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр “Бид бол хүнлэг ардчилсан нийгэм байгуулж байгаа улс. Хүнлэг ардчилсан нийгэм гэхээр олонхийн саналаар явдаг гэсэн нэг өрөөсгөл ойлголт манайд байдаг. Хамгийн гол нь цөөнхийн эрх ашгийг түрүүнд тавьдаг байх ёстой. Хүнлэг ардчилсан нийгэм нь хамгийн цөөнх болж байгаа хүмүүс, хүүхдүүдийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг нийгэм юм. Энэ тухай ярьж, төрийн бодлогод тусгаж, нийгэм нь ярьдаг, хүмүүс нь хүндэтгэдэг, ойлгодог болох юм бол Монголын нийгэм жинхэнэ хүнлэг болно.

Манай ард иргэд өвөл, зуны олимп, паралимпийг сайн мэднэ. Тэгвэл Тусгай олимп гэж байдаг. Үүнд манай хүүхэд залуус оролцдог болж байгаа нь маш чухал юм. Энэ үйл ажиллагааг цаашид бүрэн дэмжих хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй иргэд бүгдээрээ Монгол Улсын иргэд. Хүн бүр ижил эрхтэй байдаг. Тиймээс энэ хүмүүсээ хүндэтгэж, эрх ашгийг нь хамгаалж, идэвх зүтгэлтэй хүүхэд залуусаа улам илүү дэмжих хэрэгтэй. Бусад хүмүүст ийм тэмүүлэл бий болгох хэрэгтэй.
 
Монголын Тусгай олимпийн хорооны саналыг баяртайгаар хүлээж авч байна. Ерөнхийлөгчийн ивээлд Тусгай олимпийн үйл ажиллагаа явдаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраар дамжуулж ойрхон харилцдаг, шаардлагатай тусламж дэмжлэгийг бидний зүгээс үзүүлдэг байж хамтарч ажиллая.

Анхны олимпдоо оролцож амжилт гаргаад ирсэн хүүхдүүддээ баяр хүргэе. Цааш цаашдаа олимпод оролцох гэж байгаа хүүхдүүддээ амжилт хүсье. Их баярлалаа” гэлээ.

Тусгай олимпийн тэмцээний албан ёсны төрөлдусан спорт, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, агаарын теннис, боулинг,зүлгэн дээрх бөмбөг, дугуй, морин спорт, хөл бөмбөг, гольф, жүдо, ширээний теннис,далбаат завь, гар бөмбөг, хүндийн өргөлт, скэйт, талбайн теннис, хэмнэлтэт гимнастик, уран гимнастикбагтдаг болалбан бус төрөлд усан завь, крикет, зөөлөн талбайн гар бөмбөгордог юм байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж