Ё.Отгонбаярын хэрэг юу болов?

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаярын хэрэг юу болов?

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох бусдаас авлига авахыг завдсан хэргийг УМБГ-т өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн шалгаж буй. Нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр "цоллуулсан" тэрээр өнөөдрийг хүртэл өөрт нь ямар ч хэрэг үүсгээгүй гэж мэдэгдэж байгаа юм. Харин хуулийн байгууллага бусдаас авлига авахыг завдсан болон эхнэрийнх нь данстай холбоотой хэргүүдийг шалгасан хэвээр байгаа аж.

Өнгөрөгч зургадугаар сард түүний эхнэр О.Эрдэнэсолонгын дансаар их хэмжээний мөнгө орж гарсан асуудлыг шалгахаар цагдан хорьсон. Тухайн үед УМБГ-аас өгсөн мэдээллийг эргэн сануулъя.

"2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч “Энхтайваны гүүрэн дээр явж байгаад хэсэг залууст зодуулж, машинаа дээрэмдүүллээ” гэх мэдээллийг УМБГ-т ирүүлжээ. Тэрээр цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа “Одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Боловсролын сайд байхдаа миний Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Улмаар барилга хүлээн авахдаа орлогын 4/1 буюу 230 сая төгрөг өгөхийг санал болгосон. Энэ саналыг нь хүлээн аваагүй учраас бүлэг залуусаар зодуулж, Ланд-200 машиныг нь дээрэмдүүллээ” гэх гомдол ирүүлсэн.

Иргэн Ч-гийн гаргасан гомдлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх мэдээллүүд нь батлагдсан бөгөөд Ё.Отгонбаяр бусдаас авилга авахыг санал болгосон нь холбогдох баримтуудаар нотлогдсон. Тиймээс энэ хүнтэй холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн шалгах явцад эхнэр болох О.Эрдэнэсолонго нь 20 гаруй данстай, дансаар их хэмжээний төгрөгийн болон валютын гүйлгээ хийгдсэн болох нь илэрсэн" гэх мэдээллийг өгч байв.

Харин өчигдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин "Хүн хэзээ ч өөрийгөө “гэм буруутай” гэж хэлдэггүй. Энэ бол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх. Тиймээс Ё.Отгонбаяр гишүүн өөрийгөө буруугүй гэсний төлөө “энэ хүн буруугүй” гэж туйлширч болохгүй. Хуулийн байгууллага хуулийн хүрээнд шалгалтаа хийж байгаа. УМБГ-ын дарга Г.Батсүхийн мэдэгдсэнээр бусдаас авлига нэхсэн асуудал, түүний эхнэрийн данстай холбоотой асуудал шалгагдсэн хэвээр байна. Энэ хэргийг шалгаж байгаа хуулийн байгууллага хэргийн талаар нэмэлт тайлбар гаргаж өгөх байх" гэх хариулт өгснөөс харвал Ё.Отгонбаярт холбогдох хэрэг замхарчихаагүй бололтой.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж