Хэсгийн цагдаагүй сум ч байна

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Хэсгийн цагдаагүй сум ч байна

Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян саяхан Увс аймагт ажиллаад иржээ. Тэрбээр хөдөө орон нутаг дахь хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж тулгарч буй асуудлыг нүдээр үзээд иржээ. Тэрбээр энэ тухайгаа өгүүлэхдээ,

-Хөдөө орон нутагт хамгийн тулгамдаж буй асуудал бол боловсон хүчний тогтвор суурьшил юм байна. Увс аймагт, ялангуяа сумдад  цагдаагийн хэсгийн төлөөлөгч тотвортой ажиллахгүй байгаагаас сөрөг нөлөө их гарч байна. Огт хэсгийн төлөөлөгчгүй болчих тохиолдол ч байна. Тиймээс ажиллах хүнийг бэлтгэхэд  анхаарах цаг болжээ. Хөдөөд тэр дундаа алслагдмал аймаг, сумдад Улаанбаатар хотоос томилогдож очсон хүн идээшихдээ тааруу байдаг.  Гэр бүлээрээ очлоо гэхэд эхнэрийнх нь ажлын байр, хүүхдийн сургууль, цэцэрлэгийг шийдэж өгөөгүйгээс хэсгийн төлөөлөгч нар тогтвортой ажиллахгүй байна. Тиймээс энэ асуудлыг ХСИС-тай хамтран шийдвэрлэж болохоор санагдлаа. Цагдаагаар ажиллах хүсэлтэй нутгийн залуучуудыг аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран өргөдлөөр буюу гэрээгээр сургаж, буцаад орон нутагт нь томилж ажиллуулбал олон асуудлыг хамтад нь шийдэж болохоор байна хэмээлээ.

Түүнчлэн Увс аймагт бас нэг дутагдалтай орон тоо нь хөндлөнгийн хараат бус шинжээчийн /үнэлгээчин/ албан тушаал юм байна. Шинжээчээр ажиллаж байсан хүн өөр ажил албан тушаалд томилогдсон учраас одоогоор Тамгын газрын хэдэн ажилтан шинжээчийн үүргийг шүүгчийн захирамжаар гүйцэтгэж байгаа гэнэ. Шинжээчийг яаралтай томилохгүй бол  мэргэжлийн бус хүмүүсээр хөндлөнгийн шинжээч хийлгэж байгаа нь тун зохисгүй үзэгдэл гэж дэд сайд хэлсэн юм.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж