“Амь орсон” төлбөрт зогсоол

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

“Амь орсон” төлбөрт зогсоол

– Тасалбар аа…
– За май, танайх зохион байгуулалттай байх хэрэгтэй байна аа.
– Хурдан мөнгөө, дараагийн машин сигналдаад байна.
– Үйлчилгээндээ анхаараач ээ!
– Хурдан гар л даа…

Энэ бол "Хангарьд" ордны урд болсон үйл явдал. Төлбөртэй болсноос хойш хэдэн машин үүгээр ерөөлийн үг урсгаж гарсныг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ мэдэж болох зүйл бий. Өдөрт зөвхөн энэ зогсоолд дунджаар 150-200 машин үйлчлүүлдэг гэх судалгаатай. Нэг машинаас дунджаар 1500 төгрөг авдаг гэж тооцвол 230 гаруй мянган төгрөг өдөрт нэг зогсоол хураадаг гэсэн тооцоо гарч болохоор байна. Энэ мөнгийг нийслэлийн санд төвлөрүүлж зам засварт зарцуулдаг гэх. Нийслэлийн 30 орчим төлбөрт зогсоолд нэг иймэрхүү дүр зураг өдөр болгон давтагддаг гэж тооцвол чамгүй мөнгө гарч ирнэ.

Зогс эсвэл…

Зогс эсвэл боль. Тэртээ тэргүй зогсоол байхгүй нийслэлд та мөнгөө төлөөд зогс эсвэл зөвшөөрөөгүй газар тавиад журамлуул. Эрхэм жолооч танд байгаа сонголт гэвэл энэ. Нэг цагт та 1000 төгрөг төлөөд зогсох нь уг нь хэн, хэнд нь амар. Гэхдээ жолооч нар хаана зогсоол байгааг мэдэхэд тун хэцүү. Учир нь мэдээлэл тун хомс болохоор тэр. Яг ийм сонголтыг олгодог нэгэн зогсоолын төлөөлөл бол Спортын төв ордны урд талын зогсоол. Ажлын өдрүүдэд 100 гаруй машин үйлчлүүлдэг гэх. Спортын элдэв тэмцээнтэй бол 200 гаруй машин үйлчлүүлдэг аж. Ажлын өдрийн дундаж орлого 180 мянга. Амралтын өдөрт 20-45 мянган төгрөг олдог гэх. Бүх мөнгө нь хот руу ордог аж.

“Хүмүүс анхандаа хэлэх хэлэхгүй үгээр хараадаг л байлаа. Чи хэн юм, хэний компани ингээд ашиг олоод байна. Гээд хэцүү байсан. Одоо ч гэсэн ийм явдал байдаг ч өмнөхөө бодвол харьцангуй гайгүй болсон. Омогтой нэг нь бол орж ирээд цохих нь холгүй байдаг. Зарим нь соёлтой байдаг л юм. Уг нь зөв боловсон үйлчлүүлээд мөнгөө төлөөд соёлтой үйлчлүүлбэл хэн, хэнд нь амар л байна. Одоо хотод зогсоол ховор байгаа шүү дээ” гэж Спортын төв ордны төлбөрт зогсоолын хураагч Д.Энхбаяр ярьсан юм.
    Нэг минутад хоёр машин. Спортын төв ордны төлбөрт зогсоолын хажууд таван минут саатахад ажиглагдсан үйлчлүүлэгчид. Ямар ч байсан хэрүүл хийгээд байсан жолооч харагдсангүй. Харин хураасан мөнгөөр юу хийж байгааг мөнгө хураагчаас асуух жолооч чамгүй байсан юм. Мэдээж мань хураагч яасныг нь үл мэдэх тул чимээгүй байх нь тодорхой. Өнгөрсөн зургадугаар сараас энэ зогсоолд тасалбар таслах автомат машин суулгажээ. “Энэ машиныг өнгөрсөн зургадугаар сард суулгасан. Өвөл яаж ажиллах юм бүү мэд” гэж Д.Энхбаяр ярьсан билээ.

Спортын төв ордноос хэдхэн алхамын цаана Хангарьдын зогсоол бий. Байдал бол өмнөх зогсоолоос огт өөр. Бараг секунд тутамд машин цуварна. Түүнээсээ ч болоод жолоочны бухимдал дээд зэрэгтэй. Арга ч үгүй юм. Зөвхөн зогсоолын төлбөрөө өгөхийн тулд 10 гаруй минут саатаж байгаа болохоор бухимдал байх нь тодорхой. Тийм ч учраас “зохион байгуулалттай байл даа” гэж загнах жолооч нар цөөнгүй. Гэхдээ мөнгө хураагчид хэлсэнийг нь сонсоод, үйлчлэхээс өөр сонголт байхгүй. Өдөрт 200 гаруй машин үйлчлүүлдэг гэх тооцоо гарсан. Гэхдээ өдөр бүр өөр. Ажлын сүүлийн өдөр болоод эхний өдөр тоо нь дунджаас дээр байдаг гэх. Амралтын өдөр мэдээж үйлчлүүлэгчид буурах нь тодорхой. Анх төлбөртэй болж байхад жолооч нарын зүгээс сайнаар харах нэг ч хүн байгаагаагүй  ч өнөөдөр байдал арай өөр болжээ. Гэхдээ шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг гэх.

“Өдөрт дунджаар 150-200 гаруй машин үйлчлүүлдэг. Хураасан мөнгө ямар ч байсан хотод, Авто замын газарт орж байгаа. Чухам юунд зарцуулагддыг мэдэх юм алга. Хүмүүс гомдол гаргах нь элбэг. Мөнгө хурааж яадаг юм, хэн идэж уугаад байна гэж хардаг хүн олон. Энэ бол 2012 онд НИТХ-ын төлөөлөгчдийн баталсан шийдвэр” гэж Хангарьд ордны төлбөрт зогсоолын зохион байгуулагч н.Одбаяр ярьсан юм.
    Жолооч нарын зүгээс төлбөрт зогсоол руу орох гэж ажлынхаа цагийг алддаг гэсэн шүүмжлэл байдаг. Учир нь зогссон машинууд гарах гэж бараг 10 гаруй минутыг зарцуулдаг болохоор тэр. Зогсоолын талбайг томосгох, зориулалтын тэмдэг, тэмдэглэгээг бий болгохгүй бол машинууд ч, явган зорчиг ч бухимдмаар дүр зураг ажиглагдаж байсныг нуух зүйлгүй. Төлбөр хураагчид нэгэнт робот биш учраас чадахаараа үйлчилнэ, бухимдсан жолоочид байгаагаар нь тэднийг л буруутгана. Энэ үйл явдал өдөр бүр давтагдана.

Хувийн зогсоол

Нийслэлийн даргын захирамжаар төлбөртэй болсон зогсоолуудад эрэлт их бий. Гэхдээ нийслэлийн зүгээс хийсэн ажлын нөлөөлөл хувийн байгууллагуудад ч нөлөөлөөд эхэлжээ. Нэг талаараа энэ сайшаалтай үйл явдал. Нөгөө талаасаа жолооч нарын шүүмжлэлийг дагуулсан үйлдэл. Учир нь мөнгө нь юунд зарцуулагдаж, үндэслэлтэй мөнгө аваад байна уу гэдгийг жолооч нар мэдэхгүй. Тийм ч учраас маргаан гарах нь цөөнгүй. Яг ийм зогсоолын төлөөлөл бол Улаанбаатар зочид буудлын өмнөх зогсоол. Зогсоолын мөнгө хураадаг хүний /өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцлав/ хэлж буйгаар хураадаг мөнгө бага гэх. Гэхдээ таван минутад 6 машин үйлчлүүлсэнийг нь бодвол мөнгөний хэмжээ арай өөрөөр тоологдож болох юм. Учир нь Тусгаар тогтнолын ордонд орох машинууд ч энэ зогсоолоор үйлчлүүлдэг аж. Хэрвээ тоглолт болоод ямар нэгэн хурал, зөвлөгөөнтэй үед мөнгө өсөх нь тодорхой. “Хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг. Жолооч нараас мөнгө хураагаад баяжиж байна гэж. Гэхдээ яг үнэндээ их мөнгө хураадаг зүйл байхгүй шүү дээ. Ихэнх нь Улаанбаатар зочид буудлын ажилчид, Тусгаар тогтнолын ордны хувийн машинууд байдаг болохоор төлбөр төлдөг жолооч гэж байдаггүй. Өдөрт яахав 20-40 мянган төгрөг олдог л юм” гэж УБ зочид буудлын төлбөр зогсоолын мөнгө хураагч Б ярьсан юм. 

Энэ хооронд маргаан дэгдлээ. 10 минут зогссоных нь төлөө нэг жолоочоос 2000 мянган төгрөг авах гэж байна хэмэээн жолооч маргаан дэгдээв. Энэ хугацаанд жолооч мөнгөө өгөхгүй гэж, төлбөр хураагч нар мөнгөө авна гэж багагүй хугацааг үдэв. Мэдээж хэнийх нь ялалтаар өндөрлөсөн нь тодорхой. Төлбөр хураагч нар 1000 төгрөг салгаад “нөхөр” жолоочийг явууллаа. Улаанбаатар зочид буудлаас урд талын зогсоолоо зохион байгуулалтад оруулахын тулд энэ зогсоолыг бий болгожээ. 1 цаг болоогүй жолооч нар мөнгө төлдөггүй гэх ч 30 минутын мөнгө болох 500 төгрөгийг 10,20 бүр таван минут байсан ч хамаагүй хураадаг ажээ. Улаанбаатарын зогсоол тэндхийн ажилчдын хэлж буйгаар жил хагасын нүүрийг үзэж байгаа гэх.

Хэдхэн гудамжны цаана “Цэцэг" төвийн зогсоол гэж бий. Улаанбаатарын урд талыг бодвол шинэхэн зогсоол. Цэцэг төвийн удирдлагууд өөрсдөө энэхүү зогсоолыг энэ сарын 7-ноос бий болгожээ. Бий болоод удаагүй ч эрэлтийн хувьд бусадтайгаа адилхан дүр зурагтай байлаа. Явган зорчигчдын хувьд нийтийн эзэмшлийн талбайг дураараа ашиглалаа гэж буруутгаж байгаа ч жолооч нарын талархалыг хүлээж байгаа ажээ. Гэхдээ машинд нь зураас гарчихсан байхад энэ зогсоолынхон хариуцдаггүй гэдэг нь маргаан үүсэх гол шалтаг болдог гэх.

“Манай ихэнх жолооч нар угаасаа төлбөртэй зогсоолд дургүй шүү дээ. Тиймдээ ч тэр үү над руу дайрах жолооч нар их байдаг юм. Миний хувьд гэвэл би Цэцэг төвөөөс цалингаа авч энэ зогсоолыг ажиллуулж байгаа. Маш эрэлттэй байдаг. Замын цагдаа нар ч энэ зогсоолыг сайшааж байгаа нь харагдаж байсан юм. Өдөрт 100 гаруй машин үйлчлүүлдэг дунджаар 60-70 машин тогтмол үйлчлүүлж байгаа” гэж төлбөр хураагч Б.Зоригоо ярьсан юм.

"Цэцэг" төвийн урд талын зогсоол шинэхэн ч гэсэн аль хэдийнэ тогтсон үйлчлүүлэгчтэй болж амжжээ. Замын эсрэг талд нь байх Төрийн банкны хэд, хэдэн машин уг зогсоолын идэвхтэй үйлчлүүлэгчид аж. Явган хүний гудамж талбай байхгүй гэж ихэнх иргэд шүүмжлэлтэй байгааг дээр дурьдсан. Гэхдээ ойр хавийг харвал зай талбайг ашиглаж, зогсоол барьсан нь илт мэдрэгдэнэ. Учир нь байрны дунд л жижиг зай байна уу гэхээс яг албан байгууллагын урд байгаа зогсоолыг та л лав харахгүй л болов уу…


Төлбөрт зогсоол ийнхүү их хотод амь орж байна. Яг ийм төрлийн 30 гаруй зогсоол Улаанбаатарт бий. Ихэнх нь олон нийтээс шүүмжлэл дагуулдаг ч, жолооч нарын хэрэгцээг хангаж байгаа гэдгээрээ эдгээрийг өмгөөлөх хүмүүс цөөнгүй. Аль альнаасаа бодсон ч төлбөртэй зогсоол бий болох цаг нь болсон. Гэхдээ анхнаасаа Улаанбаатарт барилгын зөвшөөрөл өгөхдөө зогсоолыг нь шийдэж өгөөгүйгээс төлбөртэй зогсоолын эрэлт хэрэгцээ гарсан нь тодорхой.  Барилга бүр доороо зогсоолоо шийдэж байвал хэн, хэнийхээ уцаарыг баралгүй үйлчилж болох, байгаа боломж нь энэ. Зохицохоос өөр аргагүй…

Жич: Хотоос яг энэ талаарх албан ёсны судалгаа гаргаагүй байна. Урьдчилсан тооцооллоор өдөрт 4,5 сая төгрөг хотод ордог гэх тооцоолол бий.

"Улаанбаатар" зочид буудлын төлбөртэй зогсоол. Өдөрөт дунджаар 20-40 мянган төгрөгний орлоготой


Спортын төв ордон: Уг төлбөрт зогсоолд 100-150, тоглолт, тэмцээнтэй үед 200 автомашинд үйлчилдэг

Сод Монгол компанийн төлбөрт зогсоол. Бусад шиг мөнгө олоод байдаггүй. Өдөрт 5-10 мянган төгрөг олдог…


Хангарьд ордны төлбөрт зогсоол 150-200 гаруй машинд нэг өдөр үйлчилдэг. Ачаалал ихтэй зогсоолуудын нэг

Цэцэг төвийн зогсоол 10,7-нд ашиглалтад орсон. Өдөрт дунджаар 80 гаруй машинд үйлчилдэг.

Сурвалжилсан: Б.СҮХ
Гэрэл зургийг: Б.БАТМӨНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж